Оросод 20 мянган тонн түлш гол руу асгарсан хэрэг гарчээ

Дэлхийн мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сибирийн Норильск хотод онц байдал зарлах болсноо өчигдөр орой мэдэгджээ. Учир нь тус хотод орших нэгэн цахилгаан станцаас ойролцоох гол руу 20 мянган тонн түлш асгарсан ноцтой хэрэг гарсан байна.

Байгаль орчин хамгааллын газраас энэ бол маш их хохирлыг дагуулж болох “гамшигт үзэгдэл” хэмээн тодорхойлсон бөгөөд гол руу асгарсан түлш буюу бохирдуулагч бодисыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэдэн мянга дахин их давсан байгааг онцолж байна.

Цахилгаан станцын ажилчид анх асгарч буй түлшийг өөрсдөө зохицуулан хаахаар оролдсон бөгөөд болсон явдлыг хоёр өдрийн турш яаралтай тусламжийн газарт мэдээлэхгүй орхисон байсан гэж Путиний даргалсан лхагва гарагийн хуралдааны үеэр Онцгой байдлын яамны дарга Евгений Зиничев мэдэгдлээ. Мөн тэд энэ талаар зөвхөн цахим орчинд цацагдаж байсан мэдээллээс л олж мэдсэн хэмээн тайлбарлажээ.

Тус хэргийг Оросын хууль сахиулах дээд байгууллага болох Мөрдөн байцаах хорооноос шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа бөгөөд одоо түлшийг голын уснаас ялган сорж, цэвэрлэх ажиллагаа явагдаж байна гэжээ.

Орон нутгийн удирдлагуудын хэлснээр тус голыг хаах зам байхгүй мөн навигаци хийгдээгүй тул бүрэн цэвэрлэтэл хэдэн долоо хоног шаардлагатай гэж байсан юм. Түүнчлэн бусад бүсүүдийн шинжээчдийг авчирч ажиллуулах болсон байна.