Г.Сугар: Тогтвортой хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд орон нутгийн иргэдийг оролцуулдаг

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВАА

   Оюу толгой уурхайн талаар олон зүйл нурших нь илүүц. Говийнхны хэлдгээр “Хулангийн тоос, хуйлрах элс”- нээс өөр юмгүй цэлийсэн талд өнөөдөр уурхай дагасан хөгжил Монголын нэрийг дэлхийд дуурсгасаар. Оюу толгой компаниас сурах зүйл их. Нийгмийн хариуцлага, уурхайн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тухайд гадна, дотны хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд үлгэр жишээ болж явааг энд онцолмоор байна. Боловсрол, эрүүл мэнд, иргэдийн амьжиргаа гээд хүрч үйлчлээгүй салбар нэн ховор байх. Дараагийн 100 жилд хийх ажил болох гүний уурхайн нээлтээ энэ оны гуравдугаар сард хийж, албан ёсоор зарласан билээ. Ингэснээр энд ажиллаж буй ажилчдын нийгмийн баталгаа бэхжиж, ажилчид ар гэрийнхэн нь тун их баярласан гэдгийг хэлэх нь зөв байх. Цаашлаад улс орны эдийн засгийн асуудал давхар яригдана. Зэсийн эрэлт нийлүүлэлтээ гүйцэхгүй болж буй энэ үед бид 100 жилийн ажил яриад сууж байна гэдэг яахын аргагүй баярлууштай явдал юм. Тиймдээ ч Оюутолгой компани стратеги төлөвлөлтөө шинэчлэн танилцууллаа. Говийнхон, тэр дундаа Өмнөговьчууд өнөөдрийн байдлаар санхүү, эдийн засаг, амьжиргааны түвшнээрээ улсдаа толгой цохиж буй нь энэ уурхайтай салшгүй холбоотой. Ингээд Оюу толгойн Орон нутаг хариуцсан Ерөнхий менежер Г.Сугартай тус компанийн танилцуулсан шинэ стратеги төлөвлөлт болон компани, орон нутгийн харилцан хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 

-Танай компанийн хувьд ажлын арга барилаа эргэн харах, түүнийгээ сайжруулах үүднээс стратеги боловсруулсан. Энэ тухайгаас ярилцлагаа эхлье?

-Бид бүхний мэддэг Оюу толгой компанийн үйл ажиллагаа улаж өргөжин тэлж, энэ оны гуравдугаар сард гүний уурхайн олборлолтоо эхлүүлсэн. Ингэснээр Оюу толгойн төсөл гэгдэх биш зэсийн бизнесийн дараагийн түвшинд хүрч байна гэсэн үг шүү дээ. Бизнесийн үйл ажиллагааны дараагийн зуун жилийнхээ ханшийн эхлэлийг бид тавьж байна гэж ойлгож болох нь. Үүнтэй уялдаад бизнесийнхээ стратегийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай болсон. Бид чиг тодорхойлдог алтан гадсыг тодорхойлохоос илүүтэйгээр бид юуны төлөө, яагаад оршин байна, юуг бүтээх юм гэдэг асуултуудыг өөрсдийнхөө өмнө тавин стратегиа шинэчилсэн. Энэ удаагийн стратегийн шинэчлэлийн гол зорилго нь зөвхөн зэсийн бизнесийг цогцлоохоос гадна бусад чухал асуудлуудаа хамтад нь авч явах ёстой гэж үзсэн. Тухайлбал, Оюу толгой гэх төслийг дараагийн бизнес болгож авч яваа хамт олон, ажилчид түүний 97 хувь нь монголчууд байна, энэ бол эн тэргүүний чухал чиглэл юм. Дараагийн чиглэл нь, уул уурхайн бизнес хөгжүүлэх явцдаа олон талт хамтын ажиллагаа чухал гэж харсан.

