УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль болж өнгөрлөө. Ардчилсан намын тухайд нийслэлд ихээхэн итгэл найдвар тавьж байсан ч тэр нь талаар болох шиг боллоо?
-Сонгуулийг улс төрийн намуудад дүнг нь тавьдаг үнэлгээний механизм гэж хэлж болно. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд хоёр нам хоёулаа л дүнгээ тавиуллаа. Ардчилсан нам Нийслэлд хангалттай суудал авч чадаагүйг хэн бүхэн мэдэж буй. Ардчиллыг дэмждэг олон хүн Х.Баттулга гэдэг хүнээс болж ялагдлаа гэцгээж байх шиг байна. Эцсийн эцэст иргэд сонгогчдын өөрсдийнх нь сонголт шүү дээ. Уг нь АН-аас эрч хүчтэй олон залуучууд нэр дэвшсэн юм.
-Нийслэлийн Ардчилсан намын даргын суудал олон хүний сонирхлыг татаж байна. Зарим нь нэрээ дэвшүүлж буйгаа ил тод зарласан.
-Нийслэлийн намын даргын суудлыг Т.Батцогт даргаас авъя гэж би хэлээгүй. Сонгуулийн өмнө хотын зурагласан төлөвлөгөөгөө надад бэлэн байсан юм. Түүнийгээ танилцуулж үнэхээр ялья гэвэл хамтарч ажиллая л хэмээсэн. Энэ яриа зөвхөн бид хоёрын дунд болсон ч юм биш. Т.Батцогт дарга буруу ярьж байгаа харагдсан. Бид хоёр уулзахын хувьд уулзсан нь үнэн, гэхдээ өөр түвшинд ярилцсан асуудал.
Миний хувьд АН-ын залуу гишүүн учраас намдаа тус больё, олон жил бугшсан зүйлээс нь салгая гэх үүднээс санал тавьсан. Харамсалтай нь саналыг маань хүлээж аваагүй.
-Э.Бат-Үүл гуай Нийслэлийн Ардчилсан намын дарга болох хүсэлтэйгээ илэрхийлсний хариуд УИХ-ын гишүүн Ө.Шижир “Ах нар одоо амарцгаа” хэмээсэн. Та санал нэгдэх үү?
-УИХ-ын гишүүн Ө.Шижир өөрийн твиттер дээрээ “Одоо ах нараа бүгдээрээ болно, амарцгаа” хэмээн бичсэн байсан. Өнөөдрийг хүртэл овоглож ирсэн хүмүүсээсээ салъя гэж байгаа бол зарчмын хувьд зөв. Ер нь нам бол үзэл санааны нэгдэл болохоос биш гэр бүл, хуурай ах дүүсийн эрх мэдлээ хуваадаг бялуу, дургүйгээ хүрэхээр хэрэлдэж зодолддог тулааны талбар биш. Нам бол үзэл санаа, баримтлалтай түүнийхээ дагуу хөгжлийнхөө бодлогыг боловсруулдаг, биелүүлэхийн төлөө ялалтын хойноос уралддаг багийн тоглолт. Тэрнээс биш хэн нэгэн довтлогч, хамгаалагчийн төлөө манай үеийн залуучууд явахгүй гэдэгт би итгэлтэй байгаа.
Цаашдаа хувь хүн дээр биш үзэл санаан дээр төвлөрөх ёстой. Тэгж байж АН өндийж босч ирнэ, тэгж байж олны итгэлийг хүлээнэ. Үнэндээ монголчууд ардчиллыг зүрх, сэтгэлээрээ мэдэрдэг ард түмэн. Цусанд нь ардчилсан үзэл шингэсэн байдаг. Ардчилсан намын гишүүд өөр хоорондоо эвлэрэхгүй байгаа нь нам үзэл санаанаасаа хол байгаагийн илрэл. Хэн нэгнийг дагаж хуваагдаад эсвэл залуучууд нь хоорондоо тэрсэлдэх байдал сүүлийн 16 жил үргэлжилсэн. Үүнийг бид харж өсч өндийлөө шүү дээ. Энэ муухай үйл явдлыг дахин давтах юм бол шинэ үеийн улс төрч гэж яваад яах юм бэ. Үүнийг би хэлж, шүүмжиллээ гээд асуудал шууд шийдэгддэг юм биш. Гэхдээ л нам үзэл санааныхаа хойноос явах ёстой.
