Британийн хатан хаан Елизавета II

Дэлхийн мэдээ

 

Елизавета Александра Мария Винзор британийн ирээдүйн хаан Георга VI-ийн гэр бүлд 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд мэндэлсэн байна. Тэрбээр хааны гэр бүлд өөрийн эцэг, ахынхаа дараа  хаан ширээнд суужээ. Гэр бүлийнхээ хүрээнд гүнж Лилибети гэж нэрлэдэг түүнийг гурван настай байхад нь дэлхий дахин анх харсан юм. Түүний хөрөг 1929 оны дөрөвдүгээр сарын 29-нд Time сэтгүүлийн нүүрэн дээр хэвлэгдэж байжээ.

Эдуард VIII хаан өөрийн хайртай америк бүсгүй Уоллис Симпсоноос салах хүсэлгүйгээ илэрхийлээд 10 хан сар эрх бариад 1936 оны арванхоёрдугаар сарын 11-нд хаан ширээнээсээ татгалзсанаар аав нь  хаан ширээ залгамжилж  10 настай Елизавета хаан ширээ залгамжлагчдын тэргүүн эгнээнд орсон юм байна.

Дэлхийн хоёрдугаар дайны үед 1940 оны аравдугаар сарын 13-нд 14 настай Елизавета анх удаа радиогоор үг хэлж Их Британийн хүүхдүүдийг дайны энэ  хүнд шалгуурын энэ үед эцэг эхчүүддээ  туслахыг уриалжээ.  Улмаар өөрөө 1945 онд Эмэгтэйчүүдийн тусламжийн корпуст элсч жолооч механик болсон байна. Ийн тэрбээр хааны гэр бүлээс армид алба хаасан анхны эмэгтэй болж олон түмний хайр талархал хүлээсэн юм.

Хаан Георг VI 1952 оны хоёрдугаар сарын 6-нд насан өөд болж Елтизаветаг хатан хаанаар өргөмжилсөн байна. Хатан хаан болох албан ёсны ёслол 1952 оны зургадугаар сарын 2-нд Вестминстерийн ордонд болж телевизээр дамжуулсныг 27 сая хүн үзжээ.

Хатан хаан өөрийн нөхөр Филипптэй 1939 онд 13 настай байхдаа танилцаж 1947 онд гэрлэсэн байна.

Елизавета, Филипп хоёр дөрвөн хүүхэдтэй. Хан хүүз Чарльз, ганц охин Анна, хан хүү Эндрю, бага хүү Эдвард.

Хатан хаан Елизавета II  дэлхийн хоёрдугаар дайны үед улс орноо удирдаж байгаад дараа нь 1951 онд дахин Ерөнхий сайд болсон Уинстон Черчилл хоёр халуун дотно харилцаатай байсан, 1955 онд чөлөөнд гарахад нь хатан хаан сэтгэлийн захидал бичиж өгч байжээ.

Харин 1979-1990 онд Засгийн газар тэргүүлж байсан Маргарет Тетчертэй бол нэлээд төвөгтэй харилцаатай байсан гэдэг. Тетчер Өмнөд африкийн бүгд найрамдах улсыг арьс өнгөөр ялгаварлах бодлогын нь төлөө хориг тавихаас татгалзаж байсан зэрэг гадаад бодлогод нь Хатан хаан сэтгэл дундуур байсан гэнэ.

Хан хүү Чарльз 1981 онд Диана Спенсертэй гэрлэсэн нь хатан хааны гэр бүлд нэлээд дуулиан тарьсан. Диана хатан хааныг парламентад үг хэлэхийн өмнө үсээ  чамин засуулсанд Елизавета II ихэд гомдсон гэдэг. Хатан хааны гэр бүлд олон сарын хугацаанд олон дуулиан болсон 1992 онд түүний хувьд хүнд жил байсан. Бага хүү Эндрю нь гэргий Сарагаас салж, бас охин Анна нь ч ахмад Марк Филиппсээс салсан байна. Энэ онд Винзорын шилтгээнд том түймэр ассан. Гэтэл 1996 онд Чарльз, Диана хоёр салж жилийн дараа Диана нь Парист автомашины ослоор амь үрэгдсэн.

Их Британид 2012 онд Елизавета II-ын хатан хааны суудалд суусны 60 жилийн ой болсон.

Хатан хааны нөхөр Филипп 2021 оны дөрөвдүгээр сарын 9-нд 100 насныхаа ойг тэмдэглэхээс хоёрхон сарын өмнө нас барсан юм.

Хатан хааны эрүүл мэнд эрс муудсан нь  2021 оны намар тодорхой болж тэрээр хэд хэдэн албан уулзалтыг өөрчилж, аравдугаар сард эмнэлэгт хэвтсэн байна.

Елизавета II  бол Их Британийн хамгийн гол бэлгэ тэмдэг, дэлхий дээрх хамгийн өндөр настай эзэн хаан байлаа. Түүний эрх барьсан хугацаанд маш олон дуулиант үйл явдал болж байсан ч хатан хаан шалгуур бүхнийг даван туулж, улс үндэснийхээ жинхэнэ эзэн гэдгээ харуулж байсан юм.