Лидер үгүй намд ойдорууд өндийх нь цөвүүн

Улс төр

Ардчилсан намын даргад өрсөлдөгчид хэдийнээ ил далд тэмцлээ эхлүүлжээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “Ардчилсан намын даргад өөрийгөө таниагүй замын нөхөд өрсөлдөх ёсгүй” гэж мэдэгдсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Би намдаа эргэж ирлээ” хэмээгээд намын батлахаа сэргээсэн зургаа өөрийн сошиал хаягаараа постолж “тунхаглав”. Харин тус намаас гарсан ч иргэдэд одоо хүртэл “Ардчилсан намын лидер” хэмээн харагдахыг хүсдэг, шударга улс төрчдийн имиж бүрдүүлэх гэж хичээдэг Н.Алтанхуяг, Лу.Болд нар ч дуугүй суусангүй, холын холоос өөрсдийн бодлоо тулгах зарчмаар ярьж эхлэв.
Ёстой л боломж болом­жоороо өөрсдийгөө тунхаглаж, ашиг сонирхлоо илэрхийлсээр. Хэдхэн сарын өмнө “Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй” хэмээн хаяж одсон тэр хүмүүс өнөөдөр өөрсдийгөө Ардчилсан намын лидерүүд хэмээн сануулах гэж, мөн ирээдүйн даргад өөрсдийгөө байх ёстой мэтээр ойлгуулах гэж хамаг л ухаан бодлоо уралдуулан зүтгэж байгаа нь цаа­наа л доогтой харагдаад бай­гааг тэд даанч олж харахгүй нь гачлан.