Хувь эзэмшигчидтэйгээ ямар харилцаатай байх, нийт оролцогч талуудтай /төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, орон нутгийн иргэд, гэрээт компаниуд, ханган нийлүүлэгчид гэх мэт/ яаж хамтарч ажиллах, харилцан ашигтай, үр өгөөжтэй, хамтын ажиллагааг урт хугацаандаа яаж авч явах вэ зэрэг асуудлууд нэг хэсэг нь юм. Харин гуравдагч чиглэл нь хөрст дэлхий. Бидний явуулж буй үйл ажиллагаа байгаль болон нийгэмдээ ээлтэй байх ёстой, тиймийн тул эн тэргүүнд юунд анхаарч ажиллах ёстой, тухайлбал, усны асуудал, биологийн олон төрөл зүйлүүдэд тодорхой стандартууд, тэргүүн туршлагуудыг нэвтрүүлэхээс гадна эдгээр асуудалд урт хугацаандаа яаж шийдэл гаргаж явах вэ гэдгийг чухалчилсан. Эцэст нь хүртэх үр өгөөжийн чиглэл яригдаж байна. Яаж өртгөө нэмэгдүүлэх, яаж зах зээлд гарах, бизнест ашигтай байх ямар суурь үндсүүд байна гэдэг асуудлаа хөндсөн. Ингэснээр цогц стратегийн шинэчлэл бий болж байгаа юм. Энэ стратегиа зөвхөн бизнесийн хүрээ, дотооддоо яриад орхих биш, олон нийтэд ил байх ёстой юм гэдэг талаас нь танилцуулж байгаа юм. Монгол Улсыг дараагийн түвшин буюу дэлхийн тавцанд гаргахад хамтын ажиллагаа ямар байх юм гэдгийг ил тод байдлаар олон нийтэд хүргэж байгаагаараа онцлог юм.

-Хамтын ажиллагааны чиглэлд тусгагдсан “Үндэсний хэмжээнд болон орон нутгийн түвшинд эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх үйл явцыг хурдасгах зорилгоор бизнесийн түншүүдтэйгээ хамтран ажиллана”. Мөн “Үйл ажиллагаа явуулж буй орон нутагт тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана” гэсэн өгүүлбэр их анхаарал татаж байна. Танай хэлтэстэй ч холбоотой санагдлаа?

-Манай компанийн орон нутгийн харилцааны хэлтэс үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Нэгдүгээрт, орон нутгийн иргэдтэй эерэг, урт хугацааны найдвартай харилцааг үргэлжлүүлэх, хоёрдугаарт, уурхайгаас нийгэм, эдийн засаг, байгаль орчинд нь үзүүлж байгаа нөлөөллийг арилгах, хянах, гуравдугаарт, орон нутгийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, үр өгөөжөө хүртээх, түүгээрээ дамжуулан орон нутгийн иргэдийн амьдралд эерэг нөлөөллийг бий болгох, урт хугацааны тогтвортой үр дүн авчрах гэсэн чиглэлтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн 20 орчим жилийн хүрээнд энэ чиглэлээ баримтлан ажиллалаа. Энэ хугацаанд нийгэм болон байгаль орчны чиглэлээр тэргүүлэх туршлагуудыг нэвтрүүлж чадлаа. Энэ бүхэнтэйгээ уялдуулан дараагийн 100 жил бид яаж ажиллах вэ, орон нутгийн харилцааг яаж өргөжүүлэн хөгжүүлэх вэ гэдгээ шинэ стратегидаа тусгаж өгсөн байгаа. Үүний гол үндсэн хоёр чиглэлийн нэг нь болохоор Оюутолгой компанийн нийгмийн хөрөнгө оруулалт юм. Энэ нь орон нутаг, бүс, үндэсний хэмжээнд тогтвортой түншлэлээр дамжуулан нийгмийн хөрөнгө оруулалтыг яаж оновчтой хүргэх, бодит үр дагаврыг яаж авчрах гэсэн чиглэлийг тусгасан. Харин дараагийнх нь чиглэл бол бүс нутгийн хөгжлийн асуудал юм. Зөвхөн Өмнөговь аймаг бус Ханбогд болон өмнийн говийн бүсийн хөгжил хоорондоо уялдаатай цогц ажил байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс хөгжлийн боломжуудыг яаж тэгш, хүртээмжтэй хүргэх, яаж хамтын ажиллагааг бий болгох вэ гэдэг асуудлууд орж ирсэн.

-Зэсийн салбарын технологи, хөгжил цар хүрээ тэлж буй өнөө үед танай компанийн үйл ажиллагаа ч улам өргөжин тэлж байна. Тиймээс энд орон нутгийн оролцоо ямар байх вэ?

