Стратегийн давшилтын зэвсэг хориглах гэрээг сунгах АНУ-ын болзол

Дэлхийн мэдээ

АНУ-ын засаг захиргаа Стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлах, хорогдуулах тухай СНВ-3 гэрээг сунгах шинэ болзлоо дэвшүүлсэн байна. Эндээ хэрэв Орос ирэх арваннэгдүгээр сард болох америкийн  ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Орос манай саналыг хүлээн авахгүй бол дахид  шинэ болзол тавина гэж АНУ-ын ерөнхийлөгчийн зэвсэглэлд хяналт тавих тусгай төлөөлөгч Маршалл Биллингсли “Коммерсантъ” сонинд ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ. 

Биллингсли “Бидний Орост тавьсан санал тун боломжийн гэж үзэж байгаа. Хэрэв Орос үүнийг хүлээн авахгүй бол Трампыг дахин сонгогдсоны дараа бидний ярьдгаар АНУ-д төлөх “төлбөр” өндөр л болох болно” гэж анхааруулаад тэгвэл бид “хэд хэдэн шинэ болзол тавих болно” гэсэн байна. 

Тэр бас ярилцлагадаа  өнөөдөртөө “бидний тавьсан санал хүчин төгөлдөр байгаа” гэжээ. 

“Үнэнийг хэлэхэд оросын ерөнхийлөгч Владимир Путин нэг бус удаа ерөнхийлөгч Трамптай ярьж байснаараа бидний замаар явах юм бол бид өчигдөр ч гэсэн хэлэлцээрээ хийгээд дуусгачих байсан” гэж Биллингсли хэлж байна. 

Үүний зэрэгцээ тэр бас Вашингтоны саналыг Москва хоёрдугаар сар хүртэл хүлээж авахгүй бол  АНУ энэ СНВ-3 гэрээг сунгахгүй, энэ  гэрээ америкийн талд үйлчлэхгүй гэжээ. 

АНУ энэ гэрээний талаар “янз бүрийн санал тухайлбал 2009 оныхыг бодвол талуудын  хүлээх үүрэг нь илүү нарийн бүтэцтэй, цаашид нэмэн боловсруулахаар  тийм ч нарийн биш” санал дэвшүүлж байгаа гэсэн байна. 

“Энэ удаа бид Сенатын батламж шаардахааргүй тийм гэрээ санал болгож байна. Гэхдээ үүний үндсэн дээр бүхэл бүтэн гэрээ болох ойлголт гарч ирнэ гэж үзэж байгаа юм. Ирээдүйн тэр гэрээ нь Хятадыг оролцуулсан олон талт, тодорхой хэлэлцээр байх болно гэж бид харж байна” хэмээн америкийн төлөөлөгч  хэлжээ. 

Америкийн түшмэл бас гэрээнд Хятадыг оролцуулах нь АНУ-ын эргэлтгүй байр суурь гэсэн байна. “Ирээдүйн гэрээ  гурван талт гэрээний хэлбэртэй байх ёстой гэдэг дээр бид баттай байр суурьтай байна. Гэрээнд оролцогч талууд эрх тэгш байж л гэрээ тогтвортой байх болно” гэж Билингсли хэлжээ. 

Тэр бас АНУ “ирээдүйн гэрээг Энэтхэг, Пакистан, Умард Солонгос зэрэг албан бусаар цөмийн зэвсэгтэй гэгддэг орнуудыг оролцуулна гэж бодохгүй байна гэжээ. Ингэвэл зүгээр л ажил хэрэгч биш болно. Олон орныг оролцуулахаасаа илүүтэй хэлэлцээрээ л мөрдөх ёстой” гэдэг АНУ-ын төлөөлөгч итгэлтэй байна. 

АНУ цөмийн зэвсгээ Европоос гаргах уу гэсэн сэтгүүлчийн асуултад Трампын төлөөлөгч татгалзсан хариу өгчээ. “Бид үүнийг хийхгүй. Гэхдээ Орос бидэнтэй ярилцахыг хүсвэл бүхнийг хэлэлцэхэд бэлэн байна. Бид Оросын байр суурьт нухацтай хандаж, аль аль талынх нь анхаарал хандуулж байгаа  асуудлаар мэргэжлийн яриа хэлэлцээ үргэлжлүүлэх нь маш чухал гэж үздэг” гэжээ. 

АНУ, ОХУ-ын хооронд байгуулсан Стратегийн давшилтын зэвсэглэлийг хязгаарлах, хорогдуулах тухай СНВ-3 гэрээний үйлчлэх хугацаа ирэх оны хоёрдугаар сард дуусах юм. Энэ гэрээнд ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар Чехийн нийслэл Прагад 2010 оны дөрөвдүгээр сарын 8-нд гарын үсэг зурж 2011 оны хоёрдугаар сарын 11-нээс хүчин төгөлдөр болсон юм. Энэ гэрээгээр талууд цөмийн цэнэгийнхээ тоог 1550 нэгжээр хорогдуулж, тив алгасах баллистик пуужин, усан доогуур шумбагч хөлөг дээрх баллистик пуужин, хүнд бөмбөгчдөгчөө 700 нэгж хүртэл бууруулах үүрэг хүлээсэн юм. 

Энэ бол цөмийн зэвсэг бүхий хоёр том гүрний хоорондох хамгийн сүүлийн тохиролцоо бүхий хэлэлцээр юм. 

Х.ӨЛЗИЙ