Р.Даваадорж: Төсвийн алдагдал Улаанбаатарын гэр хорооллын бүх өрхийг орон сууцанд оруулах мөнгөний хэмжээнд хүрлээ

Улс төр

УИХ дахь АН-ын зөвлөлийн Ажлын албаны эдийн засгийн зөвлөх, эдийн засагч  Р.Даваадоржтой  2021 оны төсвийн талаар ярилцлаа. 

-УИХ ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа. Та эдийн засагч хүний хувьд улсын төвийг хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?

-Эрх баригчид сүүлийн жилүүдэд төсвийн сахилга бат сайжирсан. Мундаг төсөв батлаад сайхан болж байна гэж ярьж байгаа боловч   бодит байдал дээр тэс өөр зүйл харагдана. Хэдэн тоо харъя л даа. Манай улсын нэг хүн ногдох ДНБ 4000 ам.доллар орчимд л эргэлдэж байна. Ядуурлын түвшин 30 хувь давсан. Уг нь жил бүр уул уурхайн олборлолт нэмэгдэж ДНБ-ий хэмжээ төгрөгөөр өссөн дүн гарч байгаа. Гэвч ам.доллараар тооцоход 10-12 тэрбумд эргэлдэж эдийн засгийн макро гол үзүүлэлтэд сүүлийн арван жилд огт өөрчлөлт гараагүй.  Тэгэхээр төсөв маань тооцоо судалгаагүй сул байгааг харуулсан бодит тоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдөр “Ковид-19” цар тахлын ноцтой аюул ойрын саруудад үргэлжилнэ гэж улс орнуудад анхааруулж байна. Халдвар авагчдын тоо эрс нэмэгдэж эхэлсэн учраас улс орнууд хөл хорионы дэглэмээ чангатгаж эхэлсэн. Тэгэхээр улсын төсөв батлахдаа энэ эрсдэлийг тооцсон байх учиртай. Гэтэл манай улсын  2019, 2020, 2021 оны төсөв яг ижилхэн. Нэгнээс нь шууд хуулаад л авчихсан байгаа юм.  Үүнийг төсөв уншдаг хүн хараад л мэднэ. 

-Тэгвэл УИХ жил бүр төсөв батална гээд бөөн ажил болох хэрэггүй юм биш үү. Яг яаж хуулсан юм бол?

-Төсвийг харвал 2019 онд нийт орлогыг өмнөх оноос 3.2 их наяд төгрөгөөр нэмж 11 их наяд төгрөг болгоно гэж баталж байсан. Дараа жил нь 2020 онд 1.9 их наяд төгрөгөөр төсвийн орлогийг нэмэгдүүлнэ гэсэн. Ингээд 12.9 их наяд төгрөгийн орлогтой байхаар баталсан. Тэгвэл ирэх онд мөн л төсвийг  нэмэгдүүлж 13.9 их наяд төгрөг байна гэж батлахаар хэлэлцэж эхэлсэн. Гэтэл дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас төсвийн орлого нэмэгдэх нь бүү хэл биелэхгүй байх эрсдэл бий. Нөхцөл байдал ийм байхад энгийн үед байсан төсвөө хуулчихаж байна. Сүүлийн гурван жил дараалаад жилд 42 сая тонн нүүрс экспортолно гээд төсвөө өөдөргөөр тооцлоо. Харамсалтай нь өнөө хүртэл жилд ийм хэмжээний нүүрс борлуулж чадахгүй байгаа. Төсөвт орж буй 10 ам.долларын дөрвийг нь нүүрс, дөрвийг нь зэсээс олдог. Ийм байхад нүүрсний орлогоо дэлхий нийтээр хэвийн нөхцөлд байгаа юм шиг буруу тооцоолсон нь арай дэндүү. Өнөөдөр дэлхийн бүх улсууд төсөвтөө онцгой анхаарал хандуулж байна. 

-Төсвийн зарлагын тухайд та юу хэлэх вэ?

