Б.Дөлгөөн: Өрсөлдөх чадвараа сайжруулахгүйгээр эдийн засгаа хөгжүүлнэ гэвэл маш хүнд

Улс төр

Эдийн засагч Б.Дөлгөөнтэй Монгол Улсын өрсөлдөх чадварын талаар ярилцлаа. 

-Эдийн засагчийн байр сууринаас харвал манай улс өрсөлдөх чадвараар ухраад байна уу, урагшлаад байна уу?

-Өрсөлдөх чадварыг тодохойлдог хэд хэдэн аргачлал,  судал­гаа байдаг.  Эндээс харвал, манай улс сүүлийн арван жилд нэг хэвийн байдлаас өөрчлөгдсөн зүйл байхгүй. Тэгэхээр өрсөлдөх чадварын тайлангуудаар гарч байгаа асуудлуудыг шийдвэрлэх талаар доривтой арга хэмжээ авч чадаагүйн илэрхийлэл. 

-Өрсөлдөх чадварын судалгаанд манай улс хэддүгээр байрт жагсав?

-Энд хоёр судалгааг нэрлэж болно. Нэг нь Монгол Улсад Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Швейцарийн IMD судалгааны байгууллагтай хамтран гаргадаг тайлан байна. Энэ жилийн судалгааны үр дүнгээс харахад Монгол Улс харьцуулах боломжтой, сонгогдсон 63 улсаас 61-рт эрэмбэлэгдлээ. Нөгөө нь Дэлхийн эдийн засгийн форумаас өөр аргачлалаар өрсөлдөх чадварын судалгаа гэж гаргадаг. Энэ судалгаанд 130 гаруй улсыг хамруулдаг. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс дотооддоо аймгуудын өрсөлдөх чад­варын судалгааны тайлан гаргадаг байна. 

-Манай улсын өрсөлдөх чадварын  ямар, ямар үзүүлэлтүүд сул байгаа юм бол?

-Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс улсын хэмжээнд судалгаа хийж бусад улстай харьцуулан гаргаж байгаа. Тэгэхдээ Швейцарийн IMD гэдэг судалгааны байгууллагтай 2011 оноос хамтран өрсөлдөх чадварын тайлан гаргадаг болсон. Энэ тайлангаас харвал хэд хэдэн салбарт онцгой анхаарах шаардлага байна. Тухайлбал, манай улсын засаглалын асуудал өрсөлдөх чадварыг боомилдог. Үүнээс гадна тээвэр ложистикийн асуудал бас бий. Жишээ нь  Монгол Улсын  импортын барааны нэг тонн км тутмын зардлыг Узбекстан улстай харьцуулаад үзвэл хоёр дахин өндөр юм. Экспортын зардал ч 50 хувиар өндөр байгаа. Энэ өндөр үзүүлэлтүүдээс шалтгаалж ажиллах хүч илүү их шингээх боломжтой, бүтээмж нэмэгдүүлэх үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхэд хүндрэл учирч байна. 

-Бид өнөөдөр тэр нь болохгүй, энэ ч болохгүй байна. Төр, засаг яагаад хуримтлагдсан асуудлаа шийдэхгүй байгаа юм бэ гээд бухимддаг. Тэгвэл эдгээр асуудлын гол гогцоо нь өрсөлдөх чадварын тайланд байна аа даа?

