Д.Үүрийнтуяа: Зэсийн үнэ 600 ам.доллараар буурсан хэдий ч бид зардлаа хэмнэж төлөвлөсөн орлогоо бүрдүүлэхээр ажиллаж байна

Нийгэм, Эдийн засаг

-Зэсийн баяжмал хайлах боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулснаар улс болон орон нутгийн төсвийн орлого жилд 67-70 орчим сая ам.доллараар нэмэгдэх  боломжтой-

“Эрдэнэт” үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяа “Монголбанкнаас санаачлан зохион байгуулсан Санхүүгийн боловсролыг дэмжих сургалтыг “Эрдэнэт” үйлдвэр дэмжиж байгаа. Ер нь бид ил тод байдлыг хангаж байж ард иргэдэд үнэн зөв мэдээлэл олгох ёстой. Ийм учраас Монголбанк орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийг  эдийн засгийн  чиглэлээр мэргэшүүлэхээр ажиллаж байна гэж ойлгодог. Бид энэ завшааныг ашиглаж “Эрдэнэт”  үйлдвэр үйл ажиллагаагаа танилцуулах ажил хамтран зохион байгууллаа” хэмээв.  Энэ үеэр  “Эрдэнэт” үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяатай тус үйлдвэрийн өнөөгийн байдал болон ирээдүйн талаар  ярилцлаа.

-Манай улсын эдийн засагт “Эрдэнэт” үйлдвэр голлох байр суурь эзэлдэг. Өнгөрсөн оны үйл ажиллагааны үр дүн ямар байв?

-“Эрдэнэт” үйлдвэрийн  2023 оны үйл ажиллагааны үр дүн өндөр үзүүлэлттэй гарсан. Бид үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ бүрэн буюу 100-аас дээш хувиар биелүүлсэн. Тухайлбал, 37.8 сая тонн хүдэр боловсрууллаа. Ингээд борлуулалтын орлого дөрвөн их наяд төгрөг давсан. Борлуулалтын орлого нэмэгдсэн, үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулж ажилласны үр дүнд улс болон орон нутгийн төсөвт хоёр их наяд төгрөг төвлөрүүлсэн юм. Монгол Улсын валютын нөөцийг бүрдүүлэх бодлогын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр  Монголбанктай хамтран ажилладаг. Ингээд хамтран ажиллах гэрээний дагуу нэг тэрбум ам.доллар төв банкны ханшаар арилжсан. Энэ бүх амжилт  бол “Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид, хамт олны хичээл зүтгэлийн үр дүн юм гэдгийг онцолъё.

-Тэгвэл энэ онд үйлдвэрлэлийн ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна. Зэсийн үнэ ханш ямар хэлбэлзэлтэй байгаа вэ?

-2024 он гараад эхний  улирал өнгөрлөө.   Энэ хугацаанд бид төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ аль болох ханган биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Гэвч  дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ бидний төлөвлөж байснаас тонн тутамдаа дунджаар 600 ам.доллараар  бага байна. Улсын төсөвт зэсийн үнийг тонн тутамд  9000 ам.доллараар  төлөвлөсөн. Зэсийн үнэ буурах хандлага байгаа учраас бид нөөц төлөвлөгөө гаргаж өртөг зардлаа бууруулах, үр ашгийнх нь түвшинг тооцож  хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлэх ажил хийж байна.

-“Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэж үйлдвэр технологийн парк байгуулах ажил хийж байгаа. Энэ ажлын явцын талаар та мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд үйлдвэр технологийн парк байгуулах шийдвэр гаргасан. Өмнө нь үйлдвэр технологийн парк байгуулах олон шийдвэр гарч байсан. Тухайлбал, Сайншандад  үйлдвэр технологийн парк байгуулна гэсэн. Гэвч хэрэгжиж чадаагүй.  Иймд “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс үйлдвэр технологийн парк байгуулах шийдвэрүүд яагаад амжилтгүй явж ирсэн талаар дүгнэж үзсэн. Тэгээд бид дэд бүтцийг  нь нэгдсэн журмаар шийдэж чаддаггүй байсанд асуудал байна гэж харсан юм. Аливаа үйлдвэрлэл технологийн паркийг хөгжүүлэхэд нэн тэргүүнд дэд бүтэц хөгжүүлэх нь  чухал гэж үздэг.