-Манай улсын төсвийн зарлага сонгуулийн  жилд өсдөг. Тухайлбал, 2008, 2012, 2016, 2020 онд өсч ирсэн. Үүнийг задлаад харвал нийгмийн халамжийн зардал, улсын төсвийн хөрөнгө оруулалт, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийг огцом нэмэгдүүлсэн байдаг юм. Төсвийн зарлагыг ингээд огцом өсгөхөд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр үед болж байсан.  Харин уул уурхайн орлого буурсан үед гадаадаас шууд зээл авчихдаг. Өөрөөр хэлбэл зарлагаа огцом өсгөж байгаа хэрнээ орлогоо анхаарахгүй байна. Үүний бодит жишээг тоогоор илэрхийлье. Монгол гэдэг айлын төсвийн зарлага дөрвөн жилийн өмнө  6-7 их наяд төгрөгт эргэлдэж байсан. Одоо 14 их наяд төгрөгт хүрээд байна. Тэгэхээр төсвийн зарлагаа дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин өсгөдөг улс орон манайхаас өөр байхгүй. 

-Жил бүр төсвөө алдагдалтай батлаад байдаг. Төсвийн алдагдалын талаар ямар байр суурьтай байна вэ?

-Төсвийн алдагдал жилд хоёр их наяд төгрөг байх нь энгийн үзэгдэл болчихлоо. Уг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд УИХ баталсан. Энэ хуульд төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувьд байна гэсэн заалт оруулсан. Гэвч үүнийгээ огт мөрдөхгүй байна. Төсөв батлах бүрдээ л алдагдалаа нэмж ирсэн. Хэдхэн сарын өмнө энэ оны төсвийн тодотголыг баталсан. Тэгэхдээ 4.8 их наяд төгрөг буюу олж байгаа орлогынхоо тавин хувьтай тэнцэх алдагдалтай байна гэж тооцсон. Ирэх оны төсөв 2.1 их наяд төгрөг байна гэсэн тооцоо хийлээ. Ингээд эрх баригчид хоёр жилийн дотор 6.9 их наяд төгрөгийн өр үйлдвэрлэж байна. 

-Төсвийн энэ их алдагдалаар ямар ямар ажил хийж болох вэ?

-Бодоод үз л дээ. Энэ мөнгөөр 200 мянган өрхийг орон сууцанд оруулж болно. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын гэр хорооллын бүх айлыг орон сууцанд оруулчих хэмжээний мөнгийг хоёрхон жилийн дотор төсвийн алдагдал гэж зарцуулаад салхинд хийсгэлээ. Нэг бог малыг 150 мянган төгрөгөөр бодох юм бол 46 сая толгой малтай дүйцнэ. Ийм их хэмжээний мөнгийг зүгээр устгаж байна. Энэ нь манай улсын нийт малын 65 орчим хувь нь шүү дээ. Эдгээр малыг хоёр жилийн дотор зүгээр нядлаад идчихлээ л гэсэн үг. Тэгэхээр МАН-ын Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөнд хайр гамгүй хандаж  замбараагүй үрж байна. Өмнөх Засгийн газрууд арай ч ингэж хандаж  байгаагүй. Төрд өөрийн гэсэн мөнгө байхгүй. Татвар төлөгчдийн  мөнгө л гэж бий. Энэ мөнгөөр ингэж дураараа дургидаг, зарах мөнгө байхгүй болонгуут зээл аваад үрчихдэг боллоо. 

-Тэгвэл та Монгол Улсын өр зээл ямар байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Дэлхийн банкнаас Монгол Улс хойч үедээ өр өвлүүлж байна шүү гэсэн анхааруулга өгч дүгнэлт гаргасан. Энэ бол маш ноцтой асуудал. Монгол Улсын Засгийн газар  1991-2016 он хүртэлх хугацаанд дөрвөн тэрбум 785 сая  ам.долларын өр тавьсан байдаг. Гэтэл зөвхөн өнгөрсөн онд гурван тэрбум 106 сая ам.долларын өр нэмчихлээ. Энэ нь Засгийн өрийг 65 хувиар нэмэгдүүлсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд Засгийн газрын өр долоон тэрбум ам.долларт хүрсэн. Ингээд шинэ парламентын босгон дээр найман тэрбум ам.доллар давчихлаа.  Монгол Улсын нийт өр 30.8 тэрбум ам.долларт хүрсэн. Өнөөгийн эрх баригчид 2016 онд Монгол Улсын өр 24 тэрбум ам.долларт хүрчихлээ. Нэг хүнд ногдох өр  15 сая төгрөг боллоо гэж шүүмжилж байсан удаатай.  Гэтэл тэднийг төрийн  эрх барьсан  дөрвөн жилийн хугацаанд нэг хүнд ногдох өр 27.4 сая төгрөг болоод байна.  Ийм учраас Монгол Улсын Засгийн газрын  өр улс орны эдийн засаг, тусгаар тогтнолд аюул занал учруулах хэмжээнд хүрчихлээ гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс үзэж байгаа. Учир нь өрийн хүүд жилд их наяд төгрөг төлж байна шүү дээ. Энэ хүүд төлж байгаа мөнгөөр олон мянган аж ахуйн нэгжид бага хүүтэй урт хугацаатай зээл өгч чадна. Өөрөөр хэлбэл улс орныг хөгжүүлэх, ажилгүйдлийг шийдэх боломж байсан гэж харж байна. Улсын төсөв ийм замбараагүй учраас дээрх орон зайгүй болгосон. Нэг ёсондоо аж ахуйн нэгжүүдээ өөд нь татах зээл маань өрөнд явж байна гэсэн үг.  

