С.ЭНХБОЛД: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ АШИГЛАЖ БУЙ 37 ПРОГРАММЫГ ХООРОНД НЬ ИНТЕГРАЦ ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Улс төр

   “Төрийн бүтээмжийн сэргэлт- эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтын үдээс өмнөх хуралдааны дараа зөвлөлдөх уулзалтын гол илтгэлийг танилцуулсан эрхмүүд болон оролцогчдын төлөөллөөс эрүүл мэндийн салбарын цахимжилтын талаар байр суурийг нь сонслоо.
Энэ үеэр эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд:

-Эрүүл мэндийн салбарт 21 аж ахуйн нэгжийн 37 программ ашиглаж байсан.  Эмнэлэг бүр өөр дээрээ сервертэй, өөрийн датаг үүсгэдэг байсныг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан ажлын хэсэг ажиллаж, 37 программыг хооронд нь интеграц хийх боломжийг бүрдүүллээ.
Эмнэлгээр үйлчлүүлсэн хүн өгсөн шинжилгээнийхээ хариуг ч юм уу, эмчийн магадалгаа зэргийг И Монголд оруулсан 35 нэр төрлийн үйлчилгээний дагуу гар утсан дээрээ татаж авах боломжтой болж байна.
Интеграц хийхэд цаг хугацаа орно, 37 төрлийн программыг холбон, тэнд үүссэн мэдээллийг нэгтгэж “Хур” системд холбоход сервер, дэд бүтцийн асуудал яригдана. Энэ бүгдийг үе шаттайгаар хийж өнөөдрийн байдлаар 706 эрүүл мэндийн байгууллага хоорондоо мэдээллээ солилцдог боллоо.
Амбулаторийн карт цахим болж байгаагаар иргэд эмнэлгийн картууд, шинжилгээний хариу гээд бөөн цаасыг авч яваад байх хэрэггүйгээр лавлагаа шатлалын эмнэлэг дээр ирэхэд мэдээллийг нь цахимаас буюу нэгдсэн системээс авах боломжтой.