Сайн хүү Б.Идэр-Од

Бусад

Э.БАТ-ЭРДЭНЭ

Б.Идэр-Одыг уншигчид “С1” телевиз, “Старт ап Монголиа” ТББ-ын хамтран бэлтгэсэн “Бизнесийн гараа” цуврал нэвтрүүлгийг хүргэхийн сацуу “Монгол HD” телевизийн зохион байгуулсан “Шарк танк” нэвтрүүлгийг хөтлөн үзэгчдийг дэлгэцийн өмнө “уясан”-аар нь таних биз ээ. Тэрбээр шаггүй бизнес эрхлэгчийн дээр туршлагатай багш. Түүнчлэн хоббигоороо сүүлийн үед залуусын сонирхлыг татаж буй хошин урлагийн нэг төрөл болох стэнд ап комедиогоор үзэгчдийг хөгжөөгч нэгэн.
Улсын тоо, физикийн 11 дүгээр дунд сургуулийг төгссөн. Төгсөх үед нь 500 орчим сурагчтай байсан. Дараа нь АНУ-ын 30 мянга орчим сурагчтай Канзасын их сургуулийг төгссөн. Канзас муж нь газар зүйн байрлалын хувьд АНУ-ын яг гол цөм буюу тэг бүсэд нь байдаг. Энэ нь Дэлхийн II дайны үеэс болоод АНУ цэргийн бөмбөгдөлтөөс стратегийн чухал салбаруудаа хамгаалах үүднээс, ялангуяа нисэхийн салбар өөрөө цэрэг батлан хамгаалахын салбартай холбоотой байдаг учраас энэ салбарын гол үйлдвэрүүдээ төвлөрүүлсэн байдаг. “Hawker Beechcraft”,“Boeing” компанийн их биеийг хийдэг “Spirit Aerosystems” гэх мэт олон компани Канзас мужид байдаг. Үүнийг дагаад бас тус мужид нисэхийн инженерийн факультетүүд нь сайн хөгжсөн. Тийм учраас энэ сургуулийг сонгож суралцахаар явж байжээ.
АНУ-ын Канзас мужийн Канзасын их сургуульд инженерийн мэргэжлээр таван жил сурч төгссөн. Тухайн үед сургуульдаа ганцаараа бакалаврын зэргээр сурч байсан монгол оюутан байсан гэнэ. Тэр үед 100 гаруй орны бакалаврын оюутнуудын дунд зуны зугаалга болсон юм. Зугаалга дээр орон бүрийн оюутан заавал нэг авьяасаа үзүүлэхээр болжээ. Түүний хувьд хэзээ ч урлагийн авьяастай хүүхэд байгаагүй гэнэ. Бодож бодож мэддэг хэдэн орос, монгол онигоогоо казахстан найзууддаа ярьж өгч тэд ч “Болж байна, инээдтэй байна. Англиар ярь” гэсэн. Тэгээд л тайзан дээр гараад гурав дөрвөн онигоо ярилаа. Америк оюутнуудад маш их таалагдсан. Дараа нь хоёр америк найз маань над дээр хүрч ирээд “Идэрээ, чи ер нь юу хийж байгаагаа мэдэж байна уу” гэхэд “Би мэдэхгүй байна аа, би онигоогоо англиар л ярьсан шүү дээ” гэсэн. Хариуд нь надад “Үгүй ээ, чиний ярьсан зүйл бол “Stand up comedy” гээд урлагийн нэг хэсэг. Ганцаарчилсан хошин шогийн төрлийн ярианы урлагийг судлаач” гээд youtube дээрх хэдэн линк өгч билээ. Тэгж анх оюутан байхаасаа судалж эхэлсэн. Монголд ирээд нэг өдөр ажлаа тараад явж байгаад “Basement’’-д хэсэг залуус комеди хийж байхтай таарч, өөрийгөө танилцуулснаар элсэж байсан даа гэв.

Америкт 100 хувийн тэтгэлэг аваад аавтайгаа инээлдэж байсан тэр мөч: Ээж минь “Хүн аз жаргалтай амьдарч байвал тэр нь хамгийн том амжилт шүү” гэж хэлдэг. Азаар би аав, ээжийнхээ буянд багаасаа санаа зовох зүйлгүй, аз жаргалтай амьдарсан. Ажил карьерын хувьд гэвэл 100 хувийн тэтгэлэг аваад Америкт таван жил сурч байсан минь хамгийн аз завшаан, амжилт бүтээл огтлолцсон мөч байсан юм. Би тэр оройг их сайн санадаг юм. Хойд аав минь америк хүн. Сургуулиас ирсэн “Баяр хүргэе. Та 100 хувийн тэтгэлэг авсан” гэсэн цахим шууданг аавтайгаа хамт уншиж байлаа. “Хоёулаа өнөөдрөөс эхлэн өдөр болгон “ХАХА” гэж инээх болноо” гэж бие биедээ хэлээд чанга инээлдэж байснаа их тод санадаг. Тэр бол хамгийн гоё мөч.

