Балтийн орнууд Орос иргэдийн зорчихыг хязгаарлахаар тохиролцов

Дэлхийн мэдээ

Балти орчмын Латви, Литва, Эстони улсууд  өөрийн нутаг дэвсгэртээ орос иргэдийн зорчихыг  хязгаарлахаар зарчмын хувьд тохиролцоонд хүрлээ гэж Латвийн Гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевичс мэдэгдсэн байна. “Литва, Латви,  Эстони улсууд оросын иргэд энэ улсуудын хилээр дамжин Орос, Белорус руу зорчихыг хязгаарлах талаар зарчмын хувьд тохиролцоонд хүрлээ” гэж латвийн сайдын хэлснийг Рейтер агентлаг иш татсан байна.

Гэхдээ  энэ хязгаарлалт нь дипломатууд, ачааны тэрэгний жолооч нар болоод гэр бүлийн болон хүмүүнлэгийн чиглэлээр яваа  зорчигчдод хамаарахгүй гэжээ.

Орос иргэдийн зорчихыг хязгаарлах арга хэмжээг Балтийн гурван орон ойрын өдрүүдээс эхлэн мөрдөнө гэж Латвийн Гадаад хэргийн сайд онцлон тэмдэглэсэн байна.

Европын холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар өнгөрсөн долоо хоногт Чехийн нийслэл Прагад албан бусаар уулзах үеэрээ Оросын иргэдэд виз олгох тухай хэлэлцээрийн үйлчлэлийг зогсоох, олгох нөхцөл шаардлагыг өндөржүүлж, үнэтэй болгох асуудлаар ярилцсан юм. Польш, Балтийн орнууд, Финлянд ч Москвагийн эсрэг визийн хориг тавих асуудлыг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн ярилцах гэж байна.

 Европын холбооны энэ төлөвлөгөөний талаар ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова тус холбооны иргэдийн хоорондох “гүүрийг шатаах” ийм бодлогыг зүгээр өнгөрөөхгүй, хариу арга хэмжээ авна гэж заналхийлсэн юм.

Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ч бас Европын холбоо хэрвээ орос иргэдэд виз олгохоо хязгаарлах юм бол тэр улсуудын иргэд ч хил нэвтрэхдээ  хэцүү болно гээд энэ бол “Оросын эсрэг харилцааны бас нэг илэрхийлэл” гэсэн байна.