НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦИЙН ТАЛУУДЫН 17 БАГА ХУРАЛ (COP17)-ЫГ 2026 ОНД МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЛОО

Улс төр
Цөлжилтийн эсрэг конвенцийн дээд хэмжээний уулзалт 05 дугаар сарын 09-12-ний өдрүүдэд Төв Африкийн Абижан хотод болж, тус олон улсын арга хэмжээнд Монгол Улсын Засгийн гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол улсын Ерөнхийлөгчийн ногоон хөгжлийн зөвлөх Н.Батхүү нарын ажлын хэсэг оролцлоо.
Энэ удаагийн цөлжилтийн эсрэг конвенцийн талуудын 15-р бага хурал нь “Газар амьдарлын эх үндэс” уриан дор зохион байгуулагдаж, 189 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд нар гээд, нийт зургаан мянга орчим төлөөлөгч оролцож, дэлхийн уур амьгалын өөрчлөлт, дулаарал, ган, газрын доройтол тэр дундаа цөлжилтийн эсрэг авах хариу арга хэмжээнд дуу хоолойгоо нэгтгэлээ.
Энэхүү дээд хэмжээний уулзалтаар дэлхийн улс орон бүр цөлжилтийн эсрэг авч буй арга хэмжээгээ танилцуулж, сайн туршилгаа дэлхийн бусад улс орнуудад хуваалцаж байв.
Цөлжилт нь 21-р зуунд хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг болж байгаа юм. Өмнөд туйл буюу Антарктидаас бусад бүх тивд цөлжилт их бага хэмжээгээр нөлөөлсөн бөгөөд цөлжилттэй тэмцэх нь дэлхий нийтийн гол үүрэг болж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлт, дулааралтаас хамааран ган гачиг тохиолдох нь олшрохын зэрэгцээ хүний байгаль орчинд үзүүлж буй хэт дарамт их болсоноор цөлжилтийн аюул нүүрлэх боллоо гэж улс орнуудын төлөөлөл салбар хуралдаануудаар хөндөж байв.
Түүнчлэн Дэлхийн уур амьсгалын дулаарал нь бүс, нутаг, газар орны байршлаас хамаарч олон янз байдлаар илэрч байна. Монгол орны хувьд, нийт газар нутгийн 76,9 хувь нь цөлжилтөд их, бага хэмжээгээр өртөөд байна.
Мөн хамгийн том асуудал бол Монголын тэгш өндөрлөгийн гол түлхүүр экосистем болох хээрийн экосистем цөлжилтийн үйл явцад улам бүр эмзэг болж буй явдал юм. Цөлжилт, газрын доройтлын улмаас Монгол орны хамгийн гол экосистемүүд болох ус, намгархаг газар, өндөр уулын экосистемүүд мөн хувьсан өөрчлөгдөх болсон төдийгүй усны эх үүсвэр болсон экосистемийг хамгаалахад энэ удаагийн уулзалтын сэдэв болон газар, түүний ашиглалт, эрх зүйн байдал чухал нөлөөтэйг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ сайд нарын дугуй ширээний уулзалтын индрээс онцолж байлаа.
Түүнээс гадна тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол улс сүүлийн 40 жилийн хугацаанд нийт цэвдгийнхээ 50 орчим хувийг алдсан гэдэг нь судалгаагаар тогтоогдоод байна. Энэ нь умард бүсийн цөлжилт, газрын доройтлыг буруулахад хөрсний менежментийг чухалчлан анхаарах шаардлагатайг харуулж байна гээд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл хэрэгжүүлж, энэ ажлын хүрээнд тэрбумаар тоологдох мод тарих нь газрын харилцаа, газрын бодлого, ашиглалт, тогтвортой эдийн засгийн хөгжил, хүний эрх ба газар зэрэг асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой бөгөөд газартаа хөрөнгө оруулах эрхийн баталгаа болно гэж харж байна гэсэн юм.
Мөн энэхүү үндэсний хэмжээний санаачилга нь зөвхөн Монгол Улсын тэгш өндөрлөгийн ногооруулах бус гурван усан хагалбарын эх нутгийг ногооруулж буй бөгөөд уг том зорилтын өгөөж нь экосистемийн урсгалаар Зүүн хойд Азийн хэмжээнд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх юм гээд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлт байгаагаа дэлхийн 180 гаруй улс орны төлөөлөгчдөд тэрбээр сонордууллаа.
Эх байгальд хил хязгаар байхгүй учраас Монгол улсын зүтгэл, оролдлого даян дэлхийн тогтвортой ногоон хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа тэрбээр хэлсэн үгэндээ онцолсон юм.
Ингээд, 189 орны зургаан мянга гаруй төлөөлөгчид хэлэлцэж, санал хураалт явсны эцэст НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахыг Засгийн газрууд дэмжиж, албан ёсоор баталлаа.
Харин дараагийн буюу 16 дугаар талуудын бага хурал Саудын Арабын Хаант Улсад зохион байгуулагдахаар талууд санал нэгдэв.
 
 
 
 
 
 
 
 
 
+20