-Сангийн сайд 9.8 их наяд төгрөгийн өр дарсан гээд байгаа. Ийм хэмжээний өрийг хэрхэн дарсан нь сонин байна л даа?

-Төсөв батлагдсаны дараа түүнийг ухаад үзээрэй. Түүнд энэ жил бид хэдэн төгрөгийн өр тавих вэ гэдгээ хуульчилдаг. Өнгөрсөн дөрвөн жилийн дунджийг харвал жилд 12 их наяд орчим төгрөгийн өр тавина гэсэн хууль баталсан байгаа.  Тэгэхээр ийм хэмжээний өр тавьсан учраас 9.8 их наяд төгрөг төлж чадна. Хэдэн төгрөгийн өр төлөх нь гол биш. Хамгийн гол нь төсвийн мөнгийг замбараагүй зарцуулдаг, хөрөнгө оруулалтыг дураар тавьдаг, зарлагыг огцом өсгөдөгт л анхаарч болих хэрэгтэй. Улсын төсөв өрх гэрийн төсөвтэй ижилхэн. Жилд 10 сая төгрөгийн орлогтой айл 20 сая төгрөгөөр дураараа дургиж болохгүй. Тэгэхээр өртэй болно. Өрөө төлөхдөө хэн нэгнээс мөнгө зээлнэ. Түүнийгээ эргээд төлнө. Өөрөөр хэлбэл Доржоос зээлсэн мөнгөө төлөхийн тулд  Дондогоос зээл  аваад өгч байгаа гэсэн үг. Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөөд явж байна. 

-Төсвийн хөрөнгө оруулалт гэж хэл ам, хэрүүл татласан асуудал бий. Хөрөнгө оруулалт оновчтой хийж чадаж байна уу?

-Төсвийн хөрөнгө оруулалт замбараагаа алдсан даа. Ирэх онд л гэхэд 1.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэж байна. Гадаадаас авсан зээлээр бас хөрөнгө оруулалт хийдэг. Энэ нь 1.2 их наяд төгрөгт хүрсэн. Ингээд зөвхөн нэг жилийн хугацаанд 2.8 их наяд төгрөгөөр төсвийн хөрөнгө оруулалт хийх нь. Өнгөрсөн онд бас гурван их наяд орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Тэгээд ямар хөрөнгө оруулалт хийснийг ард түмэн мэдэж байгаа шүү дээ. Энд тэнд элдэв марзан хөшөө босгосон. Сумын баг дээр олон байшин барьсан. Тэнд хүн бараг цугладаггүй. Зундаа л хөл хөдөлгөөнтэй болдог газар. Дэлхий нийтийг түгшээсэн цар тахал дэгдчихээд байхад суманд баахан соёлын төв барина гэж байна. Тэгэхээр ийм хүнд хэцүү үед ийм олон байшин барих шаардлага байхгүй. Нөгөө талдаа энэ бариад байгаа байшингууд нь төсөвт урсгал зардал шууд нэмдэг. Дараа жил наад зах нь тэр байшинг манах хүн хэрэгтэй болно. Үйлчлэгч, дарга гээд байх хэрэгтэй. Тэд бүгд төсвөөс цалинжина. Дээр нь  хөлдөөхгүйн тулд халаалт хэрэгтэй болно. Энэ мэтээр төсвийн зардлаа тооцоо судалгаагүй замбааргүй нэмж байна. Тэгэхээр ийм зүйлүүдийг хамгийн түрүүнд танах шаардлагтай байгаа юм. 