Ийм учраас авто зам, цэвэрлэх байгууламж, эрчим хүч, төмөр замын асуудалд сонгон шалгаруулалт зарлаад тодорхой ажлууд хийгээд явж байна. Өнөөдөр төмөр зам, авто зам, цэвэрлэх байгууламж ариутгал татуургын  ажил эхлээд байгаа. Эрчим хүчний хувьд эх үүсвэртэй холбоотой  зарим нэг тооцоо судалгаа,  техник эдийн засгийн үндэслэл гаргах ажил  хараахан эхэлж амжаагүй байна.

Үйлдвэр технологийн паркийн хүрээнд хэрэгжих хамгийн том төсөл  бол “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээгдэхүүн зэсийн баяжмал  хайлах, боловсруулах үйлдвэр байгаа юм. Ийм учраас “Эрдэнэт” үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан хэд хэдэн ажлаас хамгийн үр өгөөжтэй нь энэ төсөл.  Мөн нуруулдан уусгах технологиор цэвэр зэс үйлдвэрлэх төсөл бий. Бас молибдены баяжмалын үйлдвэр, Засвар механикийн заводын өргөтгөл байна. Энэ төслүүд маань үйлдвэр технологийн нэгдсэн паркийн талбайн  20 хувийг л эзлэх юм. Дэд бүтэц хангагдсан,  үлдсэн 80 хувийн  талбай дээр бусад дагах болон жижиг дунд үйлдвэрүүд хөгжих боломжийг бүрдүүлэх юм.

-Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн төлөвлөж буй тэр  20 хувийн талбай дээр  баригдах үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалт хэдий хэмжээтэй байх юм бол.  Хүртэх өгөөж ямар байх вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн байгуулахаар хэрэгжүүлж байгаа үйлдвэрүүдийн нийт хөрөнгө оруулалт нь нэг тэрбум ам.доллар болох тооцоо бий.

Эдгээр үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хүртэх өгөөж өндөр байна. Тухайлбал, зэсийн баяжмал хайлах боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулснаар улс болон орон нутгийн төсвийн орлого жилд 67-70 орчим сая ам.доллараар нэмэгдэх юм. Монгол Улсын эдийн засаг найман хувиар өсөх боломжийг энэ төсөл бүрдүүлнэ. Энэ үйлдвэр технологийн паркад 1580 хүн, дам нөлөөгөөр тооцвол бүс нутгийн хэмжээнд 23-24 мянган хүнийг ажлын байраар хангах тооцоо судалгаа гарсан. Томоохон мега төслүүдийг дагаж жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ орон нутгийн хөгжил  дагаж явдаг. Ийм учраас бид үйлдвэр технологийн парк буюу мега төслийнхөө хөрөнгө оруулалтад бас ач холбогдол өгөх ёстой гэж ойлгож байгаа.

-Энэ үйлдвэр технологийн парк хэзээ ашиглалтад орох юм бэ?

-Ер нь үйлдвэр технологийн паркад барих металлурги, химийн үйлдвэрийн туршилтын үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалж байгаа. Бидний төлөвлөснөөр 2027 оноос үйлдвэрлэл эхлэх байсан. Энэ хугацаа жаахан сунгагдах болсон. Зэсийн баяжмал хайлж боловсруулах үйлдвэрийн хамгийн тулгамдсан асуудал бол  үйлдвэрээс гарах хүхэрлэг хийг яаж шийдвэрлэх вэ гэдэг асуудал юм. Зэсийн баяжмалаа хайлах явцад хүхэрлэг хий ялгарна. Үүнийг аюулгүй болгох ёстой. Олон улсын түвшинд байгалийн хийтэй холиод хүхрийн хүчил үйлдвэрлэх, нунтаг хүхэр үйлдвэрлэх туршлага бий. Гэтэл Монгол Улсад байгалийн хий байхгүй. Ийм учраас нүүрсний хий ашиглаж нунтаг хүхэр үйлдвэрлэх судалгааг Хятадын төрийн өмчит компаниудтай хамтарч хийж байна. лабораторийн туршилт амжилттай болсон. Одоо үйлдвэрлэлийн туршилт хийж байгаа. Энэ туршилтын үр дүнгээс хамаарч ямар технологиор ажиллах зарчим тогтоно. Одоо техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан. Туршилтын үр дүнгээ хүлээж байна.  Уг туршилтын үр дүнгээс хамаарч ямар технологи ашиглахаа шийдэж сонгон шалгаруулалт зарлана. Ингээд ажил эхлэх юм.