-Монгол Улсын сүүлийн 30 жилийн хөгжил, судалгааны тайлан, баримт бичигтэй танилцаж байхад нэг зүйл хамгийн их ажиглагддаг. Тэр нь юу вэ гэвэл бид өнөөдөр тулгарч байгаа асуудлаа зөв дүгнэж, цэгнэж мөн чанарыг ойлгох хэрэгтэй байна. Өнөөдөр тулгарч байгаа асуудлаа ярихаар бүгд л мэднэ  гэж хэлдэг. Жишээ нь замын түгжирлийг аваад үзье. Бүгд л түгжирч байгаа учраас ингэх, тэгэх  ёстой гээд өөрт хамгийн ойр зүйлийг хэлдэг. Гэтэл тэр түгжирлийн хэдэн хувийг   хүүхдээ зөөж буй хүмүүс бүрдүүлж байна, нийтийн тээврийн хүрэлцээгүй байдал үүсгэж байгаа юм бэ гэдгээ судлаагүй. Зөвхөн өөрсдийн бодсон шийдэлдээ тааруулж тухайн асуудлыг ярьдаг, тодорхойлдог  болчихоод байна л даа. Тухайлбал, метро барих, олон автобус явуулдаг болсноор түжирлийг шийднэ л гэдэг. Гэтэл нэг шийдэл зөв гарц биш. Яах ёстой вэ гэдэг талаас нь маш олон төрлийн судалгаа хийх ёстой. Ингэж байж түжирлийг хамгийн өндөр хэмжээнд бууруулах шийдлийг нь олно шүү дээ. Үүнтэй нэгэн адил асуудал маш их бий. Дахиад жишээ татая. Сангийн яам манай улсын эдийн засаг 1, Монголбанк Мөнгөний бодлогын тайландаа  2.6 хувиар агшина гэсэн тооцоог гаргаад байна. Гэтэл дараа жил эдийн засгийн өсөлтөө 7.2 хувь магадгүй 8.2 хувьд хүргэхийн тулд хөрөнгө оруулалтаа ямар салбарт түлхүү хийх вэ гэдгээ тодорхойлох ёстой.  Өрсөлдөх чадварын судалгаанууд эдийн засгийн аль салбартаа түлхүү хөрөнгө оруулалт хийвэл үр дүнд хүрэх вэ гэдгийг тодорхой хэмжээнд зааж өгч байгаа. Өнөөдөр юунаас болоод, ямар хязгааралтаас шалтгаалж манай улсын эдийн засаг хөгжиж чадахгүй, хүмүүсийн цалин яагаад эдийн засгийн тэлэлт шигээ хурдан нэмэгдэхгүй байна  вэ гэдгийг өрсөлдөх чадварын судалгаа тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, бидний анхаарах ёстой асуудал энэ шүү гэдгийг  хэлж  өгч байгаа хэрэг л дээ. 

-Тэгвэл улсын болоод аймгуудын өрсөлдөх чадварын тайланг эрх баригчид тоодоггүй, ашигладаггүй юм биш үү?

-Өрсөлдөх чадварын судалгааг ашиглана гэдэг нь тулгамдаж байгаа асуудлаа олж мэдэх явдал. Миний харж байгаагаар  эрх баригчид энэ судалгааны тайланг үзээд анхаарах ёстой үзүүлэлтүүд, асуудлаа сайн мэдэж байгаа байх. Тэгэхээр уг судалгааг ашиглаж байна гэж боддог. Хамгийн гол нь муу дүгнэлт гарсан үзүүлэлтүүдээ сайжруулахын тулд   авах арга хэмжээнүүд нь орхигдоод байна. Тэр дундаа гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, төсвийн хөрөнгө оруулалтаа үзүүлэлт нь муу гарсан эдийн засгийн салбартаа чиглүүлэхгүй байгаа юм. Харин улстөрийн тохиролцоо, ийм шинж чанартай замаар хөрөнгө оруулалтаа хийдэг.  Ийм учраас манай улсын өрсөлдөх чадвар дээр хэлсэнчлэн сайжирсан эсвэл муужирсан зүйлгүй нэг төвшинд явж байгаа  гэж харж байна.  Ер нь улс ч тэр аймгууд ч тэр  өрсөлдөх чадварынхаа сул хэсгүүдийг сайжруулахгүйгээр эдийн засгаа хөгжүүлнэ гэвэл маш хүнд. Ийм ч учраас өрсөлдөх чадварын тайланг үндэслээд  хөрөнгө оруулалтын хуваарилалтаа хийвэл эдийн засгийн үр өгөөж нь илүү байна гэж ойлгож болно. 

-Ирэх оны улсын төсвийг УИХ хэлэлцэж байна. Төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг. Улсын өр нэмэгдсэн гээд асуудал яриад байгаа. Энэ асуудал манай улсын өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлөх вэ?

