Г.Ёндон: 3эс, нүүрс баяжуулах үйлдвэр байгуулна

Улс төр

Монгол Улсын эрдэс баялгийн салбарын өнгийг тодорхойлогч “Discover Mongolia-2020” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт уламжлал ёсоор 18 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. “Шангри-Ла” зочид буудлын хурлын танхимд эхэлсэн тус чуулга уулзалтын хүрээнд “Хариуцлагатай уул уурхай нь эдийн засгийн сэргэлтийн гол хөдөлгүүр болох нь” сэдэвт хэлэлцүүлэг өрнөж байна.

Г.ЁНДОН: ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон чуулга уулзалтыг нээж үг хэлэхдээ салбарын хөгжлийг хангахад төрөөс баримтлах бодлого чиглэлийг танилцуулан, хөрөнгө оруулалт татах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч, холбогдох газруудтай хамтран ажиллаж буйг онцлов. Тэрбээр “Энэхүү чуулга уулзалтыг 2003 оноос жил бүр зохион байгуулан, Монгол Улсад хайгуул, олборлолтын шинэ төслүүдэд хөрөнгө оруулагчдыг татах, тагниулах, салбарын үйл ажиллагааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилгоор уламжлал болгон, эдүгээ 18 дахь жилтэйгээ золгож байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт илт толд, хариуцдагатай, уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ гэсэн тэргүүлэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэ зорилтыг бодитоор хэрэгжүүлэхэд анхаарал тавин ажиллаж байна.Яамны зүгээс геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэр гэсэн өөр хоорондоо харилцан уялдаа бүхий дөрвөн том салбарт хөрөнгө оруулалт татах, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг гадаад, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ. Улмаар уул уурхайн шинэ үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах, нэмүү өртөг бүхий шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд таатай нөхцөлийг бүрдүүлэх, одоо ажиллаж байгаа уул уурхайн үйлдвэрүүдийн техник, технологийг шинэчлэн боловсруулалтын түвшинг ахиулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан үр ашгийг нь дээшлүүлэхээр зорьж байна.

Мөн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлын хүрээнд газрын тос болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, төмөр, гангийн үйлдвэр, нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулахаар төлөвлөж, зарим дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн ба цаашид хүнд үйлдвэрүүдийг бүс нутгийн дэд бүтцийн хөгжил, түүхий эдийн нөөц, бүтээгдэхүүн борлуулах зах зээл, өрсөлдөх чадвар, үндэсний эрх ашиг зэргийг харгалзан хөгжүүлэхээр төлөвлөөд байна.

Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эрдэс баялгийн салбарыг нээлттэй, ил тод, хариуцлагатай болгох зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай болон бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль, Хүнд үйлдвэрийг дэмжих тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг тус тус шинээр боловсруулж батлуулахаар ажиллаж байна” гэв.