Үнэндээ 30 жилийн босгыг алхаж байгаа Ардчилсан нам дотоод амбицаа дарж, хэт туйлширсан, “Би” үзлээ дарж чаддаг удирдагчтай болоогүй нөхцөлд хогийн хонхор шиг энэ байдлаасаа гарч чадахгүй байсаар өнгөрөх нь тодорхой болоод буй. Учир нь өнгөрсөн хугацаанд хоёр ч удаагийн сонгуульд иргэд МАН-ыг дэмжиж, ингэснээр үнэмлэхүй ялалт өглөө. Харин энэ хугацаанд АН сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй, дотоод ардчилалгүй байсаар давхар ялагдсан нь юунаас ч илүү үнэн юм.
Харин үүнийг хэсэг бусаг хүмүүс намын даргатай холбож, бусдаас бурууг хайсан байдлаар нийгэмд мэдээлэл түгээдэг нь гэм биш зан болов. Гэтэл өнөөдөр сонгогчдын боловсрол дээшилж, маш прагматик болсон. Иймээс хүссэн нэгнийг сонгоод явуулахаа байсан, тухайн нэр дэвшигчийг харж, сонсож, арай л имэрч, зулгааж үзэх шахаж байж сонголтоо хийдэг болсон. Учир нь сонгогчид “энэ хүн сонгогдоод бидний төлөө юу хийх үү, амьдрал маань яаж өөрчлөгдөх үү” гэдгийг маш сайн шинжиж, тогтоодог болсон. Яг үнэндээ 20 мянган төгрөг авч сонголт хийж байгаа хүмүүс маань өнөө л “бүхнийг чадагч баг”-ийнхан буюу 50-иас дээш насныхан шүү дээ. Шүүмжлэх амархан тэр дундаа нүдэнд ил байгаа алдааг тэмээнээс том, ямаанаас яндартай болгож шүүмжлэх маш амархан. Харин бодит байдалтай эвлэрэх хэцүүг тэд мэдэж байгаа ч хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад хамаг учир байна. Нөгөө талаар хамгийн их адалж, миалж байгаа залуучууд, залуу үеийнхэн аливаа асуудлыг маш өндөр түвшинд судалгаа, анализ хийж байж шийдвэр гаргадаг болсон. Үүнийг ойлгохгүй өөрсдийн түвшиндээ асуудалд хандаж, улс төр хийж байна хэмээн өвөр зуураа самарсаар энэ хэмжээгээрээ алдаа гаргаж, асуудлын хүрээ өргөсөж байгаа нь өнөөдрийн хамгийн том ялагдал юм.
Өнөөдөр АН-ын эгэл жирийн гишүүд, дэмжигчид лидер хайж, тэр хүнээс өөрчлөлт, шинэчлэлтийг хүсч байна. Өөрөөр хэлбэл манлайлагчаа зөв таньж олох нь АН-ын хувьд чухал асуудал юм. Харин зарим хүмүүс үүнтэй санал нийлэхгүй, хэн нэгэн лидерийг хайж байгаа бол У.Хүрэлсүхээс илүү популист хүн гарч байж АН-ыг олонх болгож чадна гэлцэх. Тэгвэл АН-д өнөөдөр ийм хэмжээний популист этгээд байгаа билүү. Аль хэдийнэ олны анхаарал татахаа байчихсан, идсэн уусан, эдэлж хэрэглэсэн бүхэндээ ороогдчихсон, намын нэрээр ард түмний өмч шамшигдуулсан, бүлэглэл байгуулан бүгдээрээ баяжаад эх орноо орхихоос сийхгүй болчихсон ... нэг үгээр хэлбэл болохгүй бүхэн Монголд Ардчилал авчирч байсан гэлцэх тэр үеийнхэнээс гарч байна...
Өнөөдөр АН-ын ахмад үеийхэнд залуучууддаа үлгэр жишээ болж яваа улс төрчид алга. Харин ч тэд нартай нэр холбогдохоос залуус жийрхэж байна. Улс төрийн хүрээнд хамгийн оргил үе хүртэл “жаалсан” тэр ардчилагчид өнөөдөр “эх орноо сүйтгэсэн” хэмээн хараагдаж байна. Монгол Улсын баатараас морин жолооч хүртэлээ уруудсан Монголын ардчилал өнөөдөр хөрсөндөө өмхөрч, хөлд хөглөрч байна. Харин энэ бүхнийг өөрчлөх гэсэн цэгцлэх гэсэн галаа манаж үлдсэн дунд үеийнхэн “халуун тосонд буцлах хуушуур” шиг л хайрагдаж байна.
Ардчилсан намын даргаар өнөөдөр сонгогдох хүнийг жирийн гишүүд нь “Зөв хүн байх нь хамгийн чухал. Хуучин, шинэ хүмүүсийг хооронд нь холбочихдог, нийгэмд цаг үеэ олоод тодорхой байр сууриа илэрхийлдэг байхад л болно” хэмээн хүсэж байгаа. Энэ сарын 16-нд болох Ардчилсан намын Их хурал ирээдүйд зурагдах олон зургийн ишлэл байх учир улс төрчид төдийгүй олон нийт анхааралтай хүлээж байна. Уг нь Ардчилсан намын хуучин дүрмээр бол намын даргад болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших лидерийг намын нийт гишүүдээс марафоноор сонгох ёстой. Гэвч энэ нь эргээд намын гишүүдийг дотор нь хуваах сул талтай гэдэг шалтгаанаар ирэх 16-нд хуралдах Их хурлаар намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, намын даргыг хоёр шатнаас сонгохоор яригдаж байна. Ингэснээр намын даргад нэр дэвших хүмүүсээс хоёрыг нь Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхоор үлдээж, намын Их хурлаар сонгодог болох гэнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг намын Их хурлаар шийдвэрлэх дүрмийн өөрчлөлт хийх юм байна.
Дашрамд дурдахад, АН-аас салан тусгаарлагдсан хүмүүс эргээд намдаа орох сонирхол нь илт байгаа. Тухайлбал, Ж.Батзандан, Л.Болд, Н.Алтанхуяг нартай эвлэлдэн нэгдэж, АН эхлээд дотроо цул болох шаардлагатай гэх яриа ч энд тэндгүй гарч, эдгээр хүмүүс ч намын бодлого хэмээн хурц хурц шүүмжлэл бүхий ярилцлагуудад орж эхэлсэн харагдана. Тэр бүү хэл “Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг МАН-ын уриа шахам үгийг энд тэндгүй амнаасаа унагааж, зарим ярьж амжилт гаргах боломж байна гэлцэх болж. Ийм л нэг өнгө өнгийн солонго энэ намд татаж, ирэх 16-ныг догдлон хүлээсэн, намын дарга болох хүслээ халаасандаа лавхан атгасан нөхдүүд хаа сайгүй таваргаж, хор найруулан гүйлдэж байна.
Үнэндээ, АН-ын даргаар шинээр сонгогдох хүн тодорхой бодлогуудыг хэрэгжүүлж, намын эв нэгдлийг хангах болон гадна, дотор байгаа хүмүүсийг нэгтгэх ажлыг хийх ёстой. Харин мордохын хазгай болж, эхнээсээ дагаж харайж, давхар долоож энэ суудалд санаархсан этгээдэд арай л хүндэдсэн суудал гэдгийг хэлж өгөөд их санасан сарьсан хоншоорынх нь дундуур алгадчих сайн эр даанч энэ намд байхгүй нь гачлан юм даа...

С.БАЯР