-Хамгийн их байна гэж бодож байна. Бид өнгөрсөн хугацаанд өөрсдөд тулгарсан алдаа, оноондоо суурилан ажил үйлчилгээгээ улам сайжруулсаар байна. Уурхайн төсөл эхэлж байхад бид барилгажилтын үе дээр нөлөөллийг арилгах ажлуудыг нэлээд хийж байлаа. Энэ ажлыг ихэвчлэн компани удирдан зохион байгуулдаг байж. Хэдийгээр орон нутгийн иргэдтэй зөвшилцдөг байсан ч хэрэгжүүлэх үйл ажиллагааг байнга компаниас шийдвэрлэдэг байсан. Энэ үйл явцыг “хэт уул уурхайгаас хамааралтай харилцаа бий болоод байна” гэж үзээд нөлөөллийн ажлыг хийхээс гадна тогтвортой хөгжлийн асуудал яригдах цагт орон нутгийн иргэдийн оролцоо, шийдвэр гаргах процесст оролцуулах нь чухал юм байна гэж дүгнэсэн. Ялангуяа хөгжлийн асуудал яригдахад санаачлага орон нутгаас эхлэх ёстой юм байна гэдгийг 2013 оноос ярьж эхэлсэн. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2015 онд Өмнөговь аймаг болон Ханбогд сумтайгаа хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байдаг. Үүгээрээ дамжуулан тогтвортой хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шийдвэрүүдэд орон нутгийн иргэдийг оролцуулж эхэлсэн. Ингэснээр хийж хэрэгжүүлж буй ажил, төсөл хөтөлбөрийн үр дүнг орон нутгийн иргэд бодитойгоор хүртэж хоорондын харилцаа ч мөн адил дараагийн түвшинд хүрч эерэг харилцаа бий болсон гэж үзсэн.

-“Говийн Оюу” хөгжлийг дэмжих сан гэж байдаг шүү дээ, тэр сангаар дамжуулан ямар ажил, төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн бэ, ямар үр дүн гарч байгаа вэ. Мөн 2022 онд Ханбогдын хөгжлийг дөтлөх хурдасгуур санг байгуулах шийдвэр гаргасан шүү дээ?

-“Говийн Оюу” хөгжлийг дэмжих сангаар дамжин орон нутгийн иргэдийн хамтын ажиллагаа өргөжсөөр байгаа. Тухайлбал, долоон төрлийн төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Үүнд: байгаль орчин, ус, хөдөлмөр эрхлэлт, ханган нийлүүлэлт, орон нутгийн жижиг дунд бизнесийг дэмжих, соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалын гэсэн төсөл хөтөлбөр бий. Энэ бүхэнд орон нутгийн иргэдийн оролцоо хамтын ажиллагаа бий болж байгаа бол нөгөө талаас Ханбогдын хөгжлийн асуудлыг шинэ стратегидаа оруулж ирсэн. Өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд Ханбогд сумын асуудал бидний анхаарлаа хандуулдаг, тэргүүлэх чиглэлийн гол ажлын нэг байсан. Тиймээс хөрөнгө оруулалтаа үе шаттайгаар хийсээр ирсэн. Ирээдүйн Ханбогд хот маань орчин цагийн хот болоход зайлшгүй шаардлагатай инженерийн болон нийгмийн дэд бүтцүүдийг нь өнөөдрийн байдлаар бий болгоод байна. Дараагийн түвшинд Ханбогдыг хот болгохын тулд хамтдаа мастер төлөвлөгөөг нь шинэчлэн боловсруулж, бүр Засгийн газрын түвшинд хүрч батлуулсан. Энэ төлөвлөгөөнөөс харахад 2040 он гэхэд Ханбогд сум маань 25 мянган хүн амтай, том суурин болохоор байгаа. Мөн хэрэгжилтэд нь 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр болж, эхний ээлжийн санхүүжилтээ хийсэн. Ханбогдын хөгжлийг дөтлөх хурдасгуур сан 2022 оны сүүлчээр байгуулагдсан. Ерөнхийдөө Ханбогдын мастер төлөвлөгөөг хэрэгжүүлээд дуусах хүртэл 800 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Гэвч ирэх 20 жилд тэр их мөнгийг Ханбогд сум маань хууль эрхзүйн хувьд ч тэр босгох боломжгүй. Тиймээс хөрөнгө оруулалтын ¼ болох 50 сая ам.долларыг манай компани гаргахаар болсон. Гэхдээ Ханбогдыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хамтдаа тодорхойльё, хамтдаа хэрэгжүүлье, үүний үр дүнд 2040 онд энд суурьшиж амьдрах манай ажилчдын амьдралын чанарт бодитой өөрчлөлт авчрахаас гадна XXI зууны ногоон, ухаалаг тогтвортой суурин бий болно гэж үзэж байгаа.

