Ким Жон Ун дахин "алга болж", түүний дүү анхаарлын төвд оров

Дэлхийн мэдээ

Солонгосын хойгийн хамгийн анхаарал татсан асуудлуудын нэг нь БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны учир битүүлэг “алга бололт” бөгөөд түүний дүү охин Ким Ёо Жоны оролцоо шийдвэр гаргах түвшинд нэмэгдсэн явдал юм. Хойд Солонгосын удирдагчийн хүчирхэг дүү охин өнгөрсөн Лхагва гаригт үндэстний төрийн мэдээллийн хэрэгслүүдээр “Өмнөд Солонгосын засгийн газрын Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хэлэлцэх тусгай элч илгээх саналаас "бүрэн татгалзсан" талаар мэдээлсэн билээ. Үүний зэрэгцээ Хойд Солонгосын удирагч сүүлийн хэдэн долоо хоног хэд хэдэн мэдэгдэл хийснийхээ дараа ор сураггүй болсон асуудал олон улсын анхаарлыг ихэд татаж байна.

Сүүлийн үеийн зарим мэдээллээр, Хойд Солонгосын удирдагчийн хувийн тийрэлтэт онгоц Лхагва гаригт Өмнөд Хамгён мужийн Хамхуны зүг нисч буйг харуулсан дүрс бичлэгийг Шведийн flightradar24 цахим хуудаст байрлуулсан байна. Түүнийг шумбагч онгоц хөөргөсөн баллистик пуужингийн туршилтын талбайд очихоор явсан гэж зарим хүмүүс таамаглажээ.

Өнөөдрийн байдлаар зарим шинжээчдийн үзэж буйгаар БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын удирдагчтай яриа хэлэлцээ хийх үүд хаалга бүрэн нээлттэй байгаа аж.

Сөрөг хүчний нэгдсэн ирээдүйн консерватив намын дарга Тэ Ён Хо гэнэт гарч ирсэн нь Хойд Солонгост удирдлагын шинэ бүтэц бий болж буйг харуулж байна хэмээн дүгнэхэд хүргэжээ.

БНАСАУ: СОЛОНГОСЫН ХОЙГТ ДАХИН ДАЙН ДЭГДВЭЛ АНУ-ЫГ УСТГАНА

Хойд Солонгосын дипломатч асан фэйсбүүктээ "Өнөөдрийг хүртэл Хойд Солонгосын зэвсэгт хүчнийг Ким Жон Унаас өөр хүн удирдаагүй бол одоо тэнд Ким Ёо Жон байна" гэж бичсэн байна. Хойд Солонгос удирагчийн дүү Ким Ёо Жон өөрийн үгээр улс орныг бүхэлд нь хөдөлгөж, нам, цэрэг армиа төдийгүй гадны байгууллагуудыг ч хөдөлгөж чадах шинэ тушаалын бүтцийг сурталчилж байна” гэж шинжээчид мэдээлжээ. Хойдууд Солонгосын хойгт дахин дайн дэгдсэн тохиолдолд АНУ-ыг устгана хэмээн сүрдүүлэв. Орост суугаа БНАСАУ-ын Элчин сайдын яамнаас Солонгосын дайн эхэлсний 70 жилийн ойг тохиолдуулан гаргасан мэдэгдэл "Энэ жил Америкчууд Өмнөд Солонгост цэргийн элдэв сургуулилт хийж, БНАСАУ-д даруй цохилт өгөхөөр Америкийн зэвсэгт хүчнийг Солонгосын хойгт байрлуулах нь эдгээр сургуулилтын зорилго юм" гэж дипломатчид тэмдэглэсэн байна. Мөн “БНАСАУ руу гар далайхаар зүрхлэх этгээдийг гэсгээн цээрлүүлж чадах цөмийн пуужин Хойд Солонгост бий" гэж Элчин сайдын яам дурджээ. “Солонгост дахин дайн дэгдвэл АНУ гэдэг эзэнт гүрнийг эцэс болгох онцгой явдал хүн төрөлхтөний түүхэнд бичигдэнэ” гэж Пхеньяны төлөөлөгчид мэдэгдсэн байна.

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Сон Гвон зургадугаар сарын 12-нд “Сүүлийн хоёр жилд Хойд Солонгос, АНУ-ын харилцаа ямар ч найдваргүй болсон " гэж мэдэгдсэн билээ. Солонгосын хойгийн байдал өдрөөс өдөрт дордож байна. Америк, Солонгосын удирдагч Дональд Трамп, Ким Жон Ун нарын 2018 оны анхны уулзалтаас төрсөн итгэл найдвар цөхрөлөөр солигдож, тайван нөхцөлд цэцэглэн хөгжинө гэсэн өөдрөг бодлын оч гутрангуй бодол төрүүлсэн аймшигт явдлын түрэлтэд бөхсөн юм” гэж сайд хэлсэн байна.

Хойд, Өмнөд Солонгосын дайн 1950 оны зургаадугаар сарын 25-наас 1953 оны долоодугаар сарын 27-нд үргэлжилсэн юм. Хойд Солонгост ЗСБНХУ, Хятад хоёр туслаж, харин АНУ, Их Британи болон бусад орон НҮБ-ын далбаан дор Өмнөдийн талд дайнд оролцсон билээ. Гурван жилийн хугацаанд 1.3 сая орчим солонгос хүн алагдаж, шархдаж, америкийн тал мөргөлдөөнд 36.6 мянга орчим цэргээ алджээ. Дайн 1953 онд гал зогсоосноор дуусч, энэ нь өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа юм.

Эх сурвалж: KCNA, KOREATIMES, REUTERS