Киргизийн Сонгуулийн төв хороо парламентын сонгуулийн дүнг хүчингүйд тооцлоо

Дэлхийн мэдээ

Киргизэд өрнөж буй эсэргүүцлийн жагсаалын улмаас тус улсын Сонгуулийн төв хороо парламентын сонгуулийн дүнг хүчингүйд тооцсон талаар “РИА Новости” агентлаг мэдээлжээ.

Сонгуулийн урьдчилсан дүнгээр, Киргизийн хууль тогтоох байгууллагад Засгийн газрын талыг баримтлагч "Биримдик" нам (24.52 хувийн санал авсан), "Мекеним Кыргызстан" нам (23,89), мөн төвч үзлийг баримтлагч "Кыргызстан" (8,73), "Бутун Кыргызстан" (7,11) намууд орсон юм.

Үлдсэн намууд долоон хувийн босгыг давж чадаагүй бөгөөд олон тооны зөрчил гарсан гэж мэдэгджээ. Сонгуульд ялагдсан намуудын дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан бөгөөд тэдгээрийн нэг нь Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевын хүү Сейитбек Атамбаевын "Киргизийн социал демократууд" нам юм. Жагсагчид мөн Бишкек хотын шинэ даргыг тунхаглаж, шинэ Ерөнхий сайдыг томилохоор болсноо зарлажээ.