Цэвэрхэн, энгийн: Манай нэг найз “Ямар ч стильгүй хувцаслах нь миний стиль” гэж хошигнодог. Түүн шиг би гадаад үзэмжээ энгийн байлгахыг хичээдэг. Саяхан айхтар стильтэй, цаг үеийн хандлагыг соргог мэдэрдэг эмэгтэй найзаасаа “Үсээ яаж засуулах вэ. Яавал зүгээр вэ. Би арай хоцрогдоод байгаа юм биш биз?” гэж асуулаа. Гэтэл “Үгүй ээ, болж л байна шүү дээ. Эрэгтэй хүн цэвэрхэн байхад л болно” гэж хариулсан. Тэгэхээр миний хэв маяг бол цэвэрхэн, энгийн байх юм.

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ
Чамд итгэл бэлэглэх хүнийг өөртөө ойрхон байлга миний бодлоор хүн зөвхөн дотроосоо өөртөө итгэх итгэлийг төрүүлж чадахгүй гэж боддог. Хүнд итгэлийг эргэн тойрныхон нь өгдөг. Өөрөөс чинь илүү гэрэлтэж буй хэн нэгэн бэлэглэдэг. Тэр гэрэл рүү чи л тэмүүлж байх хэрэгтэй. Чамайг ангийхан чинь насаар чинь царай муутай гэж шоолсон бол чамайг өвөрмөц царайтай, бусдаас өөр, чиний энэ чинь гоё гэж хэлэх тэр хүнийг өөртөө ойрхон байлгаарай. “Би чинь дажгүй охин байсан байна ш дээ” гэх бодол, итгэлийг тэр хүн чамд өгч байгаа. Надад итгэл, урам зориг өгч сумладаг, дутагдлыг минь эвтэйхнээр ойлгуулдаг хүмүүстэй би ойр байхыг хичээдэг.

Миний хувьд 9.00:11.00 болон 15.00:17.00 цаг хамгийн бүтээмжтэй цаг болсон. Юун түрүүнд өдөрт найман цаг ажиллаж, мөн тодорхой цагт унтах шаардлагатай гэж боддог. Өөртөө хамгийн багадаа нэг цагийг зориулахыг хичээдэг. Тэр цагтаа юу ч хийхгүй байсан ч болно. Ямар ч зорилгогүй телевизийн нэвтрүүлэг үздэггүй. Гар утасны хэрэглээгээ багасгамаар байвч ажлын шаардлагаар чадахгүй л байна. Өглөөний 9.00-11.00, өдрийн 15.00-17.00 цагийн хооронд хамгийн эрч хүчтэй, анхаарал төвлөрдөг учраас гол ажлуудаа тэр үеэр нугалахыг зорьдог. Найзуудтайгаа уулзахдаа уйтгартай кофе шопт өнгөрөөхөөс илүү хэн хэнийхээ эрүүл мэндэд ашигтай хамт алхах зэргээр идэвхтэй байж, ажлаа амжуулахыг эрмэлздэг. Шаардлагагүй бол мессежээр харьцахаас илүүтэй шууд утсаар ярих нь амар байдаг.

Миний бизнес болох “Call Pro” компани, “Faro” сургалтын төв маань энэ жил зургаан нас хүрч байна. Бизнесийн хувьд борлуулалт, мөнгөн эргэлт гэх мэт зүйлсийг гурваас олон жилээс илүү хугацаанд төлөвлөх боломжгүй гэж боддог. Магадгүй том корпорациуд 20 жилээр төлөвлөдөг байх. “General Electric” гэхэд 20 жилээр санхүүгийн төлөвлөгөөгөө гаргадаг гэж сонссон. Би бизнесийг гурван жилээр, хувь хүний зорилгыг 10 жилээр төлөвлөдөг. Гэр бүл, хайр дурлалын асуудал дээр Баабар гуайн хэлсэн “Биологийн процессыг төлөвлөдөггүй юмаа” үгтэй санал нийлдэг. Гэр бүлийн асуудал дээр ямар ч төлөвлөгөөгүй явдаг. Олон ажлыг зэрэг амжуулахын тулд олон баг, хамтрагчтай байх хэрэгтэй. Үндсэн суурь нь харилцаа юм. Зөв ойлголцох, зөв мэдээлэл солилцох, зөв ажлыг зөв хүндээ даалгах гэх үндэс суурин дээр олон ажил амжуулж болдог. Би хувьдаа нэг хүн олон ажлыг амжуулдагт итгэдэггүй. Нэг хүн олон хүнтэй зөв харилцаж олон ажил амжуулдаг гэвэл харин үнэн байх.

