Миний анхны шинэ жил

Бусад

  Цагаан цас хаялан бударч “ABBA” хамтлагийн  Happy New Year” дуу цаг үргэлж эгшиглэх энэ үед шинэ жил болох цагийг илтгэж байна гэдгийг бялчир би яахан мэдэх билээ. Жил бүр телевизээр гардаг гэртээ ганцаараа кино ч гэсэн дурсамжтай минь мөнхөд холбогддог. Хойморт чимэглэн зассан ногоон гацуур надаас хавь илүү өндөр учир түүнээс сүрдэхэд, үе үехэн асах гэрэл нь миний сонирхлыг ихэд татна. Төд удалгүй сонирхолдоо хөтлөгдөн сайн найз сагсуу мууртайгаа нийлж өнөөх гацуураа өнхөрүүлж ч нэг, чирж ч нэг үзэж тарлаа. Ээжийн нүдэнд өртсөнөө ч анзааралгүй үймүүлж явсан томоогүй насаа гэж.

  Шинэ жилийн баярын тоглолтонд цэцэрлэгийн хүүхэд бүр амьтны дүрд орох ёстой гэж багш хэллээ. Чоно ба долоон ишиг үлгэрийн хамгийн жижиг биетэй ишиг нь болох үүрэг авав. Тоглолтын өдөр ч болж хүүхэд болгон өөрийн дүрээ тайлбарлаж миний ээлж ирэхэд ичсэн гэж жигтэйхэн гараараа амаа дарж багшаараа өөрийгөө танилцуулж байлаа. Түүний дараагаар тод чанга дуутай, том бүдүүн гэдэстэй, урт цагаан сахалтай “цас мөсний орноос цан хүүрэг татуулсаар” гээд л цасан охидоо дагуулсаар өвлийн өвгөн аав орж ирлээ. Хүүхэд бүрт бэлэг гардуулж дууссаны дараагаар их л ядарсан бололтой “очих газар олон уулзах хүүхэд ихээ” гэсээр хөгжилтжэй алиалагч, хөөрхөн цасан охидоо дагуулсаар яваад өгөх нь тэрээ.

  Орой ч болж тоглолтоо тараад ээжийнхээ гараас хөтлөөд гэрийнхээ зүг инээд дүүрэн алхсандаа. Гэрт ороход энд тэндгүй гэрлэн чимэглэл, гялтганах саа, гоёмсог гацуур, баярын бялуу намайг хүлээж байлаа. Энэ л миний хамгийн анхны шинэ жил.

                                                                         

                                                                                                                Э.Бат-Эрдэнэ