-Та яриандаа өртөг зардлаа хэмнэх ажил хийж байна гэсэн. Бодитоор ямар хэмнэлт хийж байна вэ?

-Манай улс төдийгүй, дэлхий нийтээрээ “Ковид-19” цар тахлын амаргүй үеийг даван туулсан шүү дээ.  Энэ хүнд үед “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран ажиллаж байсан аж ахуйн нэгж байгууллагууд, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байсан гүйцэтгэгч компаниуд, бүтээгдэхүүний үнэ өссөн, тээврийн өртөг нэмэгдсэн, хил гаальтай холбоотой асуудлууд үүссэн. Ингээд гүйцэтгэх ажлын зардал өссөн тул энэ ажлыг гүйцэтгэх боломжгүй боллоо гэдгээ мэдэгдээд байсан.

Энэ нөхцөл байдлыг Барилгын тухай хуулиар БХБЯ болон Сангийн яам хамтарсан журам гаргаж зохицуулах учиртай. Тухайн үед БХБЯ-наас 74, 75 дугаар тушаал гэж гарсан. Энэ хүрээнд  үнийн өсөлтийг  тодорхой индексүүдээр тооцох журам гарсан юм.

Энэ журмаар тооцоход  Барилгын  хөгжлийн төвийн магадалсан дүнгээр “Эрдэнэт” үйлдвэртэй хамтарч ажил гүйцэтгэсэн  19 аж ахуйн нэгжид  184 тэрбум төгрөгийн үнийн өсөлт гарсныг  шийдвэрлэх хүсэлт ирсэн. Ингээд  “Эрдэнэт” үйлдвэр хэдийгээр төсөв төлөвлөгөө нь батлагдсан, Барилга хөгжлийн төвөөр магадлагдсан үнийн дүн  байсан болов ч дахин нягтлах шаардлагатай гэж үзсэн. Тэгээд ажлын хэсэг гарган ажилласан. Олон улсын аудитын байгууллагаар дахин нягтлуулж тооцоолол хийлгэсэн юм. Гаргасан дүгнэлтийг нь үндэслээд аж ахуйн нэгж байгууллагуудтай хэлцэлд орсон. Ингээд 19 аж ахуйн нэгжээс хоёр нь цаг хугацааны хувьд үнийн өсөлтөд хамрагдах боломжгүй юм байна. Ийм учраас хүсэлтийг нь шийдвэрлэх боломжгүй гэж буцаасан. Одоогоор хоёр аж ахуйн нэгж үнийн өсөлтөөр олгох  мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөөгүй. Нэг нь шүүхэд маргаан  гаргаад явж байгаа. Бусад аж ахуйн нэгжүүдийн хувьд хэлцэл хийж тодорхой хэмжээний үнийн өсөлтийн зөрүүг нь олгосон. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт” үйлдвэр  184 тэрбум төгрөгөөс нийт  105 тэрбум төгрөгийн хэмнэлт гарган ажиллаж чадсан. Энэ хэмнэсэн 105 тэрбум төгрөгөө  бид томоохон бүтээн байгуулалтад зарцуулахаар төлөвлөж байна. Тухайлбал, энэ онд баяжуулах үйлдвэрийн өргөтгөл хийнэ. Хаягдлын аж ахуйн шинэ далан барих гээд томоохон төсөл хөтөлбөрт тэр хэмнэсэн  хөрөнгөө зарцуулахаар төлөвлөсөн.   

-“Эрдэнэт” үйлдвэр хэдэн ажиллах нөөцтэй байна. Уурхайн нөөцөө шинэчлэн тогтоосон уу?

-Өмнө нь “Эрдэнэт” үйлдвэр 30, 40 жил ажиллаад дуусах нөөцтэй гэсэн яриа байсан. Олон жилийн хугацаанд хийсэн геологи хайгуулын судалгааны үр дүнд нөөц нэмэгдсэн. “Эрдэнэт” үйлдвэр 2019 оноос хойш Төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Сүүлийн жилүүдэд  геологи хайгуулын судалгаанд 30 сая ам.доллар зарцуулсан. Үүний үр дүнд  “Эрдэнэт” үйлдвэр цаашид 70 орчим жил  ажиллах нөөц тогтоогдсон.

