Багануураас Их хуралд “үсэрсэн” Засаг дарга

Улс төр

УИХ-ын шинэхэн гишүүн Ц.Сандаг-Очирыг монголчууд Багануурын Засаг дарга гэдгээр нь илүүтэй мэдэх юм. Түүний хувьд орон нутагтаа нэр хүндтэйгийн хүчээр бүх шатны сонгуульд намаа авч гарсны шагналаа хүртсэн хүн гэж болно. Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаар хоёронтоо томилогдсон философич, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, тэрбээр “Тэнгэр” дээд сургууль, Удирдлагын академийг төгссөн аж.
Ц.Сандаг-Очирын хувьд МАН-д 1994 онд элсэж, 2001 оноос Багануур дүүргийн IV дүгээр хорооны нийгмийн ажилтан, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, Багануур дүүргийн МАН-ын дэд дарга, 2008 оноос Багануур дүүргийн Засаг даргаар найман жил ажилласан ... зэргээр үргэлж л өгсөж ирсэн намтартай нэгэн аж. Тэр бүр хүний анхаарал татаж, хэл ам гаргаад байдаггүй түүнийг дүүргийнхээ Засаг даргаар хоёр удаа томилогдож ажилласны дараа 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд эргэлзэж маргалдсан зүйл гараагүй гэдэг. Харин ч дүүргийн Намын дарга, дүүргийн Засаг дарга түүний хувьд цомхон дүүргийнхээ цөөхөн гишүүдийнхээ хөл дээр саарал масс гэгдэх нөхдийн сэтгэлийг хөдөлгөж, ёстой л аавын хүүгийн 13 мэхээр төвөггүйхэн гарч ирсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй.
Нөгөө талаар их хурлын босго руу хамтран зүтгэсэн нөхөр Нийслэлийн МАН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан байсан нь дүрээр сонгодог сонгогчдын сэтгэлийг хөөргөсөн ч байж болох. Ямартай ч тэр бүр олны анхаарал татах дургүй захын дүүргийн Засаг дарга УИХ-ын өндөр босгоор төвөггүйхэн алхан орж ирэхэд “нам харсан сонголт” гэж чичлэх хүн цөөхөн байгааг харахад Ц.Сандаг-Очирын хувьд зөв цагтаа болох газраа зогсож чадсан азтай нэгэн мөн болж таарсан гэхэд хэтрүүлсэн болохгүй юм. Нөгөө талаар бага улс төрөөс их улс төр рүү үсэрч орж ирсэн түүнийг улс төрд бэлтгэсэн “уяач” нь өнөө хэр тодорхойгүй байдаг нь сонирхолтой.

Д.Пүрэв