Я.Содбаатар: Цагааннуур, Боршоо боомтыг хааснаар шатахууны хомсдол үүсэхгүй

Улс төр

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар зарим хилийн боомтыг хаах асуудлыг хэлэлцэв. Учир нь  “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо боомтыг энэ сарын 02-ноос 21 хоногийн хугацаанд түр хаахаар шийдвэрлэжээ. Манай улстай хил залгаа ОХУ-ын бүс нутгуудад цар тахалын хоёр дахь давалгаа эрчимжиж халдвар авсан хүний тоо асар өндөр болсон байна. Ийм учраас сүүлийн өдрүүдэд улс хоорондын тээвэрт явж байгаа жолооч нараас “Ковид-19” цар тахал илэрч байгаа юм. Эдгээр боомтоор шатахуун, өргөн хэрэглээний бараа, малын тэжээл  худалдан авдаг аж. 

Үүнтэй холбогдуулан Шадар сайд Я.Содбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Манай улс эдгээр боомтуудаар шатахуун  авдаг. Олон хоног хаачихвал шатахууны хомсдол үүсч магадгүй юм?

-Баруун бүсийн шатахууны хэрэглээг хангадаг гол боомтууд. Манай улсад өнөөдөр шатахууны нэг сарын хэрэглээний нөөц бий. Төвийн бүсээс баруун аймгуудад шатахуун татна. Иймд шатахууны хомсдол гарахгүй. Тэгээд 21 хоногийн дараа хилийн боомтыг гарагийн хязгаарлалтай ажиллуулахаар нээнэ. 

-Шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ өсчихгүй байгаа?

-Засгийн газраас цар тахлын үед өргөн хэрэглээний барааны үнэ ханшийг нэмэхгүй байх, хохирол багтай давахаар ажиллаж байна. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй олон талаар хамтран ажиллаж байгаа. Шатахуун импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж харилцан ойлголцоно. Цар тахал эхэлсэнээс хойш хилээр орж гарч байгаа бүх хөдөлгөөнийг хянаж байна. Бүх боомтуудаар орж ирж байгаа ачаа тээвэр хилээр гарах хүртлээ цагдаагийн хатуу хяналт дор явж байсан. Одоо энэ хяналтыг илүү чангатгаж байгаа. 

-Бусад хилийн боомтуудад нөхцөл байдал ямар байна вэ?

-Улсын онцгой комисоос Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг боомтуудад тусгаарлалтын цэг  байгуулах шийдвэр гаргасан.  Энэ хүрээнд   аж ахуйн нэгжүүд тухайн цэгээс очиж ачаа бараагаа татаж авахаар болсон.   Ерөнхийдөө хилийн боомтуудаас нааш ачаа тээврийн жолооч нэвтрүүлэхгүй байх зохицуулалт хийж байна. 

-Цагааннуурын боомтод долоо хоногийн өмнөөс л шинжилгээ авдаг болсон гэсэн мэдээлэл гарсан. Урд нь шинжилгээ авдаггүй байсан юм уу?

-Хамгийн их хөл хөдөлгөөнтэй боомтуудад PCR шинжилгээ авч байсан. Цагааннуур боомтод долоо хоногийн өмнөөс шинжилгээ авч эхэлсэн. Гэтэл ачаа тээврийн хоёр орос жолоочоос халдвар илэрсэн. Өмнө нь тус боомтоор орж ирсэн тээврийн жолооч нарыг эрүүл ахуй халдвар хамгааллын журам сахиулж цагдаагийн хяналт дор явдаг байсан. Одоо хяналтаа чангаруулж шинжилгээ авдаг болоод байна. ОХУ-тай диполмат шугамаар харилцаж халдвартай хоёр жолоочийг нутаг буцаасан. Нэмж хэлхэд 37 орноос ямар нэг байдлаар ажиллах хүч орж ирсэн. Ингэхдээ бүгд халдвар хамгааллын дэглэм сахиж 21 хоногийн хугацаанд тусгаалаж давтан шинжилгээ авч байгаа. 

Т.БАТ