-Манай улсын өрсөлдөх чадвар, зээлжих зэрэглэлд ч нөлөөлнө. Зээлжих зэрэглэл гэдэг нь манай улс гадаадад бонд гаргахад ямар хүүтэй байх вэ гэдгийг тодорхойлно гэсэн үг. Дэлхийн зах зээл дээр 2016 оноос хойш уул уурхайн бүтээгдэхүүний үнийн мөчлөг маш сайн байсан. Гэтэл түүхий эдийн үнэ өндөр байх яг энэ үеэр төсвөө байнга алдагдалтай баталсан. Ийм учраас хангалттай хуримтлал үүсгэж чадаагүй. Энэ нь сөрөг үр дагвартай. Бидэнд өнөөдөр ганц л эерэг зүйл байна. Дотооддоо “Ковид-19” цар тахлыг алдаагүй. Энэ нь манай улсыг олон улсад нэр хүндтэй байх нэг хүчин зүйл болж байгаа. Гэвч улсын төсвөө алдагдалтай батлаад л явж байна. Эдийн засгийн өрсөлдөх чадварын тайлан гаргаад бусад улсуудтай харьцуулж эхэлснээс хойш аль хэдийн 10 жил өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ч өөрчлөлт орсонгүй гэдгийг хүмүүс харж, мэддэг болсон. Тэгэхээр эрх баригчид  эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх талаар ажил хийсэнгүй гэдэг нь хүн бүрт тодорхой юм. 

-Мөнгөний бодлогын хувьд ч бас эдийн засгийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэх талаар тусгах ёстой юу. Ирэх оны мөнгөний бодлогод энэ талаар тусгасан зүйл байгаа болов уу?

-Эрх баригчдын хоёр гол тулгуур бодлого нь төсөв, мөнгөний бодлого байдаг. Мөнгөний бодлого нь төсвөө дагасан аялдсан байдалтай  харагдаж байна. Жишээ нь АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хэрэгжүүлж буй бодлогыг харвал ажилгүйдлийг  бууруулах нь нэг том зорилт байдаг. Тэгвэл манай Монголбанкны зорилтод ажилгүйдлийн асуудал байхгүй. Ханш, инфляцад илүү анхаарал тавьж байна.  Ханш барь гэдэг шахалтыг УИХ, төр засгаас үзүүлдэг. Гэтэл төсвийг  өндөр алдагдалтай батлаж байгаа үед  ханш барина гэдэг бол гадаад валютын нөөцийг алдах эрсдэлтэй юм. Иймд Монголбанк ажилгүйдэлд анхаарах зорилт оруулж ирвэл төсөв, мөнгөний бодлого хоёр илүү уялдаатай болно гэж харж байна. 

-Эдийн засгийн өрсөлдөх чадварын нэг гол үзүүлэлт нь боловсрол байх?

-Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийг анх 2010 онд байгуулж байхад би “Нью ком групп”-д ТУЗ-ийн даргын туслах, санхүүгийн ахлах шинжээчээр  ажиллаж байсан. Тэр үед манай захирал энэ төв Монгол Улсын эдийн засаг, хөгжилд  хэрэгтэй гэж үзээд байгуулсан юм. Гол үндэс нь “Бид аливаа асуудлыг хэмжиж чадвал түүнийг сайжруулж чадна” гэдэгт оршино. Хэрэв хэмжиж чадахгүй бол сайжруулах боломжгүй.  Өнөөдөр боловсролын чанарын асуудал яригдаж байна.    Гэтэл бид боловсролоо юугаар хэмжиж байна вэ гэдэг нь орхигдсон. Манай залуучууд ерөнхий боловсролын сургуулиа төгсөхөд тэдний сурсан мэдлэгийн төвшин дэлхийд  хэддүгээр байрт жагсч байгааг тодорхойлсон хэмжүүр алга. Дэлхийн улс орнуудын боловсрол ямар төвшинд байгааг тодорхойлж гаргадаг ирдэг   PISA гээд шалгалт байдаг. Гэтэл үүнийг  хийх гэтэл боловсролын сайд нь “Миний нэр хүндийг  PISA  шалгалт унагана” гээд болиулж байсан.  Тэгээд ирэх онд дахиад хийнэ гэхэд хойшлуулчихлаа. Иймд бид ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа залуусаа бусад орнуудтай харьцуулахад ямар төвшинд бэлтгэж байгаагаа өнөөдөр мэдэхгүй л явж байна. Харин өрсөлдөх чадварын тайлан жил бүр гаргаж байгаа учраас  эдийн засгийн тээвэр, ложистик, бүтээмжтэй холбоотой салбаруудаа дэлхийн улс орнуудтай харьцуулахад ямар төвшинд яваагаа мэддэг болсон.