"COVID-19"-ийн нөлөөгөөр БНСУ-ын энтертайнмент салбар хүндхэн байдалд ороод байна

Соёл урлаг, Спорт

Цар тахлын улмаас БНСУ-ын энтертайнмент салбарынхан хүнд байдалд орж байна. Өнгөрсөн онд 1.3 сая тасалбар борлуулж, 170.3 сая ам.долларын орлого олсон “BTS” хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолтоо дөрөвдүгээр сард эхлэх гэж байсан ч цуцлагдсан юм."Орлогын гол эх үүсвэрээ тоглолтоос бүрдүүлдэг учир энэ онд бараг орлогогүй шахам болно гэсэн үг" гэж “Hana Financial Investment”-ийн шинжээч дүгнэжээ. “BTS” хамтлагийн менежментийг хариуцдаг “Big Hit Entertainment” өнгөрсөн сард гаргасан тайландаа цар тахлын нөлөөг урьдчилан таамаглахад бэрх байгааг дурдсан байна. Тус компанийн орлого өнгөрсөн онд 475 сая ам.доллар болж, гол продюсер Банг Си Хёкийнх нь хөрөнгө 770 сая ам.доллар болж, ам.долларын тэрбумтнуудын жагсаалт руу ойртож байсан юм.

Түүнчлэн өнгөрсөн онд 657.8 тэрбум воны орлого олж байсан “SM Entertainment”-ийн хувьцааны ханш энэ онд 35 хувиар унаад байгаа аж. Орлогынх нь 20 хувийг бүрдүүлдэг зах зээл болох Японд хөл хорио тогтоосон нь тус компанийн 2020 оны тайланд сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид таамаглаж байна.

Үүнээс гадна Япон, Зүүн Өмнөд Азийн орнуудад аялан тоглолт зохиохоор төлөвлөж байсан “JYP Entertainment”-ийн хувьцааны ханш энэ он гарснаас хойш 18 хувиар унажээ.

Сонирхуулахад: энэ сарын эхээр “BTS” хамтлаг цахимаар үнэгүй тоглолт хийж, өмнөх тоглолтын бичлэгүүдээсээ цацаж, шүтэн бишрэгчидтэйгээ цахим уулзалт хийсэн байна. Хоёр өдрийн энэхүү арга хэмжээг 50.5 сая гаруй удаа үзжээ.