Монгол “филатова”

Улс төр

Айл бүрийн хоймор эзэгнэх телевизээр өөрийн хийсэн мэдээ, сурвалжлагаа цацна гэдэг хэн хүнд олдох завшаан биш. Томоохон шалгуурыг давж чадсан Д.Сарангэрэл эзэмшсэн мэргэжлийнхээ ид шидийг үзүүлэхээр Монгол телевизийн ММ агентлаг буюу мэдээний албанд анх ажилд орж байжээ. “Мэдээ олж, бичиж сурна гэдэг бол сэтгүүлчээс хамгийн өндөр ур чадвар шаарддаг ажил. ММ-ээс ажлаа эхэлсэн миний хувьд их зүйлийг тэндээс сурсан. ММ бол тэр чигтээ эрдмийн уурхай байлаа. Ёстой л хөлд оръё гэвэл мэдээнд гүй, хэлд орох бол мэдээ уншиж сур” гэдэг зарчмаар явсандаа баярладаг” хэмээн  Д.Сарангэрэл ярьсан. Түүнийг өнөөдрийн өндөрлөгт хүргэж өсгөж, өндийлгөсөн газар нь Монгол телевиз. 

Шуурхай  мэдээнд гүйж сэтгүүлчийн ажлын гараагаа эхэлсэн Д.Сарангэрэл Монголд арилжааны телевиз байгуулагдан, өрсөлдөөн ид өрнөж байхад Монгол телевизээс туурга тусгаарлан гарч ТВ5 телевизээ үүсгэн байгуулсан. Зах зээлийн шуурганд эс уруудан харин ч өөрийн гэсэн өнгө аястайгаар сөрсөөр яваад  хөл дээр нь зогсоож чадсаныг нь захирал Д.Сарангэрэлийн удирдан зохион байгуулах арга барилтай холбоотой хэмээн ажиллагсад нь ярьдаг. Харин улс төрийн хүрээнд бол МАХН хуваагдаагүй, намын даргаар Н.Энхбаяр ажиллаж байх үед Д.Сарангэрэл буюу ТВ5 телевизийн томоохон донор нь МАХН гэлцдэг байсан. Хувийн нь телевизийг санхүүжүүлэхийн зэрэгцээ захирал бүсгүйн улс төр рүү алхах замыг тавьж өгсөн хүн бол яах аргагүй Намбарын Энхбаяр. Түүнийг унаж босох үед нь ч Д.Сарангэрэл МАН-ын дарга нараас хөндийрөөгүй. Аливаа тоглолтонд аз яах аргагүй нө­лөөлд­гийг бодит амьд­ралаас биш­гүйдээ л харлаа. Д.Сарангэрэл бол ултөрийн тоглолтонд аз нь гийсэн эмэгтэй. Тэрбээр УИХ-ын гишүүний суудалд шууд гулсан орж ирсэн билээ. Тэр үед намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болдог хууль батлуулж чадсан МАН-ынхаа буянаар төрийн түшээ болсон хүний нэг бол Д.Сарангэрэл. Сонгогчдын саналаар биш намынхаа нэр, нүүрээр УИХ-ын гишүүн болсон хэмээн баалах нөхдийн өөдөөс сайн ажиллаж, төр ард түмний гүүр нь болж чадсан. Сонгогчидгүй байсан гишүүн өөрийн тойргийн сонгогчдын итгэлийг бүр илүүтэй хүлээв. Сонгогчид түүнд итгэсэн шиг нам нь бас томоохон ачаа үүрүүлж, эрүүл мэндийн салбарыг удирдуулсан. Энэ салбарыг мэдэхгүй, сэтгүүлч мэргэжилтэй хүнээр эрүүл мэндээ манууллаа гэх шүүмж түүнийг угтсан. Гэвч тэрбээр мөн л ажлаараа амыг нь таглаж сайн ажилласан. Ялангуяа дэлхий нийтийг хамарсан цар тахлыг улс дотроо алдаагүй нь түүний нэр хүндийг улам дээш өргөж өгсөн. Энэ аюулт өчин дэгдэж эхэлсэн тэр л өдрүүдэд нойргүй, харилгүй хоносон тохиолдол цөөн биш. Ингэж ажилласныг иргэд харж мэдэрсэн учраас түүнийг УИХ-д дахин сонгосон буй за. МАН-ын дарга Д.Сарангэрэлийг ЭМЯ-наас холдуулж Байгаль орчны салбарыг хариуцуулахад нийгмийн хандлага мөн л дуугүй байгаагүй. Сайд л болгох байсан юм бол түүнийг Эрүүл мэндийн яаманд нь байлгах ёстой байсан юм хэмээх нэг хэсгийн өөдөөс “МАН бас нэг Филотоватай боллоо. Түүнийг сөрдөг, түүний үгнээс гардаг хүн МАН-д байхгүй” гэж туйлсан  нөхдүүд цөөн биш. Ажил хийж байгаа хүнд алдаа, оноо аль аль нь л байгаа. Гэхдээ Сараа сайдад алдаа нь биш оноо, ачаа даах ухаан нь давамгайлж яваа байх шүү.

Я.МОНГОЛ