САЙД АСАН Д.САРАНГЭРЭЛ

Улс төр

Монгол Улсын Ерөнхий сайдаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг хүний эрх, эрх чөлөөнд харшилсан үг хэллэг хэрэглэж, төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд түүнийг сайдын үүрэгт ажлаас нь огцруулахаар шийдвэрлэлээ.  

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн дөрөв,  Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн хоёр, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар огцруулна. Ерөнхий сайдын шийдвэрийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Харин энэхүү үгэндээ сайд асан Д.Сарангэрэл тайлбар өгсөн. Тэрбээр “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ хүлцэл өчиж байна. ХНХЯ гурван том шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа. Тухайлбал, цалин, тэтгэвэр, халамжаас-Хөдөлмөрт шилжих шинэчлэлийг хийхээр хичээн ажиллаж байна. Миний хэлсэн болгоомжгүй үг бол олон улсад “bottom” хэмээн ашигладаг нэр юм. Үүнийг манай мэргэжилтнүүд “улны” хэмээн ашигладаг гэж тайлбарласан. Энэ үгээр олон хүнийг гомдоож, үгийн сонголтын алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна. Цаашдаа үгийн сонголт дээрээ анхаарч ажиллах болно. Би өөрөө олон хүүхэдтэй айлын охин учир хэн нэгнийг гадуурхаж, доромжлох санаа бодол надад огт байхгүй. Харин яаж ард иргэдээ ядуурлаас гарах вэ гэдэг нь хамгийн гол зорилт байна.  

Өчигдөр жишээ болгон ярьсанчлан 1500 хүнийг үсчин болгоно гэсэн үг биш. Ямар мэргэжлийг тухайн хүн эзэмшвэл сардаа сая төгрөг ба түүнээс дээш орлого олох вэ гэдэгт чиглэсэн бодлого юм. Өөрөөр хэлбэл үсчин гэдгийг жишээ болгож хэлсэн" гэлээ.