Баян төрийн балаг

Улс төр

Төрийн өмчийн компаниуд намын өмч болсон гэхэд хилсдэхгүй. Улс төрийн намаас томилогдсон дарга, захирлууд нь компаниа алдагдалтай ажиллуулж өөртөө болон намдаа санхүүжилт хийдэг тухай ярьдаг ч асуудлыг шийдсэн нь үгүй. Эрх баригчдын сонгуулийн амтат бялуу хэвээрээ л байна.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулна, шийдэмгий арга хэмжээ авна хэмээн 2017 онд хэлж байсан удаатай. Гэвч өнөөдөр төрийн өмчит компаниудыг цэгцэлсэн, ажил хэрэг болгосон уу гээд харвал үгүй. Харин ч төрийн өмчийн компаниудыг улсын үйлдвэрийн газар болгож эхэлжээ. Учир нь улсын үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнуудыг томилоход төрийн албаны шалгалт хэрэггүй. Тийм шаардлага ч үгүй болсон. Өөрөөр хэлбэл, хэн нэгэнд бялуу хүртээхэд ямар ч саадгүй болж байна гэсэн үг. Тэгвэл УИХ-ын  ээлжит бус чуулганаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ”Бусад улс оронд төрийн өмчийн компани дээр мэргэжлийн, захиргааны засаглалыг хослуулж хэрэглэдэг. Гэтэл манайд ганцхан улс төрийн удирдлага байгаа. Тэр хүний туршлага, мэдлэг хамаагүй, ямар ч удирдах ажил хийж байгаагүй нөхдүүд шууд томилогдож байна. Тэгээд 100 хүрэхгүй хүнтэй жижигхэн төрийн өмчит компани 40 сая төгрөгөөр шинэ жилээ хийх жишээний. Монголын бүх урлагийн одуудыг урьж гала тоглолт хийж байгааг юу гэж ойлгох вэ. Ажлын ямар ч үр дүнгүй хэрнээ тансаглах болохоор асар их хэмжээний тэлэлт явдаг. Манай улс 220-230 мянган Төрийн албан хаагчтай болсон байтал төрийн албаны зөвлөлөөс 180 мянга гэж гаргаж өгдөг.  Улсын үйлдвэрийн   статустай маш олон байгууллага бий боллоо. Тэдний нэг нь Удирдлагын Академи. Ирэх жилүүдэд гол асуудал төрийн өмчийн компаниуд  дээр байх нь, УИХ ч нэхэл хатуутай байх нь байна шүү” хэмээсэн нь нийгмийн анхаарлыг татсан.

 

Үүнээс гадна Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор 2018 онд төрийн өмчийн компаниуд эрх баригчдын “мөнгө хийдэг” газар гэдгийг батлаж ярилцлага өгсөн байдаг. Тэрбээр “Төрийн өмчит компаниудад хоёр төрлийн шахаа байдаг юм. Эхнийх  нь албан тушаалын, ажлын байрны шахаа. Тэр дарга, сайд, гишүүний хүн гээд. Ийм завхарсан зүйл бий. Бараг тогтолцоо болчихсон. Хоёр дахь нь тендерх 2018 оноос тендерийн 80 хувь нь цахимаар ил тод зарлагддаг боллоо. Өмнө байсан 2-3 хүний хооронд болдог, амралтын өдрөөр гүйцэтгэгч байгууллагыг тодруулдаг байдлыг зогсоож байна. Гэхдээ энэ бүхнийг богино хугацаанд засах хэцүү л дээ. За яах вэ, бас удирдлага нь зальтай тийм байгууллага бол бас байна аа” гэсэн байдаг. Харин Ц.Ням-Осор дарга өөрийн эзэмшлийн “Хос-Эрхэс” ХХК –даа 500 сая төгрөгийн ЖДҮ зээл авсан асуудал сөхөгдөж ажлаа хүлээлгэн өгсөн билээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэдээллээр Монгол Улсад  төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани,  улсын үйлдвэрийн 102 газар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Мөн  Монголын төр маш баян 30 их наяд төгрөгөөр үнэлэгпэх өмчтэй гэдэг. Гэвч эдгээр компанийн алдагдал улсын төсвийн орлогтой дүйж байгаа юм.

Тухайлбал, төрийн өмчит компани, төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудын  50 хувь нь 10.5 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллаж иржээ.  Харин авлага нь 2.2, өр нь гурван  их наяд төгрөгт хүрсэн гэдэг тооцоо хийсэн байдаг.  Хэрэв төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрууд бүгд ашигтай ажиллаж чадвал улсын төсвийн орлого нэмэгдэж алдагдалгүй, харин ч хуримтлал үүсгэж чадах нь тодорхой юм.

Судлаачид төрийн өмчийн компаниуд, улсын үйлдвэрийн газрууд  ийм их өртэй байгаа нь  авлига, баян, ядуугийн ялгаа, өмчийн тэгш бус хуваарилалтын үндэс суурь болж байна хэмээн үздэг. Тэгээд төрийн өмчийн компани, улсын үйлдвэрийн газрууд намын өмч болсон учраас сонгуулийн дараа намаас, фракцаас удирдлагад нь томилдож  энэ  дампуурал бий болж байна гэсэн дүгнэлт хийж байна. Өөрөөр хэлбэл төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газар ийм дампуу байх нь эрх баригч намд ашигтай учраас энэ асуудлыг цэгцлэх сонирхол байхгүй байна гэхэд хилсдэхгүй.