Тодруулбал, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2.9 тэрбум тонн хүдрийн нөөц байна гэж нэмж баталгаажуулсан. Тэгэхээр бид нөөц баялаг нэмэгдсэн энэ үед технологийн дэвшлийг хэрхэн ашиглах, урт хугацаанд үр өгөөжтэй ажиллуулах тогтвортой хөгжлийн бодлого чухал гэж харж байгаа. 

-Засгийн газраас Бүсчилсэн хөгжлийн бодлого баримталж байгаа. Тухайн бүс нутагт хамрагдаж байгаа аймгуудын оролцоо, уялдаа холбоо их чухал гэж харагдаад байгаа. Орхон аймаг гэхээр “Эрдэнэт” үйлдвэр гэж иргэд ойлгодог. Тэгэхээр та бүхэн Бүсчилсэн хөгжилд ямар үүрэг оролцоотой байх юм бол?

-Монгол Улс Бүсчилсэн хөгжлийн бодлогоо 2021 онд баталсан. Хойд бүсэд Хөвсгөл, Булган, Орхон аймаг багтаж байгаа. Бусад бүсээс ихээхэн онцлогтой. Монгол Улсын ДНБ  2022 оны байдлаар 33.8 их наяд төгрөг байсан. Үүнийг бүс нутаг бүрээр хувааж үзвэл хамгийн өндөр нь Хойд бүс байгаа юм. Тэгэхээр Хойд бүс нутагт эдийн засгийн давуу байдал ажиглагдаж байна гэсэн үг. Магадгүй энэ нь Эрдэнэт хоттой, “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тоо хэмжээтэй холбоотой байх гэж  дүгнэж байгаа.  Бүсчилсэн хөгжлийн үзэл  баримтлалын хүрээнд бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох ажлууд хийгдэж байна. Хойд бүсийн хөгжлийн төв гэж төрийн бус байгууллага байгуулагдсан. Энэ хүрээнд судалгаа шинжилгээ тооцоололтой, түүнд тулгуурласан ард иргэдийн саналыг авч боловсруулах нь зүйтэй гэж үзээд тодорхой хугацаанд ажилласан.  Уг судалгаанд олон эрдэмтэн, судлаач оролцсон. Судалгааны үр дүнд  Хойд бүсийн хөгжлийг  тэргүүлэх  үндсэн дөрвөн чиглэлтэй байхаар гаргаж ирсэн. Нэгдүгээрт, хүнд аж үйлдвэрийн цогцолбор байна. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэж явах учиртай. Хүнд аж үйлдвэрийн цогцолборт үйлдвэр технологийн паркт баригдах зэсийн баяжмал хайлах боловсруулах үйлдвэр багатна.

Нөгөө талдаа Эрдэнэт хотын нийт хүн амын 49 орчим хувь нь орон сууцанд амьдардаг. Гэтэл Хөвсгөл, Булган аймагт нийт хүн амын 2-3 хувь нь орон сууцаар хангагдсан. Тэгэхээр  нийгмийн зөөлөн дэд бүтцийг  бүрдүүлэх, иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг хангах асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа юм. Энэ бол аж үйлдвэрийн парк, Бүсчилсэн хөгжлийн бодлогыг дагаад яах аргаггүй шийдэх чухал асуудал.

Иймд “Эрдэнэт” үйлдвэр аж үйлдвэрийн цогцолбор, Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд  бэлтгэл хангаж орон сууцны  томоохон төсөл хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд 1300 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор 300 айлын орон сууц ашиглалтад ороод байгаа.

Хоёрдугаарт, ухаалаг хөдөө аж ахуй хөгжүүлэх бодлого боловсруулсан. Хойд бүс нутагт газар, тариалан хөдөө аж ахуй хөгжсөн. Хөвсгөл, Булган аймгийн ДНБ-ий 56-65 хувийг нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл бүрдүүлдэг.  Хойд бүс нутагт 10.3 сая толгой малтай. Гэтэл бэлчээрийн даац нь гурван сая толгой мал гэдэг судалгаа бий. Хөдөө аж ахуйг дагаад хөнгөн аж үйлдвэрийн цогцолбор байх ёстой. Эдгээрийг дагаад тээвэр логистикийн асуудал чухал. Хөвсгөл аймагт дотоодын агаарын тээвэртэй байна. Бусад асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь чухал. Тэгэхээр Хойд бүс нутагт байгаа хоёр боомтыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага тулгарч байна. Энэ бол Хөвсгөлийн  Ханх, Булганы  Бага Илэнх боомтууд юм.

