Д.Цогтбаатарын жолооч хар тамхины хэргээр 11 жилийн ял сонслоо

Эрэн сурвалжлах

ХБНГУ-ын Дрезден хотын шүүх 2019 онд 70 кг хар тамхи зөөж явсан Монголын хоёр дипломатчийг хар тамхи зөөвөрлөж явсан нь нотлогдсон гэж үзэн тус бүр 11 жилийн хорих ял оноов.

Сандал ширээтэйгээ зууралдан улайран сонгуульдаж буй Д.Цогтбаатар сайдыг нэг намынх нь нөхөр Т.Аюурсайхан гишүүн “Оффшор дансан дахь мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарла, УИХ-ын гишүүнээс татгалз” хэмээн улалзтал хэлж байсан бичлэг цахим орчинд бий. Нээрээ ч Д.Цогтбаатар оффшорт данстай нь илэрч, мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй баларч байсан ч цагийн аясаар мартагдах тийшээгээ ханджээ. Гэвч 2019 оны эхээр Истанбул дахь дэд Консул Н.Баттүшиг, Д.Цогтбаатарын жолоочоор ажиллаж байсан С.Эрдэнэбаяр нар Герман руу 70 кг героин тээвэрлэж яваад баривчлагдсан.

Н.Баттүшиг бол Д.Цогтбаатарын баруун гарын хүн Б.Баярсайханы баз хүргэн нь аж. С.Эрдэнэбаяр бол ойлгомжтой. Аль 2009 онд Д.Цогтбаатар Гадаад яамны ТНБД-аар томилогдохдоо өөрийн жолоочоор сонгон нөхөрлөж эхэлсэн байдаг. С.Эрдэнэбаяр Д.Цогтбаатарын 2010.07.28-ны Б/172 тоот тушаалаар Торонтод, 2010.12.31-ны өдрийн Б/412 тоот тушаалаар өөрийнх нь жолоочоор, 2011.03.18-ны өдрийн Б/35 тоот тушаалаар Лондонд, 2017.08.07-ны өдрийн Б/106 тоот тушаалаар сайд Д.Цогтбаатарын жолоочоор, 2018.08.14-ний өдрийн Б/154 тоот тушаалаар Истанбул дахь Ерөнхий Консулын газарт жолоочоор тус тус томилогджээ. Гайхалтай байгаа биз. Хүссэн үедээ гадаадад, хөөгдсөн үедээ Монголд ирж Д.Цогтбаатар сайдын жолооч болдог. С.Эрдэнэбаяр очсон газар болгондоо Элчин сайдынхаа үгэнд оролгүй томордог тухай Элчин сайд асан Т.Залаа-Уул нүүр номондоо бичжээ.

Мөн 2009 онд Д.Цогтбаатарыг ТНБД байхад Польшийн Цагдаагийн газраас ГХЯ-нд ирсэн 69 хүний нэр бүхий материал дотор түүний хайрт жолооч С.Эрдэнбаярын нэр байсан учраас нам дарсан нь өнгөрсөн онд илэрсэн юм. Германчууд С.Эрдэнбаярыг зургаан удаа нутагт нь хар тамхи тээвэрлэн орсныг илрүүлжээ. Бичвэрийн эхэнд өгүүлсэнчлэн Д.Цогтбаатарын оффшор дансан дахь мөнгөний эх үүсвэр хар тамхины картелиас орж ирсэн байж болзошгүй. Энэ сэжгийг батлах мэт Д.Цогтбаатар сайд 2019 оны хоёрдугаар сард Мюнхен, Венад хуралд оролцох нэрийдлээр Европыг зорьсон байдаг. Германд очиж жолоочдоо өмгөөлөгч хөлсөлсөн төдийгүй, Прагад дуудан өмгөөлөгчтэйгөө жолоочийнхоо мэдүүлгийг үгсэн тохирсон тухай эх сурвалжийн мэдээллүүд хэвлэлээр гарсан удаатай. Мөн дэд консул Н.Баттүшиг “Энэ хар тамхи Монголын Засгийн газрынх” гэж мэдэгдсэн нь тархи ажиллуулна. Мэдээж Ерөнхий сайд тэдэнд үүрэг өгнө гэж юу байхав. Шууд хариуцдаг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар холбоотой байж болох уу. Түүний оффшор дахь дансанд орсон мөнгө С.Эрдэнэбаяраар дамжин олон улсын хар тамхины картелиас орж ирэв үү. Ер нь оффшор дансанд бохир мөнгө л хадгалагддаг шүү дээ.