Үндэсний томоохон төслүүд хэрэгжиж, Төв аймагт хүн амын төвлөрлийг татах боломж бүрдээд байна

Нийгэм, Эдийн засаг

М.ДАВАА

   Төв аймгийн Зуунмод хотын баруун талын давааг давахад аймгийн төв, болон Өв соёлын өргөө хүн, машины хөл хөдөлгөөн ихтэй харагдана. Учир нь энд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Хот хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд “Нээлттэй Төв аймаг” форум болж байгаа нь энэ аж. Уг форум энэ сарын 13-нд Зуунмод хотод зохион байгуулагдлаа. “Нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” төр-хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн Төв аймгийг аж ахуйн нэгж болон иргэд сонгон суурьших шалтгаануудын талаар өргөн хүрээнд ярилцлаа.

Форумын үеэр:

  • “Нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” сэдэвт төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулга
  • Төв аймагт үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
  • “Нээлттэй сум
  • Нутгаа зорьё” сэдвийн дор тус аймгийн 27 сумын өдөрлөг
  • “Төв аймаг – Аялал жуулчлалын бүс нутаг” нээлттэй өдөрлөг
  • “Нээлттэй ажлын байр”-ны өдөрлөг
  • Төрийн байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг” тус тус зохион байгууллаа.

  Түүнчлэн Төв аймаг бол Улаанбаатарыг тойрон хүрээлсэн, хамгийн ойр хаяа залган оршдог аймаг. Энэ утгаараа нийслэлийн иргэдийн хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа газар тариалангийн болон сүү сүүн бүтээгдэхүүний тодорхой хувийг хангаж ирсэн. Тиймээс аймагт хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүд, түүнд хамрагдах, хамтарч ажиллах боломжуудыг ч мөн танилцуулсан юм.Энэ чиглэлд маш олон чухал төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Тодруулбал Хөдөө аж ахуйн өндөр технологийн төслүүд ба экспорт, Эрчимжсэн үхрийн аж ахуй, Махны цогцолбор үйлдвэр гэх мэт олон чухал төслүүдийн танилцуулга, мэдээлэл хийгдэв. Мөн эдгээр танилцуулсан төсөл, бүтээн байгуулалтын талаар оролцогчид хэлэлцүүлэг зохион байгуулж, Төв аймгийг сонгон суурьших боломжийн талаар тодорхой ярьсан нь форумд оролцогчдын хувьд нэлээд чухал байсан юм. 

Д.МӨНХБААТАР: ТӨВ АЙМАГ 10 МЯНГАН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХ БОЛОМЖТОЙ 

Форумын үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Төв аймагт шилжин ирэх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих, аймаг орон нутгаа хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилтын хүрээнд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, өөр аймгаас 25 аж ахуйн нэгж, байгууллага, 800 гаруй иргэн Төв аймагт шилжин суурьшиж ажиллаж, амьдарч байна. Төв аймагт 2023 оны аравдугаар сарын байдлаар 800 иргэн, 23 аж ахуйн нэгж шилжин ирсэн нь Хөдөөгийн сэргэлтийн бодлого бүрэн хэрэгжиж үр дүн өгч байгааг харуулж байна гэдгийг онцолсон юм. Түүнчлэн, Төв аймаг 10 мянган ажлын байр бий болгох боломжтойгоос гадна 20 мянган шилжин ирэх иргэд, 500 мянган жуулчин хүлээн авах хүчин чадалтай байна. Улсынхаа нийслэлийг хүнсээр, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг Хөдөө аж ахуйн стратегийн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч 100 жилийн түүхтэй Төв аймагт “Хөгжлийг тэтгэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалт өрнөж Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, Богд хан төмөр зам, Эдийн засгийн чөлөөт бүс, Шинэ Зуунмод хот байгуулах Үндэсний томоохон төслүүд хэрэгжиж манай аймагт хүн амын төвлөрлийг татах боломж бүрдээд байна. Форумын бас нэг гол асуудал нь шилжин ирэгсдийн амьдрах нөхцөл бололцоог сайжруулах, дэд бүтцийг бий болгох гэсэн гарц гаргалгааг хайж байна” гэдгийг ч давхар онцолсон юм. Мөн Шинэ Зуунмод хот, Зуунмод хотыг холбосон найман км автозамыг ашиглалтад оруулаад байна. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд сумдад 84 сургууль цэцэрлэг, эмнэлэг, дотуур байр, төрийн үйлчилгээний барилгийг барьж ашиглалтад оруулахаас гадна 150 орчим барилга байгууламжийг их засварт хамруулсан байна.