-Ирэх оны төсөвт царцааж болох хөрөнгө оруулалт хэчнээн байгаа вэ?

-Төсвөөс ирэх онд 1200 гаруй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр байгаа. Үүний 149 төсөл, хөтөлбөрийг нь царцаах боломжтой. Эдгээрийг царцаахад 405 тэрбум төгрөг хэмнэх бололцоо бий. Үүнд  хил гааль, сургууль цэцэрлэг, онцгой байдал, эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалт  орохгүй юм. Харин царцааж хэмнэсэн мөнгөө ажлын байр бий болгоход зарцуулах ёстой. Хямралын үед иргэд ажилтай байж аж амьдралаа авч явна. Бодоод үз л дээ. Нэг тэрбум төгрөгөөр тооцоход л 400 аж ахуйн нэгжид тарааж өгнө. Тэгээд нэг аж ахуйн нэгж дор хаяж 50 ажлын байр бий болгоно гэвэл 20 мянган хүн орлогтой болно гэсэн үг. Уул уурхайн салбараас энэ онд төсөвт 3.4 их наяд төгрөгийн АМНАТ  авч байна. Гэтэл дахин нөхөгдөхгүй баялгаас ийм татвар авчихаад төсөвт хийгээд идэж уугаад дуусгаж байна. Үүнээс ядахдаа 20 хувийг нь ажлын байр шийддэг  аж ахуйн нэгжид өглөө гэхэд 600 орчим тэрбум төгрөг гарч ирнэ. Ингээд энэ мөнгөн дээр тэр царцаасан 405 тэрбум төгрөгөө нэмбэл нэг их наяд төгрөгөөр ажлын байр шийдэх боломж харагдаад байгаа юм. Хэрэв жил бүр нэг их наяд төгрөг энэ салбарт зарцуулбал 10 жил болсон ч энэ мөнгө усанд хаясан чулуу шиг алга болохгүй. 

-Сүүлийн үед халамж хавтгайрсан талаар УИХ-ын зарим гишүүн яриад эхэлсэн. Халамжийн бодлогын талаар та ямар бодолтой байна вэ?

-Тийм. Ирэх онд нэг их наяд 650 тэрбум төгрөгийг 73 төрлийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийн үйлчилгээнд зарцуулна гэж төлөвлөөд байна. Давхардсан тоогоор 2.6 сая хүнд өгнө гэж тө­лөвлөсөн. Ингэж халамж үзүүлж, мөнгө тарааж ядуурлаас гарсан улс орон түүхэнд байхгүй. Тэгэхээр ядуурлаас гаргах зорилогтой биш. Зөвхөн сонгуульд зориулж санал авах зорилготой халамж үзүүлж мөнгө тарааж байна. Даргынхаа нэр хүндийг өсгөхийн тулд аймаг, орон нутаг өндөр хэмжээний хөрөнгө оруулалт тавиад байгаа юм.  Татвар төлөгчдийн мөнгөнд ингэж сэтгэлгүй хандаж болохгүй. Энд нэг жишээ дурдъя. Данийн Ерөнхий сайд өнгөрсөн онд төсөвт зардал нь ороогүй нэг тэмээний тухай парламентдаа тайлбарласан.  Парламент нь Ерөнхий сайдаасаа та нар яагаад  батлагдсан төсөвт байхгүй зардал гаргаж тэмээ худалдан авсан юм бэ гэж асуусан байдаг.  Тухайн үед Засгийн газар нь  төсвийн мөнгөөр нэг анааш худалдаж авах байж.  Гэтэл тэр анааш нь нэг тэмээтэй дотно найз байсан гэдэг. Ийм учраас тэднийг салгаж чадалгүй төсөвт зардлаас гадна 5000 евро гаргаад тэр тэмээг худалдаж авсан юм гэсэн тайлбар өгсөн. Энэ жишээ нь татвар төлөгчдийн мөнгийг яаж зарцуулснаа их бага гэлтгүй тайлагнах ёстой гэдгийг харуулж байгаа юм. Харин бид төсвийн зарцуулалтад хяналт тавьж, тайлбар нэхэж чадахгүй байна. Ардчилсан нам эрх барьж байх үед Шилэн дансны тухай хууль баталсан. Үүгээр нь жаахан асуудал ярих болсон. Гэвч тэр зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох механизм алга. Ийм учраас хэсэг шуугиад л өнгөрч байна. 

