Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Улс төр

 

    Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.05.12) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гурван  асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

   Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  

   Тогтоолын төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут тус тус таницлууллаа. 

     Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн гэдгийг А.Ариунзаяа сайд танилцуулгадаа онцлоод тогтоолын төслийг боловсруулахдаа хуульд заасан шаардлагын дагуу Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг дунд хугацааны бодлогын баримт бичгүүд болон Шинэ сэргэлтийн бодлогын дунд хугацааны зорилтот хөтөлбөртэй тус тус уялдуулан боловсруулсныг дурдав.

   Түүнчлэн Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхойлсон төсөв, өр, гадаадын зээл, тусламжийн хязгаарт багтаан 2022 оны төсвийн тухай хуульд тусган хэрэгжүүлж байгаа болон 2023 онд шилжүүлэн дуусгах төсөл, арга хэмжээтэй уялдуулах, төр хувийн хэвшлийн түншлэл, хувийн хөрөнгө оруулалтын орон зайд нийцүүлэх зарчим баримталсан гэж байлаа.

    Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд яам, агентлаг болон нутгийн захиргааны байгууллагаас нийт 41.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдсан 643 төсөл, арга хэмжээний санал ирүүлснийг Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлага болон төлөвлөлтийн арга зүйг баримтлан хянаж, тогтоолын төслийг боловсруулсан. Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, иргэн төвтэй хөгжлийг дэмжсэн засаглалын бодлого, ногоон хөгжил, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах бодлого, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн таван бүлгийн хүрээнд хэрэгжүүлэх 18 зорилго, 75 багц арга хэмжээ тус бүрийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт, хэмжих нэгж, суурь болон зорилтот түвшин, санхүүжилтийн эх үүсвэр, хариуцах байгууллагыг тодорхойлсон гэдгийг А.Ариунзаяа сайд танилцуулгадаа онцолсон.


    Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд  нийтдээ 15 их наяд 137 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдана. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 887 тэрбум 663 сая төгрөг,  гадаадын зээл, тусламжаар 1 их наяд 646 тэрбум 452 сая  төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 420 тэрбум төгрөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 6 их наяд 34 тэрбум 196 сая  төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4 их наяд 197 тэрбум 236 сая төгрөг, бусад эх үүсвэрээс 951 тэрбум 458 сая төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн гэж байлаа.

     “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Улсын Их Хурлын гишүүн Л.Батлут танилцуулгадаа тодотгов. Мөн тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах болон хэрэгжилтийн биелэлтийг дүгнэх нэгдсэн бодлого, аргачлалтай байх, 2020, 2021 онуудын төлөвлөгөөний дутуу хэрэгжсэн асуудпуудыг тусгах, төлөвлөгөөний төсөл дээр хэт ерөнхий юм тусгасан байгааг анхаарах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар тогтоолын төсөл дээрх хөрөнгө оруулалтын тооцоог ажлын хэсэг дээр задлах боломжгүй тул хуулийн хүрээнд нягталж ажиллах, жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээрх асуудлыг төсөл дээрээ тусгаж дэмжих хэрэгтэй зэрэг саналыг хэлсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

 


    Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч салбар хариуцсан сайд, дэд сайдууд нь хүрэлцэн ирж амжаагүй байгаа тул төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулсан хэдий ч  уг асуудлыг 7 хоног хойшлуулах горимын саналыг дахин  гаргаж, санал хурааж шийдвэрлэхээр тогтлоо.