Д.Сумъяабазар: Нийтийн тээврийн 70, хүүхдийн 75 автобус ирэх сараас үйлчилгээнд явж эхэлнэ

Улс төр

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаарх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, үүрэг чиглэл өгчээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын зүгээс танилцуулга хийлээ.

Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн 1,200 орчим тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа. Тиймээс хотод нэн шаардлагатай байгаа тээврийн хэрэгслийн парк шинэчлэлийг хоёр үе шаттай хийж хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсөн.

Нийтийн тээврийн стандартын дагуу байх шаардлагатай тоо хэмжээ нь 1,432 ширхэг автобус гэдгийг Засгийн газарт танилцуулсан. 50 хувийг нь энэ жил шийдээд, үлдсэн 50 хувийг 2023, 2024 онд шийдэж нийтийн тээврийн асуудлыг бүрэн шийдэх чиглэл өгсөн.

2021 оны улсын төсөвт 60 орчим нийтийн тээврийн автобусыг шинээр суулгасан хэдий ч цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл, тээвэр ложистикийн гацалтаас үүссэн асуудал гарсан. 

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд-Эрээн боомтод нийтийн тээврийн 70 автобус ирсэн. 75 хүүхдийн автобус хил дээр ирчихсэн татан авалт хийж байна. Эхнээсээ татан авалт хийж байна. Сарын хугацаанд татан авч үйлчилгээнд явуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 2022 оны төгсгөлд ашиглалтаас хасагдах 975 тээврийн хэрэгсэл байна" гэлээ. 

Хотын зүгээс парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 591 автобусыг олон улсын санхүүгийн хэлбэрээр авна. Хоёр жилийн хугацаатай авсан 40 орчим сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг өөрийн ашиглалтаар нь төлж дуусгах санхүүгийн схем гаргасан гэдгийг мөн хэлэв.