Г.Ёндон: Нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй

Улс төр

Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, төсөвтөө тусгаж, 1.4 их наяд төгрөгийн орлого олохоор тооцоолсон. Гэвч Covid-19 цар тахлын уршгаар хөл хорио тогтоосноор төлөвлөгөө тасарч, нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  Г.Ёндон хэллээ.

Энэ тухай  тэрбээр  “42 сая тонн нүүрс экспортолно гэсэн төлөвлөгөөндөө  хүрч чадахгүй. Эхний хагас жилийн байдлаар уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний экспорт их хэмжээгээр тасалдсан алдагдлыг нөхөх боломжгүй. Шинэ төлөвлөгөөгөөр бид ажиллаж байна. Оны эцэст гэхэд 30 сая тонн нүүрс гаргах боломжтой” гэв.

Гашуунсухайт боомтоор өдөрт 1000 гаруй автомашинаар нүүрс гаргаж байгаа юм байна. Харин  Шивээхүрэн боомтоор өдөрт 700 орчим автомашинаар нүүрс гаргаж байна.

 Монгол Улс  өнгөрсөн 2019 онд нийт 36.4 сая тонн нүүрс экспортолжээ.