-Ардчилсан нам Л.Гантөмөрөөсөө салах юм бол сайхан болох юм биш үү. Ингэж л яриад байгаа шүү дээ?
-Сүүлийн үед хөнжил гэж яриад байгаа нь зохимжгүй зүйл. Нөгөө талаас УИХ-ын сонгуульд ахиц үзүүлсэн үү гэвэл үзүүлсэн, тийм биз дээ. Хүний хичээл зүтгэлийг бодитойгоор л үнэлье. Жишээлбэл, жилийн өмнө Ардчилсан нам ямар байдалтай байсан, жилийн дараа ямар болсон бэ гэдгийг олон түмэн мэдэж буй. Ямар олон том хэлэлцээрийн хүчинд өнөөдөр энэ Засгийн газар бий болсон билээ. Хамтарсан Засгийн газрын Эдийн засаг, Барилга хот байгуулалт, Цахим хөгжил, Харилцаа холбоо, Хууль зүй гэсэн том том салбаруудыг Ардчилсан нам авсан. Тэгэхээр Ардчилсан нам засаг барьж байна л гэсэн үг бус уу.
Сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулах тухай асуудал яригдахад бид дургүйцэж, шинэ МАНАН үүслээ хэмээж байв. Тэр хүрээнд зорилгоо тодорхойлохыг ч шаардсан. Зорилго нь өнөөдрийг хүртэл бугшсан асуудлуудыг нэг гөвөөд шийдье гэж байгаад оршино. Тэгвэл одоо шийдэж чадахгүй юм байна гээд хойш суух эрх бидэнд байхгүй. Бид ажил хийх гэж орж ирсэн болохоос биш хэн нэгний бүтэлгүйтэхийг харж, араас нь тээр хэлээ биз гэж хэлэх гэж, бах таваа хангах гэж орж ирээгүй. Нэгэнт явж байгаа ажлыг аль болох чадахаараа дэмжиж, амжилтад хүргэхийг хичээнэ. Нөгөө талдаа хяналтаа тавина, сөрөг хүчин алга болоогүйг харуулна. Бид шүүмжлэх зүйлээ шүүмжилнэ. Ажил хийх гэж орж ирсэн гэдгээ ойлгох хэрэгтэй. Талцаж хэрэлдэхийг бол хэн ч чадна, хэн нэгнийг явуулж, оронд нь хэн нэгийг тавих байдлаар улс төр хийж лайк цуглуулаад явбал гоё. Ард түмэн биднийг ингээсэй гэж сонгоогүй, та бүхэн андуураад байна. Хүчтэй сөрөг хүчин байгаасай гэж сонгосон хэмээн манай намынхан ч яриад байгаа юм. Ямар ч сонгогч сөрөг хүчинтэй болохын тулд сонгодоггүй. Ялаасай л гэдэг.
Зодуулж, дээрэлхүүлдэг атлаа нөгөө хүнээ харахаараа шүтдэг мэт байдал руу шилждэг тийм нэг хачин араншинтай хүмүүс байдаг л даа. Энэ байдлаас зугтаж, өөрийгөө олж гэмээнэ өөртөө итгэлтэй болно. Тэгж байж Ардчилсан нам засаглаж чадна гэдгийг олон нийт хэдийн олж харсан. Тэгж чадах аваас сонгуульд ялна. Тэрнээс биш засагладаггүй, мөнхийн сөрөг хүчин байна гэж юу байх билээ. Цогтой тэмцэгч гэдэг шиг хэл амтай гишүүдтэй нам байхыг би хувьдаа зөвшөөрөхгүй. Ардчилал энэ бүхнээс илүү үнэтэй.
