АН-ыг удирдах дарга XI сарын 16-нд тодорно

Улс төр

Ардчилсан намын Их хурал арваннэгдүгээр сарын 16-нд болно. УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдал хүлээсний дараа тус намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, Их хурлын товыг тогтоосон.

Ардчилсан нам энэ удаагийн Их хурлаараа намын дүрмээ өөрчлөхийн зэрэгцээ ирэх дөрвөн жилд Ардчилсан намыг удирдах даргыг тодруулах юм. Үндэсний бодлогын хороо нь 200 гаруй гишүүнтэй бөгөөд 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч тус намыг удирдах боломжтой болно.

Ардчилсан намын даргын сунгаанд УИХ-ын гишүүн асан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн асан, Соёл, спортын сайд асан Ц.Оюунгэрэл, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын захирал О.Амартүвшин нар өрсөлдөх мэдээлэл бий.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныг эс тооцвол 2016 оны УИХ-ын сонгуулиас эхлэн орон нутгийн сонгуулийг оруулбал дөрвөн ч шатны сонгуульд тус нам ялагдал хүлээгээд буй.

Иймээс “шок”-оос гарах лидерийг сонгож байж, ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд амжилттай оролцох эсэхээ шийдвэрлэх болно гэдгийг намын гишүүд мэдэгдэж буй.