АНУ, Украин Лукашенког Белорусийн ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрсөнгүй

Дэлхийн мэдээ

 

АНУ-ын Төрийн департамент Александр Лукашенког хууль ёсоор сонгогдсон Белорусын Ерөнхийлөгч гэж  хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэдэгдлийг  хэвлэлийн алба нь  түгээснийг Assosiated Press агентлаг дамжуулсан байна. “Хоёрдугаар сарын 9-нд болсон сонгууль чөлөөтэй шударга болоогүй. Сонгуулийн дүнг засварлаж зарласан” гэж Төрийн департамент үзжээ.

Лукашенког хууль ёсоор сонгогдсон ерөнхийлөгч гэхээс Украин улс бас татгалзаж байна гэж Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Клеба Twitter хуудсандаа бичсэн байна.

“Украин улс Белорусийн дотоод хэрэгт хэзээ ч, ямар ч байдлаар оролцож байгаагүй, ямагт белорусийн ард түмнийг дэмжиж ирсэн. Белорусийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн явц, цаашдын үйл явдлыг авч үзээд  Александр Лукашенкогийн өнөөдрийн  “тангараг өргөх ёслол”-ыг Белорусийн хууль ёсны тэргүүний ёслол гэж үзэхгүй байна” гэж украины сайд бичжээ.

Канад улс бас Александр Лукашенког хууль ёсны ерөнхийлөгч гэж үзэхээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна. Канадын Гадаад хэргийн сайд Франсуа-Филипп Шампань Twitter хуудсандаа “Шударга бус, булхайтай сонгуулийн дараа Лукашенко зар цуу бололгүй нууцаар тангаргаа өргөж байгаад Канад улс харууслаа илэрхийлж байна. Түүнийг ардчилсан зарчмаар сонгогдсон тэргүүн гэж үзэхгүй. Канад улс чөлөөт, шударга сонгууль явуулахыг уриалж байна. Бид олон улсын түншүүдтэй холбогдож энэ талаар ямра хариу барихаа зохицуулж байна” гэжээ.

Канадын Гадаад хэргийн сайд бас Белорусын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн сөрөг хүчний төлөөлөл Светлана Тихановскаятай утсаар ярьж тус улсад болж байгаа үйл явдлын талаар ярилцсан гэсэн байна.

“Ардчилсан бус сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч өөрийгөө хууль ёсны гэж үзэх ёсгүй, тэгээд ч түүний нууцаар өргөж байгаа тангаргийг албан ёсны гэж үзэх үү” хэмээн Польшийн Гадаад хэргийн сайд Збигнев Рау мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Герман, Словак, Литва,  Эстонийн Гадаад хэргийн яамд Алксандр Лукашенког Белорусын хууль ёсны ерөнхийлөгч гэж үзэхгүй байгаагаа мэдэгдсэн байна. Литвийн  Ерөнхий сайд Саулюс Сквернялис уточнил бүр Минсктэй харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдээд ямар нэг яриа байхгүй гэжээ.