-Тэгэхээр хариуцлагын механизмыг яаж бүрдүүлэх боломж байна. Эрх баригчид өөрсдөдөө хариуцлага тооцох механизм бүрдүүлэхгүй шүү дээ?

-Төсөв үрэн таран хийсэн асуудалд эрүүгийн хариуцлага тооцдог болох ёстой. Нөгөө талаар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол маш сайн болсон. Энэ хуулиа яс мөрдөх юм бол төсөв буруу зарцуулсан алдаа завхрал гарахгүй. Тухайлбал, уг хуульд зааснаар энэ оруулах гэж байгаа хөрөнгө оруулалт хэдий хугацаанд өртөг зардлаа нөхөх, ямар тооцоо судалгаа хийсэн бэ гэдгийг нь харах ёстой юм. Гэтэл өнөөдөр төсвийн хөрөнгө оруулалтад ийм тооцоо, судалгаа огт хийхгүй байна. Жишээ нь Хэнтий аймагт барьж байгаа нүүрээрээ тулсан хоёр хүний хөшөө хэдэн төгрөгөөр босоод хэдий хугацааны дараа өртгөө нөхөх вэ гэдэг тооцоо, судалгаа байхгүй. Уг хөшөөг аль болох их хэмжээний мөнгөөр босгоод тодорхой хэсгийг нь халааслах л бодлого хэрэгжээд байгаа юм. Хэрэв хуулиа мөрдсөн бол тав, арван жилийн  хугацаанд энэ хөшөөг төдөн хүн үзээд өртөг зардлаа нөхөх юм билээ гэсэн зүйл байх ёстой л доо. Татвар төлөгчдийн мөнгөөр дураараа дургих нь хэвийн үзэгдэл гэж ойлгодог болж. Монгол Улсын 21 аймгийн 16 нь улсын төсвөөс татаас авдаг. Гэтэл аймгийн Засаг дарга нарын унаж буй машиныг хар. Дэлхийн баячуудын унадаг сүүлийн үеийн жиптэй л тууж явна.  Төсвөөс татаас авч байж түүгээр ийм үнэтэй машин авч болохгүй шүү дээ. Ийм замбараагүй байдал шат шатандаа бүр хавтгайрчихлаа. Нэг намыг хэт олонхи болгож сонгохын гай ингэж гарч байна. Түүнээс биш тэнцвэртэй, хүчтэй сөрөг хүчинтэй сонговол ингэж даварч чадахгүй. Үүнийг 2012 оны сонгуулиас харж болно. Нэг ам.доллар 1600 төгрөгтэй тэнцэхэд л өнөөгийн эрх баригчид шүлэг уншаад аюул боллоо гэж цээжээ дэлдэж байсан. Энэ нь ард түмэнд айдас төрүүлж, хяналт тавьж чадаж байсан. Мөн гадаад өр аюул тарих хэмжээнд хүрч нэг хүнд 15 сая төгрөг ногдож байна л гэсэн. Гэтэл өнөөдөр ямар байдалд хүрснийг ард түмэн харж байна шүү дээ. Өнөөдөр парламентад цөөн суудалтай сөрөг хүчний үг хүчгүйдэж ард түмний чихэнд хүрэхгүй байна. Эрх баригчид бүхнийг хүчээр дарж, хаах боллоо. УИХ дээр сөрөг хүчний нэг гишүүний хэлсэн үгийг хаачихаад гаргахгүй байна. Нэг шүүмжлэлийн араас гурав дөрвөрөө цайруулсан мэдэгдэл хийчихдэг. Энэ мэтээр иргэдийг хуураад  байгаа юм. Иймд Монгол Улсын төсөв байдал туйлын хүнд байгаа шүү гэдгийг ард түмэнд анхааруулж байна.

Т.ЖАНЦАН