-Таныг орон нутаг хариуцсан хүний хувьд голчлон орон нутгийн чанартай асуулт асууж байгаа юм. Оюу толгойн гүний уурхайд 500 орчим эмэгтэй оператор, цахилгаанчин, тэргүүн эгнээний удирдах албан тушаалд ажиллаж байна гэдгийг гүйцэтгэх захирал илтгэлдээ дурдсан. Тэгвэл үүнд хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэр байдаг юм бол?

-Ямартаа ч нийт ажиллах хүчний 22 хувь буюу 4300 хүн нь Өмнөговь аймгийн иргэд байдаг. Түүнээс 1800 гаруй нь Ханбогд сумаас ажиллаж байна. Бид орон нутгийн хөдөлмөр эрхлэлт, ханган нийлүүлэлт дээрээ 2017 оноос эхлэн орон нутагтайгаа хамтарсан ажлын хэсэг байгуулаад явж байна. Үүний үр дүнд хамтарсан төлөвлөлтөө гаргаж, орон нутгийн иргэд болон бизнесийг тодорхой шалгуур үзүүлэлтээр тогтоосон. Мөн ажиллах хүчний хувьд орон нутгийн иргэдийн тоог яавал нэмэгдүүлэх, сургалтын чанарыг хэрхэн нэмэгдүүлэх гээд асуудлуудаа хамтран шийдэж байна.Тухайлбал, Хүний нөөцийн багаас орон нутгийн иргэдэд ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх, ярилцлага, өргөдөл болон товч намтар хэрхэн бичих зэрэг сургалтуудыг явуулахаас гадна, ганцаарчилсан зөвлөгөөг өгч ажиллаж байна. Баяжуулах үйлдвэрийн операторын сургалтыг Өмнөговь аймгийн хэмжээнд нээлттэй зарлаж, аймгийн хөдөлмөрийн хэлтэс болон хамтарсан хөдөлмөр эрхлэлтийн ажлын хэсгээрээ дамжуулан мэдээллийг хүртээмжтэй хүргэсэн ба сонгон шалгаруулалтыг мөн хамтран хийж, 100 хувь Өмнөговь аймгийн иргэдийг хамруулсан. Жил бүр Өмнөговь аймаг болон дөрвөн түншлэгч сумдуудад нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагддаг. Энэ жил есдүгээр сард зохион байгуулагдсан тус өдөрлөгт ОТ болон томоохон гэрээт 12 байгууллагууд 200 гаруй ажлын байртай оролцож, орон нутгийн иргэдийн өргөдлийн сан үүсгэсэн ба дөрвөн иргэнд газар дээр нь ажилд орох батламж олгосон.

-Үндэсний ханган нийлүүлэлтийн найдвартай сүлжээг бий болгож хөгжүүлэх нь энэ стратегийн тэргүүлэх чиглэлийн нэг хэсэг гэсэн. Тэгэхээр үүнд орон нутгийн ААН-үүдийн оролцоо ямар байдаг вэ?

-“Монголд үйлдвэрлэв” гэдэг бодлогыг сүүлийн 7-8 жил тасралтгүй хэрэгжүүлж байна. Үүнээс Өмнөговьд, Ханбогдод үйлдвэрлэв гэдгийг онцолж байна. Өнөөдрийн байдлаар Ханбогдын 64 ААН-тэй хамтран ажиллахаас гадна 14 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг орон нутгаас авна гэдэг чиглэлийг барьж байна. Орон нутгийнхны хувьд эн тэргүүнд баяжмал тээвэрлэх үйлчилгээ, савхин бээлий, бүс үйлдвэрлэх, хөдөлмөр хамгааллын хувцас, хүнсний үйлдвэрлэл, хүнсний ногоо гэх мэтчлэн чиглэлд хамтран ажиллаж, үндэсний ханган нийлүүлэлтийн найдвартай сүлжээг бий болгоод байна. Зөвхөн уурхайн талбайд биш Ханбогд сум дээрээ ямар үйл ажиллагаа, ямар бизнесийг байршуулж болох вэ гэдгийг стратегийнхаа хүрээнд шинэчилсэн.

-Боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх нь Оюу толгой компаний ажлын салшгүй нэг хэсэг гэж ойлгодог. Өнөөдрийн байдлаар энэ тал дээр орон нутаг хоорондын харилцаа хийгээд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа дурдвал?

-Дээр хэлсэнчлэн “Говийн Оюу” хөгжлийг дэмжих сангаараа дамжуулан 2015 оноос хойш өнгөрсөн жил хүртэлх хугацаанд 100 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ жилийг нэмэхээр 122 тэрбум төгрөг болж байгаа. Энэ их мөнгөний 60 хувь нь боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулагдсан байна. Учир нь, боловсрол болон эрүүл мэнд хүний хөгжлийн суурь юм. Бид Өмнөговийн оюутнуудыг жил бүр уг сангаараа дамжуулан “Говийн оюу” оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдаг. Энэ хөтөлбөр маань найм дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд нийтдээ 400 гаруй оюутан хамрагдснаас 80 хувь нь эргэн орон нутагтаа ажил хөдөлмөр эрхэлж байна. Зөвхөн уул уурхайдаа боловсон хүчин бэлтгэхээс гадна орон нутгийн хөгжилд нэн хэрэгцээтэй салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Нөгөөтэйгүүр уурхайд ажиллах орон нутгийн иргэдэд мэргэжлийн баримжаа олгон, сургаж ажилд авч байна. Түүнчлэн жил бүр олон улсын тэтгэлэг буюу гадаадад суралцах тодорхой тооны оюутнуудад тэтгэлэг олгодог. Ханбогд сумаас дөрвөн оюутан гадаадын тэтгэлэгт хамрагдан суралцаж ирээд нутагтаа ирж, сурсан мэдсэнээ хүүхэд багачуудад заан сургаж, нутагшуулж байна.

-Оюу толгойн нийгмийн хөрөнгө оруулалт 26 сая ам.долларт хүрсэн. Эндээс нийгмийн хариуцлагаа сайн биелүүлдэг юм байна гэж харж байна?

-Бид 2023 онд нийгмийн сайн сайхны төлөө хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд ийм хэмжээний хөрөнгө зарцуулж байна. Үүнд өмнө дурдсан ажлууд бүгд орно. Ханбогдын хөгжлийг дөтлөх хурдасгуур сангаар дамжуулан энэ онд сумын төвийн зам барих, нийтийн чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх спортын төв, гудамж талбай тохижуулах, сумын эмнэлэгийн барилгыг засварлах гээд нийгмийн үйлчилгээний барилгын олон ажлууд хийгдэж эхлээд байна. Мөн 2015 оноос эхлэн Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлж жил бүр гэрээнд заасан дагуу таван сая ам долларын санхүүжилтийг Өмнөговь аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжихэд олгож байна. Энэ мөнгөн дүн нь инфляци тооцох заалттай учраас жил бүр өссөн дүнтэй байдаг. 2023 онд гэхэд 6.2 сая ам долларын санхүүжилт хийсэн. Хамтын ажиллаганы гэрээний хүрээнд 2015 оноос хойш бидний тууштай хэрэгжүүлж буй бидний үүрэг амлалт Өмнөговь аймагт нийгмийн сайн сайхны төлөө олон ажил болж байгаад туйлын баяртай байдаг. Өмнөговь аймагт нэг музей, хоёр сургууль, таван цэцэрлэг, гурван эмнэлэг, хоёр спортын ордон, гурван уурын зуух, ус цэвэрлэх байгууламж, хогийн цэг, үерийн далан, 152 малчны худаг зэрэг нийгмийн дэд бүтцийн 90 гаруй төсөлд хөрөнгө оруулалт хийгээд байна. Яг одоо гэхэд Даланзадгад суманд 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдаж байна. Цогт-Овоо суманд эрүүл мэндийн төв баригдаж байна. Үүнээс гадна, бид нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, хамтын үнэ цэн бүтээх зорилтын хүрээнд Улаанбаатар хотод нийгмийн эрүүл мэнд, тэр дундаа өсвөр үеийнхэнд хандсан олон төслийг санаачлан хэрэгжүүлж байна.