Угтаа бол ойрын жилүүдийн төлөвлөгөө гаргаад цаг хугацаа алдалгүй алдагдлаа бууруулаад явах ёстой. Гэтэл энэ их алдагдал, өрийг  эрх баригчид цэгцлэх биш улстөржүүлээд өнгөрдөг  нь  харамсалтай. Хэрэв хувийн компани ямар нэг байдлаар алдагдалдтай ажилласан бол аль хэдийн арга хэмжээ авч буруутай этгээд нь хариуцлага хүлээгээд үйл ажиллагаагаа жигдрүүлэх зургаа зураад явж байгаа.  Гэтэл улсын өмч гэхээр үргэлж алдагдалтай  ажилладаг, удирдлага нь байнга солигддог, хэн ч хариуцлага хүлээдэггүй, ажил нь урагшилдаггүй, алдагдлаа бууруулах гэж хичээдэггүй байдал хэдий хүртэл үргэлжлэх вэ. Хэн нэгэн шахааны хүн нь томилогдон очиж өр дээр өр, алдагдал дээр алдагдал нэмээд, өөрсдөө тансаглаж аваад оддог дүр зураг хэзээ өөрчлөгдөх юм бол доо.

Ингээд төрийн өмчийн компани улсын үйлдвэрийн газруудын дарга, захирлуудынэ тансагласан зарим баримт мэдээллийг хүргэе. Сүүлийн үед Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн тансаглалын талаар мэдээлэл хөврөх боллоо. Тэрбээр сард 15.5 сая төгрөгийн цалин авдаг. Мөн охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн мөнгөөр төлжээ. Х.Бадамсүрэн захирал  102 сая 385 мянган төгрөгийг Канадын Торонтогийн их сургууль руу шилжүүлсэн байна. Үүнээс гадна 20 сая төгрөгөөр унадаг дугуй худалдан авсан барим дэлгэгдээд байгаа.

Эрдэнэт үйлдвэр 2016 онд 56 сая төгрөгөөр массажны сандал авч байж. Гэтэл  Х.Бадамсүрэн  захирал хуучирсан хэмээн голж, өнгөрсөн жил шинээр массажны сандал авахаар 57 саяын төсөвтэй тендер зарлаж байжээ. Мөн 42 сая төгрөгийн өртөг бүхий “Minotti Luigi & Benigno” брэндийн тавилгыг 2019 оны наймдугаар сард худалдаж авсан төлбөрийг тухайн оны наймдугаар сарын 8-ний өдөр “Minotti Luigi & Benigno”-ийн данс руу шилжүүлжээ. Үүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилогдоод шинээр авч байсан “Лексус-570” маркийн авто машинаа шинэчлэхээр шийджээ.   Тодруулбал, 512 сая төгрөгийн өртөг бүхий тансаг зэрэглэлийн гэгдэх  “Мерседес-Бенз G-class” загварын автомашиныг улсын төсвийн санхүүжилтээр авахаар тендер зарласан байна. 

Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа авлига албан тушаалын 20 гаруй хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа. Тухайлбал, түүнийг оффшор бүст бүртгэлтэй компаниар дамжуулан ОХУ-д үйлдвэрлэсэн зам засварын машин өндөр үнээр худалдан авсан хэрэгт буруутгасан. Мөн 1000 ширхэг актлагдсан вагон худалдан авсан гэдэг.

Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ төсвийн 30 сая төгрөгөөр  “ИОГ”-ийн хичээлд  суусан асуудал бас бий. Зөвхөн эдгээр жишээнээс хархад  төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын дарга, захирлуудын тансаглал, мөнгө төгрөг шамшигдуулсан асуудлууд ямар их байгааг харж болох нь. Төрийн, төсвийн мөнгө ямар барагдах  биш. Уг нь энэ асуудлыг цэгцлэх гарц шийдэл маш олон. Тухайлбал, Төлөөлөн удирдах зөвлөлд нь ард түмний төлөөлөл, хөндлөнгийн мэргэжилтнүүд, мэргэжлийн хүмүүс зэргийг оруулаад хяналт тогтоож болно. Гэвч эрх баригч нам, төрийн өмчийн компани, улсын үйлдвэрийн газрын дарга, захирлуудад ашиг сонирхол байгаа учраас уг асуудлыг шийдэхгүй байх шиг байна.

Төрийн өмч өнөөдөр ёстой нөгөө зуун задгай байгаа учраас үүнийг  далимдуулж дураараа дургигчид, хулгай хийгчид олширч дампуурлаа зарлах хэмжээнд хүрчихлээ.  Төрийн өмчийн компани, улсын үйлдвэрийн газрууд нэг байгууллагад харьяалагддаггүй. Өөрөөр хэлбэл  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар бүх компаниа мэддэг,  жинхэнэ утгаараа ажиллаж чаддаггүй гэсэн үг. Өнөөдөр яам, агентлаг  бүр  өөрийн гэсэн  компани, улсын үйлдвэрийн газартай. Жишээ нь,  Уул уурхайн яам, Ашигт малтмал газрын тосны газарт л  гэхэд Багануур, Адуунчулуун гээд нүүрс олборлогч компаниуд бий.  Зам тээвэр хөгжлийн яаманд “Улаанбаатар төмөр зам” зэрэг компани аж ахуйн нэгж байдаг. Тэр ч бүү хэл Засгийн газрын мэдэлд  “Эрдэнэс Монгол” компани  байдаг.  Ийм учраас төрийн нэртэй дампуу газруудыг цэгцэлж нэг байгууллагад харьяалуулж удирдлага, засаглалыг нь сайжруулах зайлшгүй шаардалга өнөөдөр Засгийн газарт тулгарч байна. Төрийн өмчит компани үйлдвэрийн газрууд ашиггүй ажиллаад төсвөөс мөнгө нэхэж Засгийн газарт дараа болоод сууж таарахгүй. Харин төсөвт орлого оруулдаг, олон мянган ажлын байр шинээр бий болгодог байх ёстой.

 Т.Эрдмаа