Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлттэй танилцлаа

Улс төр

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы  өндөөрийн (2020.05.14)  нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэг,  32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 03 дугаар дүгнэлтийн  хэлэлцүүлгээр үргэлжлэв. 

Цэцийн дүгнэлтийн талаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Буяндэлгэр танилцуулсан. Үндсэн хуулийн  цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29  дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал ...  хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна.

Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... үзэл бодол ...-оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй.

Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”,  мөн зүйлийн 10 дахь заалтын “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. ...”,  Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “УИХ-ын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэжээ.  

Мөн Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.”, мөн зүйлийн 32.3.11 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “УИХ-ын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэж заасныг тус тус зөрчөөгүй гэж үзсэн байна. 

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй.