ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН ХАМТЫН АЖИЛЛАГАА ХӨГЖҮҮЛЭХ НЭГЭН ТАЛБАР

Дэлхийн мэдээ

Д.ЦЭРЭНСАМБУУ

   Оросын эсрэг санхүү-эдийн засгийн хориг тавьсанаар тус улсын эдийн засгийг хямралд оруулна хэмээн барууныхан тооцоолсон боловч энэ нь биеллээ олсонгүй. Хориг тавьж, баруунтай эдийн засгийн харилцаагүй болсон нь Оросын үндэсний үйлдвэрлэл хөгжихөд түлхэц болоод зогсохгүй бүр эсрэгээрээ Европын орнууд өөрсдөө хүнд байдалд орлоо. Цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэнээс хойш ОХУ-д үзүүлэх болсон эдийн засгийн шахалт улам нэмэгдсэн. Үүний хамгийн гол зорилго нь дэлхийн улс орнуудаас Оросыг тусгаарлаж, ганцаардуулах гэсэн явдал. Гэтэл бодит амьдрал дээр бүх юм эсрэгээрээ эргэсэн. Оросыг бусдаас таслах гэсэн биш харин ч хөгжиж байгаа орнууд ОХУыг эрх тэгш харилцаа, бусдын ашиг сонирхлыг харгалзсан зарчимтай олон улсын харилцаа бий болгож чадах цөм хэмээн үзэж, тус улс руу улам ихээр татагдах боллоо. Харин Монгол Улс ЕАЭЗХ (Евразийн эдийн засгийн холбоо), БРИКС (BRICS), ШХАБ (Шанхайн хамтын ажиллагааны байгуулага) зэрэг байгууллагуудтай болгоомжтой харилцах болсон. Дашрамд дурдахад ОХУ нь эдгээр байгууллагуудын гишүүн гэдгийг сануулмаар байна. Дээрх байгуулагуудтай дотно харилцаатай болбол Оросын талыг баримтлалаа хэмээн “гуравдагч хөршүүд” үзнэ хэмээн Монголын улс төрийн дээдчүүд болгоомжилж байгаа байх. Гэтэл БРИКС, ШХАБ нь барууны эсрэг бус бие даасан хүч. Тус байгууллагууд нь маш тодорхой үзэл баримтлал, зарчимтай. Тодруулбал, улс орны дотоод хэрэгт оролцохгүй байх, олон улсын эрх зүйг хүндэтгэсэн, олон ургалч бодлого баримталдаг. Тиймээс Монгол нь тус байгууллагуудын гишүүн болсон ч “гуравдагч хөршүүдтэйгээ” урьдын адил хамтран ажиллахад ямар ч саад байхгүй. Өнгөрөгч 2022 онд БРИКС гишүүдийнхээ тоог нэмж, хүрээгээ тэлэх гэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд үр дүн нь гэвэл энэ жил гэхэд 20 гаруй улс элсэх хүсэлтэй байгаа. ШХАБ болон БРИКС зэрэг байгууллагуудаар дэмжуулан харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх нь Монголын үндэсний эрх ашигт нийцээд зогсохгүй, тогтвортой хөгжихөд эерэгээр нөлөөлж магадгүй. Үүнд цар тахлын үед улс орны нийгэм-эдийн засгийн хөгжилд үзүүлсэн сөрөг нөлөө ч хамаатай. Харин ЕАЭЗХ (Евразийн эдийн засгийн холбоо)-ны хувьд гэвэл тус байгууллагын гишүүн орнуудын сүүлийн жилүүдийн үйл ажиллагаа нь эдийн засгийн салбарт хамтран ажиллах нь ашиг тустай гэдгийг харуулсан.

 Сүүлийн жилүүдэд манай эрх баригчид гадаад орнуудтай эдийн засгийн салбарт хамтрахдаа ОХУ-тай нягт хамтрахаас зайлсхийж байгаа нь эдийн засгийн хоригт өртөж магадгүй хэмээн болгоомжилж байгаатай холбоотой. Цар тахал гарахаас өмнөхөн Монгол Улс ЕАЭЗХ-тай хамтрахаар гараагаа тун давгүй эхэлсэн. Тиймээс үүнийгээ үргэлжлүүлж, юуны түрүүн Оросын бүс нутгуудтай хамтарсан төслүүдээ идэвхжүүлэх хэрэгтэй. УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн зургадугаар сард ОХУ-д айлчлахдаа хоёр улсын бүс нутгуудын хамтын ажиллагаанд нэлээд анхаарал хандуулж Эрхүү мужийн удирдлагуудтай уулзсан. Энэ талын хамтын ажиллагаанд Орос-МонголХятад гурвын эдийн засгийн нэгдсэн хонгил байгуулах нь ирээдүйтэй. Энэ нь ирээдүйд бүс нутагт дэд бүтэц болон тээвэр-ложистикийн бүтээн байгуулалт бий болгоно. ОХУын Буриадын Бүгд Найрамдах улс болон Алтайн хязгаарт монголын бизнес эрхлэгчид амжилттай хамтран ажилласан. Саяхан Эрхүү хотод Монгол, Беларусийн хамтран арьс боловсруулах, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэх талаар яригдсан. Өөрөөр хэлбэл Эрхүү мужид Монголын даавуу болон утсыг ашиглах сүлжмэлийн үйлдвэр байгуулах асуудал юм. Энэ төлөвлөгөөг улам баталгаажуулахын тулд Владивосток хотноо есдүгээр сарын 10-13-нд болох Дорнын эдийн засгийн чуулганы үеэр хамтарсан тунхаг бичиг гаргах талаар ярилцаж байгаа.

  Тус чуулганд Монгол улс идэвхтэй оролцдог. Хоёр улсын хууль батлах байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд парламент хоорондын бүлгийн ажилд онцгойлон анхаарч, хурлаа Улаанбаатар хотноо хийхээр болсон. Хоёр улсын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай салбарууд ч бий. Худалдааны тэнцвэргүй байдалд, дэд бүтцийг хөгжүүлэх хамтарсан төслүүдийн хэрэгжилт удаан байгаад Монгол улс сэтгэл дундуур байдаг. Харин Оросын тал тус улсын бизнес эрхлэгчид болон компаниудын үйл ажиллагаанд албаар саад учруулж байгаа явдлыг гаргуулахгүй хэмээн найдаж байгаа. Ингэснээр шинжлэх ухаан, орчин үеийн технологийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломж бий болно. Ямар ч байсан түүхэн харилцааныхаа үндэс дээр манай хоёр улс нааштай, хамгийн гол нь үр дүнтэй хэлэлцээ хийх боломжтой. Саяхан УБТЗ-ын ачаалал их байгаагаас хуваарийн дагуу түлш нийлүүлээгүй тохиолдолд нөхөн төлбөр олгоно хэмээн тохиролцсон. Түүнээс гадна нефтийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх асуудлаар мөн л тохиролцоонд хүрсэн. Ийнхүү Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагаанд баруунаас тавьсан хоригтой холбоотой саад бэрхшээл байгаа хэдий ч манай хоёр улсад урьдын адил худалдаа-эдийн засгийн салбарт хамтран ажиллах боломж байсаар байгаа. Харин Дорнын эдийн засгийн чуулган нь түүнийг хөгжүүлэх нэг чухал талбар юм.