Б.Пүрэвдорж: Ирэх оны төсөвт ямар ч үр дүнгүй царцааж болох 149 төсөл арга хэмжээ байна

Улс төр

УИХ-ын Төсвийн зарлагын дэд хороо ирэх оны төсвийн төслийг хэлэлцэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “2021 оны төсвийн төсөлд нийт зарлага нь 13.6 их наяд төгрөг гэж тусгасан. Бүх шатны төсвийн байгууллагын удирдлага, үйлчилгээ болон хөрөнгийн ашиглалтын зардлыг бууруулна. “Ковид-19” цар тахлын аюул үргэлжилж байгаа тул иргэдийн орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого үргэлжилхээр төсөвт тусгасан. Тухайлбал, 18 хүртлэх насны хүүхэд бүрд олгох мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүллээ. Мөн нийгмийн халамжийн тэт­гэмжийг 100 мянган төг­рөгөөр нэмэгдүүлж 288 мянган төгрөгт хүргэсэн. Энэ шийдвэрийг 2021 оны зурга­дугаар сар хүртэл хэрэгжүүлнэ. Мөн хувийн хэвшилд ажил­лагч­дын нийг­мийн даатгалын шимтгэлийг ердийн үед 22-25 хувиар тооцдог байсан. Үүнийг чөлөөлж, хөнгөвчилсөн арга хэмжээг үргэлжлүүлж нийгмийн даатгалын шимтгэлийг 17 хувиар тооцно. Өмнөх онуудад эхэлсэн 62 сургуульт, 53 цэцэрлэг, 16 дотуур байр, 29 эмнэлэг болон авто замын 43, гүүрийн байгууламжийн 10, цахилгаан дамжуулах агаарын шугамын 11, дулааны шугам сүлжээний гурван төслийг тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” хэмээн мэдээллээ. Тэгвэл Үндэсний аудитын газар  2021 оны төсөлд  дүгнэлт хийжээ. Үүнд “Монгол Улсын 2021 оны төсвийн орлогыг 11 их наяд төгрөг, зарлага нь 13.9 их наяд төгрөг, алдагдал нь 2.1 их наяд төгрөг гэж тусгажээ. Ингээд төсвийн 21 ерөнхийлөн захирагчдын багцад гурван их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй хөрөнгө оруулалтын 1031 төсөл арга хэмжээ төлөвлөсөн байна. Үүний 389 нь шинээр 642 нь үргэлжлэн хэрэгжихээр байна” гэжээ. Мөн төсвийн төсөлд халамжийн зардлыг тэлэхгүй байх, зорилтод бүлэгт чиглэсэн бодлого хэрэгжүүлэх, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг бүсчлэн байгуулах ёстой гэсэн зөвлөгөө өгсөн байна. Үүнээс гадна шинээр хэрэгжүүлэх 55 байгууламж зураг төсөлгүй, төлөвлөлтийн шаардлага хангаагүй байгааг анхаарах үүрэг өгчээ. Бас хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээгээ эрэмбэлэж санхүүжүүлэх асуудлыг тодорхой журам гаргаж зохицуул гэсэн байна. Засгийн газрын өрийн зохистой түвшнийг баримтлах, гадаадын зээлээр санхүүжүүлэх төслийн үр ашгийг тооцох шаардлагатай гэсэн дүгнэлт хийжээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2021 оны төсвийн талаар санал хэлэв. Тэрбээр “Төсвийн зардлыг бууруулах ёстой. Үүний тулд төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд татаас өгдөгийг болих хэрэгтэй. Нөгөө талаар улстөрчид төсвийг нэр нөлөөгөө дээшлүүлэхэд ашиглахыг хориглох хэрэгтэй  байна. Үндэсний аудитын газар эрүүл мэнд, боловсрол, хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлын газар зэргийн урсгал зардлыг 20 хувиар танах дүгнэлт гаргасан.  Үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн ямар ч үр дүнгүй царцааж болох 149 төсөл арга хэмжээ байгаа. Ингэснээр 405 тэрбум төгрөг төсвөөс сулрах боломж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. Ингээд уг хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. 

Т.ЖАНЦАН