-Шуудхан асуухад, Нийслэлийн Ардчилсан намыг дарга болох уу, нэрээ дэвшүүлэх үү?
-Надад тийм бодол алга. Ер нь бол би юунд ч яарахгүй байна. Шинэ долоо хоног эхлээд энэ мэт мэдээллүүд гараад ирсэн. Намын бүлэг дээр огт ийм асуудал яригдаагүй. Миний хувьд дөнгөж л улс төрд орж ирсэн, шинэ хүн. Сурах, мэдэх зүйл олон байна.
-Өөрийг тань Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн хүн гэдэг. Энэ асуултад тодорхой хариулт өгөх цаг нь болсон байх?
-Тэр хүмүүсийн ярьдгаар Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Л.Гантөмөр гээд энэ олон хүний малгай дор овоглуулах шахам явлаа. Л.Гантөмөр сайд бид хоёр арван жилийн өмнө Боловсролын яаманд хамт ажиллаж байсан. Миний бие тус яамны хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байв. Туслах нь биш шүү. Энэ үеэс л бие биеэ мэднэ.
Ер нь хэн нэгний хүн явсан бол миний хийсэн нэвтрүүлгүүд нийгэмд хүрч, би өөрөө ч өөртөө итгэлтэй нэгэн болохгүй байсан. Л.Гантөмөрийн хүн байсан бол хамтарсан Засгийн газар байгуулагдах гэж байхад нь элдвийг ярихгүй байсан. Засгийн газрын бодлого оруулж ирэхэд нь хуулийг нь буцааж, өөр намын гишүүдийг дэмжин төсвийн тодотголыг шүүмжлэхгүй байсан. Үнэн хэрэгтээ хэн нэгний хүн гэдэг ойлголт манай үеийнхэнд байхгүй. Үзэл баримтлалын хувьд Л.Гантөмөр сайдтай олон зүйл дээр санал нэгддэг.
Цаг хугацаа бүхнийг харуулдаг. Үнэн гэж байдаг учраас манай сонгогчид надад итгэж УИХ-ын гишүүн болгож, төрд илгээсэн.
-Ирэх оны төсвийг хэлэлцэж эхэлсэн. Орон нутагт төсөв хангалттай биш байна гэж зарим гишүүн дуугарсан. Та ч дуугүй байгаагүй?
-Манай төсвийн бодлогод сайн, муу хоёр тал бий. Төсвийн бодлого хаашаа чиглэсэн бэ гэхээр өмнөх шиг тойрог руу ширхэглэж тараадаг байсныг зогсоон нь сайн зүйл болсон төдийгүй давуу тал ч гэж ойлгож болно. Өмнө нь гишүүн болгон нэг зүйл оруулж ирэн өөрийн гэх бодлогогүй, асуудлыг сэглэж ирсэн. Асуудлыг шийдэхийн төлөө бус улс төрд нөлөөтэй хэн нэгний хүслийг хангахын төлөө ажилладаг байсан гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Улсын төсөв өнөөдрийг хүртэл урд хормойгоороо араа нөхөхөд зориулагддаг байсан. Одоо бол ахуйн зовлонгоосоо ангижрахад чиглэгдэнэ. Муу тал гэвэл хэдхэн сарын өмнө бид, Ардчилсан нам, Ардын нам ялгаагүй “Төсвийн тэлэлт их байна, төрийн хариуцдаг мөнгө их байна, төрийн эдийн засаг их байна” гэж ирээд л шүүмжилж суусан. Энэ удаа дахиад таван их наядаар төсвийг нэмлээ. Эргээд харахаар амлалтынхаа эсрэг яваад байгаа ч юм шиг. Төсөв бол огт нэмж, тэлж болдоггүй зүйл биш. Орлого нэмэгдэхийн хэрээр асуудлуудаа шийдэж чадаж байвал их сайн. Нөгөө талдаа төсөв тэлэхэд үүсдэг асуудлуудыг уг үндсээр нь шийдэх хөдөлгөөн хийсэн үү гэвэл хийгээгүй.
