БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ТӨРӨӨС САНХҮҮЖИЛТ ОЛГОХ, ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ШААРДЛАГА ТУЛГАРСНЫГ СУДАЛГАА ХАРУУЛЖ БАЙНА

Улс төр

Ковид-19 цар тахлын улмаас  эрүүл мэнд, амь нас, боловсрол, эдийн засаг, экспорт импорт, геополитик гээд том жижиг олон асуудлуудтай дэлхий даяараа нүүр тулж байна.  Дэлхий нийтээр цар тахлын улмаас эдийн засгийн хувьд хүнд байдалд байгаа гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Эдийн засаг, зах зээлд үзүүлж буй цар тахлын нөлөөллийг бууруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийг сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд МУ-ын төр засгаас  төсөл хөтөлбөр, арга хэмжээг зохиож байгаа ч тэр бүр жинхэнэ эзэддээ очиж чадахгүй байгаа. Тухайлбал   Хөгжлийн банкны асуудлыг харахад  зээл хэрэгтэй эзэддээ очоогүй нь том жишээ болж байна.  МУ-н Засгийн газраас хэрэгжүүлж буй цар тахлын дараах эдийн засгийг тэлэх, босгох "Шинэ сэргэлтийн бодлого" эдийн засгаа аврах том боломжийн бий болгох байх гэсэн хүлээлттэй ААН, компаниуд их байгаа нь ойлгомжтой. Гэсэн ч ААН, компаниуд өөрийн нөөц бололцоогоо шавхан өндийхөөр зүтгэсээр. Мэдээж алга урвуулахтай адил нэг л өдөр шийдэгдчих асуудал биш тул төрөөс бизнес эрхлэгчдээ дэмжих тал дээр дорвитой арга хэмжээ авах цаг нэгэнт болжээ. Энэхүү хямрал нь эдийн засаг төдийгүй  хөдөлмөрийн зах зээлийг нэлээд ихээр цочроосон төдийгүй   нийлүүлэлт (бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ),  эрэлтэд (хэрэглээ, хөрөнгө оруулалтад) маш ихээр нөлөөлж байна гэдгийг ойлгоход эдийн засгийн нарийн мэдлэг шаардагдахгүйгээр харагдаж байна. Үйлдвэрлэлд нөлөөлж байсан бол цаашлаад дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ, түүнчлэн бизнесийн хэмжээнээс үл хамааран бүх төрлийн бизнес, бүх төрлийн  тээвэр, аялал жуулчлалын салбар, боловсролын салбар,  ажлын байрны хадгалалт,  жижиг, дунд үйлдвэрүүд (ЖДҮ) үйл ажиллагаагаа хэвийн явуулах, улс хоорондын хөдөлгөөн, гээд бүх л салбарт ихээхэн бэрхшээл тулгарч байна. Бага орлоготой хүмүүс,  ЖДҮ эрхлэгчдэд төрөөс санхүүжилт олгох, татварын хөнгөлөлт үзүүлэх шаардлага тулгарсныг судалгаа харуулж байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын сэтгүүлчидтэй  уулзаж, “Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгаа”-ны үр дүнг танилцууллаа.

Уулзалтын эхэнд  Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар  товч мэдээлэл хийв. Тэрбээр “Цар тахлын дараа эдийн засгаа сэргээх төвөгтэй хүнд нөхцөл дэлхий нийтийн өмнө тулгамдаад байна. Дэлхий даяар мөнгөний бодлогын хүү өсч, тээвэр логистикийн асуудал нэлээд төвөгтэй болсон. Энэ үед манай эдийн засгийн нөхцөл байдал, бизнес эрхлэгчдийн байдал ямар түвшинд байгаа вэ гэдэгт бид судалгаа  хийсэн. Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд,  цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгааны үр дүн, нэгдсэн дүгнэлт гэсэн сэдвээр танилцуулъя:  

-2022 оны II улирлын бодит үйлдвэрлэл 7.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.3 хувь, хагас жилээр нийт үйлдвэрлэл 12.7 их наяд төгрөг болж, эдийн засаг 1.9 хувь тэллээ.

-Дэлхийн банкнаас 2022 оны эдийн засгийн өсөлтөд цаг уурын таатай нөхцөл байдлын нөлөөгөөр хөдөө аж ахуйн салбар, 2023 онд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, олборлолт голлон нөлөөлнө гэж үзжээ.

-2022 оны 8 дугаар сард улсын төсвийн тэнцэл 899.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 142.1 тэрбум төгрөг буюу 13.6 хувиар буурчээ.

-2022 оны II улиралд төлбөрийн тэнцэл 104.4 сая ам.долларын алдагдалтай байв.

-Монгол Улсын нийт экспортын 82.6 хувийг БНХАУ, 1.2 хувийг ОХУ эзэлж буй бол импортын 36.4 хувийг БНХАУ, 28.6 хувийг ОХУ эзэлж байна” гэв.

МҮХАҮТ-аас Улаанбаатар хот, орон нутгийн 1073 аж ахуйн нэгжийн дунд цахим хэлбэрээр наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 4-ний өдрүүдэд явуулсан “Цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын судалгаа”-ны үр дүн, нэгдсэн дүгнэлтийг танилцуулав.

-Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 79 хувь  нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна гэсэн бол 21 хувь  тогтвортой ажиллаж чадахгүй байна гэжээ.

-Бизнест эрхлэгчдийн 71 хувь  зээл авах хүсэлтэй, зээл авахаар хандсан боловч 27 хувь  зээлээ авч чадсан. Зээлийн олдоц муу, хүүгийн түвшин өндөр, хугацаа богино, барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй зэргээс шалтгаалж зээл авч чадахгүй байна.

-Бизнес эрхлэгчдийн 96 хувьд үнийн өсөлт сөрөг нөлөөтэй байж, бизнесийн ашиг дунджаар 52%-иар буурсан гэж үзжээ. Үнийн өсөлтийн нөлөөгөөр бизнес эрхлэгчид үйл ажиллагааны зардлаа танасан, бизнесийн стратеги, санхүүдээ шинжилгээ хийсэн, зарим ажлын байраа цөөлсөн байна.

-Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 58 хувь нь мэргэжлийн ажиллах хүчний дутагдалд орсон ба энэ нь цар тахлын өмнөх үеийн судалгаатай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн 85 хувь нь шаардлагатай ажиллагсдаа өөрсдөө сургаж байна гэв.

-Бизнес эрхлэгчдийн 83 хувь  нь ханган нийлүүлэлт ямар нэгэн байдлаар тасалдсан. Ханган нийлүүлэлтийн тасалдлын үед бизнес эрхлэгчид шуурхай уян хатан шийдвэрлэх, өөр ханган нийлүүлэгчидтэй хамтрах сэлгэх, дотоодоос зарим бараа материалын нийлүүлэлтийн сүлжээ бий болгон ажиллаж байна.

Судалгааны үр дүнд цаашид нэн тэргүүнд шийдэх асуудлууд:

-Хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн болгох

-Тээвэр логистикийн асуудлуудыг шийдэрлэх

-Хөнгөлөлттэй зээл, санхүүжилт олгох

-Түр хугацааны татварын хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх

-Түүхий эдийн экспорт/импорт хийхэд хил, гаалиар шуурхай горимоор нэвтрүүлэх,  Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого шийдвэр гаргах

-Мэргэжлийн ажиллах хүчээ сургаж мэргэшүүлэхэд санхүү, татварын дэмжлэг үзүүлэх зэргээр бизнест шаардагдах дэмжлэгүүдийг тодорхойлжээ.