Танихгүй сайд

Улс төр

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг З.Мэндсайхан авахын өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга “байцааж” энэ салбарын туршлага тааруу, мэдлэг нимгэн гэдгээрээ гологдсон билээ. 

“Хүнсний ногоог дотооддоо тарих талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх байнга ярьдаг. Монгол Улсын жилийн хүнсний импортын үнийн дүнг мэдэж байна уу” гэсэн Ерөнхийлөгчийн асуултад “Энэ талаар мэдээлэл аваагүй байна” хэмээн хээвнэг хариулсан удаатай. Монгол орны газар нутгийн хэдэн хувьд газар тариалан эрхэлдэг талаар мөн л мэдэхгүй гэж тэнэгтсэн. Энэ салбарт нэг ч жил ажлаагүй хувийн хэвшлээс төрийн албанд тавхан жил зүтгээд сайд болсон түүний хувьд хөдөө аж ахуйн салбар даанч хол нь мэдээж биш.

З.Мэндсайхан сайд тамгаа авсан даруйдаа “Монгол Улс импортлогч орноос экспортлогч орон болно гэсэн зорилго, зорилтыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүнийг ч ард түмэн дэмжиж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг хүссэн гэж ойлгож байна. Уг зорилтыг хэрэгжүүлэх гол салбар бол хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар. Тиймээс энэ салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгоход анхаарч ажиллах болно” ам алдсан. Нэг ёсондоо, тогтвортой ажиллуулж өгөхийг хүсч, хөдөө аж ахуйг шинэ шатанд гаргаж, мөнгө олдог салбар болговол мань хүн нэрээ цэвэрлэнэ.

Та бизнесийн салбараас улс төрд орж ирсэн хүн. Асуудлыг зөвөөр харж, системтэй, оновчтой бодлого явуулж чадах эсэхээс тань хамаарч монголчууд цар тахлын үед өлсөх, өлсөхгүй нь холбоотой болчихоод буй юм. Хүнсний аюулгүй байдал, ногоо, махаа хадгалах зоорь сав, жимс жимсгэнээ тариалах хүлэмж, газар тариалан, мал аж ахуйг хослуулж цогцоор нь хөгжүүлэх гээд энэ салбарт шийдэх олон асуудал бий шүү, сайд аа.

Б.БИЛГЭЭ