-Зориг ардчиллын хүрээлэн байгуулагдаж, залуу гишүүд орон нутагт ажиллаж байгаа харагдсан. Зорилго тань яг юу байв?
-Ардчилсан намын дэргэд “Зориг ардчиллын хүрээлэн”-г байгуулсан. Энэ хүрээлэн маань ардчиллын үзэл санаа, эрх чөлөөний үзэл санааг залуучууддаа ойлгуулдаг. Ойлгосон нь эргээд залуучуудад Ардчилсан нам өөрийн үзэл санаан дээр буцаж очно гэдэг зар мэдээг түгээдэг. Залуучууд эргэх холбоотой, хоорондоо уулздаг, шинэ үеийн улс төрийн хүчин ямар байх ёстой вэ гэдгийг судалдаг, асуудлыг судалгаатайгаар гаргаж ирдэг ийм л сайн дурын байгууллага. Ер нь ардчиллыг аврах ийм зорилготой. Суурь утгаараа бол ардчилал ирээгүй. Тэгсэн атлаа ардчилал гажуудсан гэж ярьдаг. Гажуудахын тулд тэмцсэн хувьсгал биш шүү дээ.
-“Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирэх үү?
-Улаан балын зорилго нь нийгмийн сайн сайхан, хүмүүсийг хэрсүү болгох, ардчиллыг бэхжүүлэх л байсан. Тэгэхээр миний хувьд улаан бал хийх, улс төр хийхийн зорилго нь нэг. Сонгуулиар юу ярьсан бэ гэхээр нэвтрүүлгээр ярьдаг байсан зүйлээ л ярьсан. Тойрогтоо есөн бусын амлалт өгөөгүй. Харин ардчиллыг хамгаална, бизнесээс төрийн дарамтыг арилгана, эдийн засгийн эрх чөлөөг олгоно авлигатай тэмцье гэсэн. Өнөөдөр улаан балын үед юу ярьдаг байсан тэрийгээ л хийе гээд явж байна. Нэвтрүүлэг бол зогссон, гэхдээ зорилго нь зогсоогүй.
Гэхдээ “Улаан бал” нэвтрүүлэг зогсохгүй, би нэгэн цагт тэтгэвэрт гарна. Тэр үед үргэлжлүүлнэ. Яагаад гэхээр зорилго нь мөнх учраас.
-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэлийг томилсонд иргэд баяртай байна лээ. Та санал нийлж байна уу?
-Сайд О.Алтангэрэл гишүүн болохоосоо өмнө зоригтой байр сууриа илэрхийлдэг, нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч байсан. Түүнд итгэж байна, хамтарч ажиллана. УИХ дээр ч сайдыг дэмжинэ. Буруу зүйл байвал эсэргүүцнэ. Зарчмын хувьд шүү дээ. Хувь хүн нь тун дажгүй. О.Алтангэрэл сайдад амжилт хүсэх байна. Хүний эрх, эрх чөлөөг хангах багц хуулийн төсөл гээд том ажлын ард гарахын төлөө цаг наргүй зүтгэж байгаа. Энэ хууль удахгүй, намрын чуулганаар орж ирнэ. Ард түмэн жагсдаг, цуглардаг, цахим сүлжээнд үзэл бодлоо илэрхийлдэг, ёжилдог ёгтолдог эрхээ буцааж авах хэрэгтэй. Энэ дээр О.Алтангэрэл сайд манлайлал үзүүлнэ гэж найдаж суугаа.
0 Сэтгэгдэл