Эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог сайжруулах хүрээнд хамтарч ажиллана

Улс төр

Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг нь олон улсын түвшинд тулгамдсан асуудал хэвээр байгаа. Манай улсын хувьд ч мөнгө угаах нь гадны орнуудад үйлдэгдсэн гэмт хэргээс олсон орлого, хөрөнгийг нутаг дэвсгэрээрээ нэвтрүүлэх, хадгалах, дамжуулах зэргээр санхүүгийн зах зээлд эрсдэл учруулж болзошгүй билээ. Иймээс Санхүүгийн зохицуулах хорооноос томоохон ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлсээр ирсэн. Түүний нэг нь гадаад валютын арилжаа эрхлэгч ББСБ-уудын зохицуулалтын журмыг Хорооноос баталж, тусгай зөвшөөрөлтэй 156 ББСБ төрийн мэдээллийн "ХУР" системээр харилцагчийг таньж мэдэх, иргэд, байгууллагуудад НӨАТ-ын баримт олгодог байх зохицуулалт юм.

Мөн Хорооны зүгээс мөнгө угаахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, сайжруулах хүрээнд холбогдох байгууллагууд болох Татварын ерөнхий газар, Гааль, татвар санхүүгийн мэдээллийн төвтэй хамтран ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэхүү ажлын  хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал нар өнөөдөр уулзаж ярилцлаа. Уулзалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Монгол Улсын төрийн бодлоготой уялдуулан салбарын хөгжил дэвшил тогтвортой байдлыг дэмжсэн санхүүгийн зах зээлийн таатай орчин бүрдүүлэх нь бидний үүрэг. Эрхзүйн зохицуулалтын орчинг боловсронгуй болгох, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах, гүнзгийрүүлэх чиглэлд хамтарч ажиллах нь гол зорилго” гэдгийг онцоллоо.  

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбаруудыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс хамгаалах, эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх, хяналт, шалгалтыг сайжруулах зэрэг олон талын үр өгөөж авчирна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.