Гуравдугаарт, аялал жуулчлал Бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэл яах аргаггүй мөн. Хөвсгөл, Булган аймагт аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Хөвсгөл далай Монгол Улсын төдийгүй дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.3-0.4 хувийг эзэлж байна. Тэгэхээр дагнасан, өвлийн, спорт загасчлалын аялал жуулчлал хөгжүүлэх боломж бий гэж харж байгаа. Аялал жуулчлалын салбар маш онцлогтой. Тухайлбал,   нийгмийн зөөлөн дэд бүтцээс бүрэн хамааралтай. Ийм учраас аялал жуулчлалын салбарын үр өгөөжийг орон нутагт үлдээхийн тулд зөв бодлого чухал.

Дөрөвдүгээрт дээр дурдсан бүх зүйлийг хийх гол хүч нь хүн. Тэгэхээр хүний хөгжил, амьдрах орчныг сайжруулах, хөдөөд хүн амьдрах боломжоор хангах нь  нэн тэргүүний асуудал гэдгийг бид төлөвлөж ярьж байна.  Тэгэхээр тэргүүлэх чиглэлүүдээрээ мэргэжилтэй боловсон хүчнээ бэлтгэх, орон нутагтаа мэдлэг чадвартай мэргэжилтэн  татах бодлого байж улс орны хөгжилтэй уялдаж явах ёстой. Ийм учраас дээрх асуудлыг цогцоор нь авч үзэж байж Бүсчилсэн хөгжлийн бодлого явах учиртай гэж бодож байна. “Эрдэнэт” үйлдвэр бол Бүсчилсэн хөгжлийн гол тулгуур чиг болж ажиллах үүрэгтэй гэж ойлгож байгаа.

-Уул уурхайн салбар Монгол Улсад хамгийн өндөр цалин хөлстэй.  “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд цалин хөлсний талаар ямар бодлого баримталж байна вэ?

-“Эрдэнэт”  үйлдвэр 2023 онд 45 жилийн ойгоо тэмдэглэсэн.  Тэгвэл хамтарсан үйлдвэрийн статустай 38.5, хувийн хэвшлийн оролцоотой 1.5 жил ажилласан байна. Сүүлийн тав орчим жил төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажиллаж ирлээ. Тэгэхээр хамтарсан үйлдвэр байх үеийн цалингийн тогтолцоо, систем өнөөдөр суурь болсон явж байгаа. Үүнээс бүрэн өөрчлөгдөж гарч чадахгүй байна. Цаашдаа “Эрдэнэт” үйлдвэр бизнесийн зарчмаар ажиллах ёстой. Ер нь хийж чадсаныхаа хэмжээгээр ав гэдэг зарчмаар явах ёстой. Ийм учраас цалин хөлсний бодлогыг аль болох ажлын гүйцэтгэл бүтээмжтэй уялдуулах зарим барьж байгаа. Гэхдээ тухайн жилийн инфляцын түвшинтэй уялдуулсан цалин хөлсний өсөлтийн бодлого баримтлах ёстой гэж үздэг.  Ингээд 2017 оноос хойш жил тутамд 15-20 орчим хувиар ажилчдынхаа цалинг нэмэгдүүлж ирсэн. Үүнийг 2023 оны байдлаар аваад үзэхэд 2016 оныхоос 75 орчим хувиар өссөн байгаа. Өсөлтөөс өсөлт тооцвол үндсэн цалин  хоёр дахин нэмэгдсэн гэж хэлж болно. Энэ онд ажилчдын цалинг инфляцын түвшинтэй уялдуулан тодорхой хэмжээгээр нэмэхээр төлөвлөж байсан. Гэвч ажилчид, Үйлдвэрчний эвлэлийн зүгээс цалинг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж ажил хаясан асуудал гарсан. Энэ асуудлыг Үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж тохироод шийдвэрлэсэн. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс цалинг 30 хувиар нэмэгдүүлээд байна. Бид жил бүр 15 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байсан бол хоёр жилийн цалингийн нэмэгдлийг энэ онд багтааж орууллаа. Тэгэхээр ирэх жил  буюу 2025 онд цалин нэмэгдэхгүй гэж ойлгож болно.