Түүнчлэн Угтаал, Цээл, Заамрын чиглэлд зам тавигдаж байна, ингэснээр манай аймгийн 27 сумаас 16 сум нь улсын чанартай автозамд хатуу хучилттай автозамаар холбогдлоо. Түүнчлэн 26 сум төвлөрсөн халаалтын системд холбогдлоо. Үүнээс 13 суманд инженерийн цогц дэд бүтцийг хийхээр эхний таван суманд ажлаа эхлүүлсэн байгаа. Зөвхөн төрийн байгууллага биш, цаашлаад ААН, айл өрхүүдийг цэвэр бохирын системд холбохоор бэлтгээд байна. Энэ бүхэн мэдээж хөгжлийн суурь, хөгжлийг тэтгэсэн дэд бүтэц гэж харж байна. Сум орон нутагтаа дэд бүтцээ хэдий чинээ сайн бий болгож чадна, тэр хэрээрээ тэнд иргэд, ААН, байгууллагууд ажиллах, амьдрах нөхцөл бололцоо бүрдэж байгаа юм. Манай аймгийн эдийн засгийг бэхжүүлэх үндсэн салбар бол хөдөө аж ахуй. Тиймээс ХАА-н үйлдвэрлэлийн томоохон стратеги мөн аялал жуулчлалын стратеги боловсруулсан. Энэ хоёр стратеги дээрээ тулгуурлан шилжин суурьшиж байгаа болон нутаг орноо зориод ирж байгаа иргэдийнхээ үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийг уялдуулан ажиллаж байна. Газар нутгийн хувьд онцлогтой аймаг, нийслэл хот маань манай газар нутагт оршдог. Өнөөдрийн байдлаар улаанбаатар хотын харьяат 22 мянга орчим иргэн манай аймгийн сумдад газар өмчилж авсан байна. Эдгээр иргэд маань манай сумдад амьдрах боломжтой болж байгаа тул бидний зүгээс амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх, сайн дэд бүтэц л бий болгох хэрэгтэй. Тухайлбал, цахилгаан эрчим хүч, ундны ус, зам харилцаа гээд асуудлуудыг шат дараатай шийдэх ёстой, аймгийн хувьд хүн амын тоогоо 120 мянга хүргэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ дагуу аймаг, сум ялгаагүй энэ чиглэлд анхаарлаа хандуулан хийж хэрэгжүүлж буй ажил, төсөл хөтөлбөрүүдээ ч энэ чиглэлд зөв чиглүүлээд ажиллах зорилт дэвшүүлж байгаа” гэж хэллээ. 

“НЭГ СУМ-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ХҮНИЙ ХӨЛД ДАРАГДАЖ ӨНЖЛӨӨ 