-Говь нутгийг ногооруулах нь юу юунаас чухал ажил шүү дээ. Тиймээс танай хамт олон мод тарих ажилд манлайлан оролцдог. Өнөөдрийн байдлаар энэ ажил хэр явж байгаа вэ?

-Оюутолгой компани Өмнөговь аймаг болон Ханбогд сумтайгаа хамтран мод тарих гэрээ байгуулсан байгаа. Мод тарих гэдэг нь цогц ажил байх ёстой гэдэг үүднээс бид Ханбогд суманд таван га газар мод үржүүлгийн газар нээсэн. Түүнийгээ өргөжүүлэн, зэргэлдээ таван суманд мод үржүүлгийн талбай байгуулан ажилчид, иргэдийнхээ чадавхийг сайжруулах ажил давхар хийж байна. Мод тарихдаа гол нь биш ургуулахдаа гол нь оршдог гээд байгаа шүү дээ. Ханбогд суманд байрлах Байгаль орчны хэлтсийн байгалийн ургамлын үржүүлгийн талбайгаас 2012 оноос эхлэн иргэд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад үнэ төлбөргүй мод, тарьц суулгацыг нийлүүлэн ирсэн. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн арван сум, бусад зэргэлдээх аймгууд болох Дундговь, Дорноговь, Улаанбаaтар хот зэрэг газруудад нийт 205.000 мод сөөг үнэ төлбөргүй тараан, иргэд аж ахуйн нэгжүүдэд хөрс, бордоо бэлтгэх, мод тарих, арчлах сэдвээр сургалт, зөвлөгөөг хүргэн ажиллаж байна.

-Говьд нэн тэргүүнд, усны асуудал их хурцаар тавигддаг. Тэгэхээр усны аюулгүй байдлыг хангах, хэрэглээний хангамж, хүртээмж, худаг ус гаргах гээд энэ тал дээр иргэд, малчдад ямар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Орон нутагтайгаа яаж хамтарч байна вэ?

-Говь нутгийн усны асуудал бол хүн бүрийн санааг зовоосоор байгаа. Тиймээс ч бид орон нутгийн байгаль орчин, усны асуудал дээр ихээхэн анхаарч ажилладаг. Ялангуяа орон нутгийн шат шатны бодлого чиглэл, иргэдийн хүсэл, санал санаачилагыг үндэслэн хамтран ажиллаж байна. ОТ компани 2010 оноос эхлэн нутгийн иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт-үнэлгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэж байгаа бөгөөд худаг-ус, агаарын бохирдол, ургамалбэлчээр, зэрлэг ан, амьтан гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн хүрээнд байнгын хяналт хийсээр ирсэн. Малчдын болон бэлчээрийн усан хангамж, хүртээмжийг сайжруулах чиглэлээр нэлээд анхаарал хандуулан ажиллаж байна. 1990 оноос өмнө ашиглагдаж байсан инженерийн хийцтэй худгууд болон гар худгуудыг сэргээн засварлах, ашиглалтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Өмнөговь аймгийн зүүн бүсийн сумдад 250 орчим гар болон гүний худгийг сэргээн засварлаж, ашиглалтыг сайжруулсан нь ойролцоогоор 1000 орчим малчдын уст цэгийн хүртээмж, нөхцөл нэмэгдэж, 300 мянга орчим га бэлчээрийн усан хангамж, бэлчээр ашиглалт сайжирсан гэж үзэж байгаа. Сүүлийн үед бид ногоон эрчим хүчийг дэмжих, хөгжүүлэх санаачлагын хүрээнд Уст цэгийг хамгаалах болон Инженерийн хийцтэй худгуудад нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийн төхөөрөмж суурилуулах ажлыг хийж байгаа бөгөөд ингэснээр малчдын эдийн засагт хэмнэл бий болгох, гар ажиллагааг хөнгөвчлөх зэрэг асуудлууд дээр шийдэл хайсаар байна.