Би Англи хэлийг маш сайн эзэмшсэн. Энгийн харилцан ярианы хэмжээнд Герман, Орос хэлтэй. Сүүлийн үед Солонгос, Япон хэлийг ярианы төвшинд сурмаар байгаа. Хэл сурах гэж байгаа хүн хамгийн түрүүнд үг цээжлэх техниктэй байх ёстой. Зарим хүн бичиг цаасны аргаар сайн сурдаг бол зарим нь ярьж, сонсох нь үр дүнтэй байдаг. Тиймээс өөрийгөө тодорхойлоод ярьж сурдаг бол гадагшаа явж, жуулчны хөтөч хийж, өөрийгөө тухайн орчинд нь оруул. Харин орчуулга хийх нь үр дүнтэй байдаг, хүн мэр­гэж­лийн­хээ дагуу болон сонирх­лоо­роо амьдралд наал­дац­тай бичиг цаастай зуу­рал­даа­рай. Томчуудын хувьд Монголд дүрмийн сургалтаа сайн ав­чихаад гадаад руу явбал илүү үр дүнтэй байдаг шүү. Хүүхдүүд бол шууд явж болж байна. Би бол бичгийн төрлийн хүн. Орчуулга хийхээр их зүйлс сурдаг.

 

Юм хийж байгаа хүн л алдаа гаргадаг. Юу ч хийхгүй бол огт алдахгүй. Тиймээс хөдөлмөрлөөд алдсан бол хоосон шүүмжийг сонсох хэрэггүй. Алдааг чинь олзолж, алхам болгоныг чинь өөлж бурууг чинь дахин дахин батлах гэж оролддог хүмүүсээс зайгаа ав. Мэдээж гаргаж болохгүй алдаа гэж бий. Жишээ нь хамгийн хайртай хүмүүсээ, ээж аавыгаа битгий гомдоо. Харин ажил дээр бол буруу ойлголцоод гомдох үе гарна. Тэр бол асуудалгүй, байх ёстой л зүйл гэж боддог. Надад өөрт бол харамсаад гуниад байх хэмжээний алдаа байхгүй ээ. Гагцхүү алдаанаасаа сургамж авахгүй бол тэр чинь жинхэнэ алдаа болно. Түүний ажлын гараа болон бизнес тийм ч амжилттай эхэлж байсангүй хоёр ч удаа бүтэлгүйтэж. Оюутан байхдаа АНУ-аас хувцас оруулж ирэн хувцасны дэлгүүр ажиллуулах гээд бүтэлгүйтсэн. Дараа нь цахим аппликейшн хийдэг компани байгуулаад мөн дампуурсан. Нэгдүгээрт, зорилтот зах зээл нь гадаадад, хоёрдугаарт, тооцоогүй байснаас болж алдсан. Америкчууд “Ашгүй залуудаа алдаад авчээ. Үүн шиг үнэтэй сургамж гэж юу байх вэ” гэдэг. Туршлага болоод л үлдсэн дээ.

Миний хувьд “Ажлын дүрэм” гэх “Google” компанийн хү­ний нөөцийн тухай ном их зүйлийг бодогдуулж байгаа. Хүн бол­гон адилгүй, тэдгээр ондоо хүмүүс яаж нэгдэж, нэг ажлыг хий­дэг юм бэ? Зөв зохион байгуулъя гэвэл хүн өөрөөсөө гадна бус­дыг танин мэдэх шаардлагатай болдог. Сүүлийн үед на­дад хамгийн их бодогдож байгаа зүйл бол бусад хүнийг яаж зө­вөөр ойлгодог болох вэ гэсэн асуудалд илүүтэй төвлөрч байна.

 

Монгол залуус олон улсын хэмжээнд үнэлэгдээд мундаг явж байгаа жишээ олон байна. Боксчин Төгсцогт их үлгэр жишээ хүн санагддаг. Үнэхээр даруухан залуу. Яг л Боксын холбооны дүрэм журмаар карьераа босгоод явж байгаа. Бэлтгэлээ олон улсын стандартад нь өрсөлдөхүйц хэмжээнд хийгээд, өөрийнхөө цагийн менежментийг сайн хийгээд явж байна. Түүн шиг бокс дээр Төгсцогт гэж байгаа бол танд нэг зүйл дээр гарч ирэх боломж байна. Залуус их ажлыг амжуулна гэхээс илүү би юу хийвэл онох бол гэж сайн бодож, бага багаар олон удаа туршиж явах нь илүүтэй чухал юм шүү. Би бол бүжиглэж дуулж чадахгүйгээ мэдэж байсан учраас комедиан болсон. Тиймээс өөрт тань ч гэсэн тийм гарц байгаа. Технологи, ялангуяа мэдээллийн технологийг гүн ашигладаггүй юм гэхэд маш сайн ойлгочих. Хоёр дахь зүйл нь заавал англи хэлтэй байх шаардлагатай. Монголд ямар ч бизнес эхэлье гэсэн түүнтэй нь төстэй маш сайн хөгжөөд алдаад оночихсон бизнес гадны зах зээл дээр олон байдаг. Түүнийг судлахад наад зах нь англи хэлний мэдлэг хэрэгтэй. Харин Монголын хөрсөн дээр дотоодын түүхий эдээ ухаалгаар ашигласан, газар нутаг соёлын онцлогоо уран ашигласан, дээрээс нь эрүүл мэнд, энэ нь зөвхөн бие махбодоор тогтохгүй сэтгэл зүй эрүүл мэнд хослуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргавал боломж байгаа гэж харагддаг. Гол нь ээж аавыгаа гомдоочихгүй хэмжээнд байж, алдах юм аа алдаад урагшаа яваарай гэж хэлье.