“Фауст” жүжиг энэ сарын 6-8-нд тоглогдоно

Соёл урлаг, Спорт

"Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд, найруулагч М.Батболд нар хамтран “Альфа” постдрамын театр байгуулжээ. Монголын театрын урлагийн хөгжлийг шинэ түвшинд гаргах, дэлхийнхтэй эн зэрэгцүүлэх, нийгмийн сэтгэлгээний түвшин, үзэгчдийн оюун санаа, гоо зүй, ёс суртахуун, соён гэгээрлийг театрын уран бүтээлээр дамжуулан нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн баг, хамт олон уг театрыг байгуулсан аж. Тус театрынхаа нээлтийг И.В.Гётегийн “Фауст” жүжгээр хийхээр болжээ.

ОХУ-ын ГИТИС-ийг дүүргэсэн найруулагч М.Батболд “Фауст” жүжгийг 2018 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэсэн юм.

Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил, тулгын гурван чулуугаар У.Шекспирийн “Гамлет”, М.Сервантисын “Кихот ноён”, И.В.Гётегийн “Фауст”-ыг нэрлэдэг. Германы суут зохиолч, эрдэмтэн И.В.Гётегийн хоёр бүлэг, 14 үзэгдэлт эл жүжгийг энэ сарын 6-8-нд “Корпорэйт” зочид буудлын тоглолтын их танхимд тоглох юм байна.

 

“Фауст” жүжгийн гол дүрүүдэд ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, залуу уран бүтээлч М.Лхагва, Б.Одгэрэл, Ц.Цэлмүүн, Б.Хатанбаатар нар тоглох аж.