Манай аймгийнхан угаас хөдөлмөрч, ажилч хичээнгүй хүмүүс. Тэр утгаараа “НЭГ СУМ-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” үзэсгэлэн худалдаа сонирхогч, худалдан авагчдын хөл хөдөлгөөн ихтэй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хүн их байна гэдэг маань бараа бүтээгдэхүүн ихтэй, чанартай байгааг илтгэж буй нь гарцаагүй. Энэ жилийн хувьд хүний хөл хөдөлгөөн их байна гэдгийг үзэсгэлэнд оролцогчид болон худалдан авагчид аль аль нь ам уралдан хэлж байлаа. Хүнс үйлдвэрлэгч аймгийн хувьд хаашаа ч харсан шинэхэн ногоо, шинэхэн мах, шинэхэн бараа бүтээгдэхүүнүүд өрөөстэй. Иргэд өөр өөрсдийн боломж бололцоод тааруулан тор, шуудайгаар хүнсний бараагаа аван нөөцөлж харагдана. Өв соёлын өргөө хэмээх тэр том цогцолборын талбай хүн, машинаар пиг дүүрсэн байх нь 100 жилийн баяр наадмын үеийн хүн, машины хөл хөдөлгөөнийг санагдуулна. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол улсын Засгийн газрын хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох зорилтыг хангах түшиц аймаг Төв аймаг. Үржил шимт хөрс, ажилсаг, хөдөлмөрч ард иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүнд Төв аймагчууд улсын хэмжээний үр тарианы 26 хувь, төмсний 50 хувь, хүнсний ногооны 18 хувь, ногоон тэжээлийн 55 хувийг, нийслэл Улаанбаатар хотын хүн амын махны хэрэгцээний 40 хувь, хүнсний ногооны 56.5 хувь, сүүний хэрэгцээний 45 хувийг тус тус хангаж байна. Аймгийн хэмжээнд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Нэг сум нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа Өв соёлын төв өргөө цогцолборт зохион байгуулагдаж, 27 сумын үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгдчийн нэрийн хуудас болсон брэнд бүтээгдэхүүнүүдээ (сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнүүд) худалдааллаа. Үзэсгэлэн худалдааны давуу тал нь гарал үүсэл нь тодорхой, эрүүл органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн гар дээрээс шууд худалдан авалт хийдгээрээ онцлогтой. Үзэсгэлэнд оролцож байгаа бараа бүтээгдэхүүн олон байсан ч нэг лангуу яах аргагүй хараа булааж байсан юм. Модны мөчир ашиглан төрөл бүрийн ан амьтан, эд хэрэглэл хийсэн, хүн бүрийн анхаарал, харааг булаасан тэр иргэн бол Төв аймгийн Борнуур сумын “Халиун буга” ойн нөхөрлөлийн сангийн гишүүн хувиараа үйлдвэрлэл эрхлэгч, уран бүтээлч Г.Тогмид юм.

Г.ТОГМИД: СОНИРХЛЫНХОО ДАГУУ МОДНЫ МӨЧИР, УРААР БҮТЭЭЛ УРЛААД 20 ЖИЛ БОЛЖЭЭ

Миний хувьд ойн сангаасаа байгалийн дагалдах бүтээгдэхүүн болох хаягдал модны мөчир, ур зэргийг олж авдаг. Тэдгээрийгээ бага зэрэг янзлаад бэлэг дурсгал, сувинер, амьтан болгодог. Унасан мөчир түүгээд толгой нүд, хөл гар хийхэд л амьтан болчихдог. Үндсэндээ байгаль өөрөө урлачихсан байдаг, миний зүгээс нэмэлтээр бага зэрэг засаж янзалдаг. Өөрийнхөө ахуй амьдралд нэмэр болгож хийхээс гадна өөрөө их дуртай, хоббитой гэх үү дээ. Энэ ажлаа сонирхолдоо хөтлөгдөж хийгээд бараг 20 орчим жил болсон байна. Үнэ ханшгы хувьд сонирхож буй хүнтэй нь ярилцаж байгаад л борлуулчихдаг, тэгэхээс тогтсон хатуу үнэ барьдаггүй л дээ. Сүүлийн үед мод, ураар хийдэг уран бүтээлч ховордсон, тиймээс ганц нэг хүүхдэд зааж сургаж байна. Сум орон нутгаас янз бүрийн хөнгөлөлттэй зээл, тусламж олгодогт баярлаж явдгаа бас хэлмээр байна.