МАГАТЭ: Запорожийн атомын станц аюулын ирмэгт байна

Дэлхийн мэдээ

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг МАГАТЭ өөрийн нь шинжээчид Украины нутаг дахь оросуудын цэргийн хүчээр эзлээд байгаа Запорожийн атомын цахилгаан станцад ажилласан тухай тайланг нийтэлсэн байна. Эндэх гол гаргалгаа нь станц дахь нөхцөл байдал аюултай  хэмжээнд байна гэжээ.

Запорожийн атомын цахилгаан станц нь Европдоо томд орог, цөмийн зургаан реактортой станц юм. Оросууд энэ станцыг цэргийн хүчээр эзлээд хагас жил болж байна.

Энэ станцын байдалтай танилцъя гэж МАГАТЭ удаа дараа хүсэлт тавьсны эцэст НҮБ-ын түвшинд, Украин, Орос, Франц, Туркийн тэргүүнүүд бараг зуны туршид хэлэлцээр хийж байж, есдүгээр сарын 1-нд л  хараат бус шинжээчдээ оруулсан юм.

Уг атомын цахилгаан станцын дагуул хот Энергодар орчимд, цахилгаан станцын нутагт дэлбэрэлт өдөр бүр шахам болж байгаа. Оросууд болохоор Украины зэвсэгт хүчин гал нээлээ гэж буруутгадаг. Киев харин Кремлийн зүгээс “цөмийн терроризм” үйлдэж байна гээд энэ нь дэлхий дахинд заналхийлсэн аюул гэсээр ирсэн юм.

Хамгийн гол нь эндээс их хэмжээний цацраг идэвхит бодисын аюул нүүрлэж байна уу үгүй юу гэдэгт хариу өгөх явдал МАГАТЭ-гийн гол зорилго байлаа.

Шинжээчдийн тайланд юу дурдав

МАГАТЭ-гийн тайлан бол Украинд дөрөвдүгээр сарын 28-наас есдүгээр сарын 5-ныг хүртэл ажилласан олон улсын шинжээчдийн ажиглалтад үндэслэсэн тайлан.

Оросын цэрэг атомын цахилгаан станцыг эзэлсэн гуравдугаар сараас   нөхцөл байдал бүхий л чиглэлд муудсан байна гэж МАГАТЭ тэмдэглээд “цөмийн аюулгүй байдлын талаар долоон зөрчил”-ийг онцлон тэмдэглэжээ.

-       Станцын барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал зөрчигдсөн

-       Аюулгүй байдлын системийн ажиллагаа зөрчигдсөн

-       Ажилтнууд нь хүнд нөхцөлд байнгын дарамтад ажилладаг

-       Гадаад эх үүсвэрээс авдаг эрчим хүч тасалдсан

-       Нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан

-     Цацрагийн төлөвлөгөөт хяналт, онцгой байдлын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлууд үүссэн

-       Зохицуулагчидтай холбоо харилцаа тасалдсан

Баримт бичигт  МАГАТЭ-гийн шинжээчид есдүгээр сарын 3-нд Цахилгаан станцын районд буудалцаан болж байсныг үзсэн гэдгийг онцолсон байна. “Буудалцааны үеэр үүссэн гэмтэл, зарим нь реакторын байгууламжид ойрхон байгааг манай багийнхан ажигласан” гэж тайланд бичсэн байна.

 Цацаргийн хэмжээ станцын орчимд хэвийн хэмжээнд байгааг тайланд тэмдэглэжээ.

Буудалцааны үед цацраг идэвхит материалын аюулгүй байдал зөрчигдөж хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд муугаар нөлөөлөх вий хэмээн Комиссынхон сэтгэл түгшиж байгаа юм байна.

Олон улсын шинжээчид үүний зэрэгцээ  цахилгаан станцын ажилтнууд болох украины инженерүүд хэдэн сарын турш ажлын байран дээрээ байж биеийн болон  сэтгэл санааны хувьд оросын цэргийнхний байнгын дарамтад маш хүнд нөхцөлд ажиллаж байгааг тогтоожээ.

Галын аюулгүй байдал болон цацрагийн түвшинд байнга хийх мониторинг хамгийн ноцтой асуудал болоод байгааг энд онцлон тэмдэглэсэн байна.

Станцад оросын цэргийн техник бий юу

Оросын арми атомын цахилгаан станцад болон дэргэд нь цэргийн техникүүд байрлуулан байлдааны ажиллагаанд ашиглаж байна гэж Украины тал мэдэгддэг. Нэрээ нууцлахыг хүссэн нэг инженер энэ мэдээллийг баталсныг Би-би-си мэдээлсэн. Түүний хэлснээр бол украины зэвсэгт хүчнийг буруутгахын тулд  станцыг оросын цэргийнхэн өөрсдөө буудаж байгаа гэнэ. 

Москва болохоор энэ бүх буруутгалыг няцаадаг. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу есдүгээр сарын эхээр “станцад хүнд зэвсэглэл байхгүй” гэж мэдэгдэж байсан. “Оросын зэвсэгт хүчин эрчим хүчний чухал байгууламжаар халхавч хийн украины армийн зүг  алсын тусгалтай артиллерийн системээр  буудаж байна гэж Украины эрх баригчид илт худал мэдээлж байна. Атомын станцын нутаг дэвсгэрт  болон ойролцоох районуудад хүнд зэвсэглэл байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна” гэж тэр хэлсэн юм.

Тэд зэвсэг, төхөөрөмжөө станцын ойр байрлуулсан, Оросын армийнхан биднийг барьцаанд барьж байгаа гэж Запорожийн атомын цахилгаан станцын ажилтнууд ярьжээ.

Тус станцад очсон Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн  төлөөлөгчид тэнд Оросын цэргийн техник, цэргийн албан хаагчид байгаа тухай баримтыг бүртгэсэн боловч нарийн ширийн зүйлд анхаарлаа хандуулалгүй, энэ сэдэвт ганцхан өгүүлбэр зориулсан байна. Эндээ “Багийнхан оросын цэргийн албан хаагчид, тээврийн хэрэгсэл Запорожийн атомын цахилгаан станцын янз бүрийн байрлалд байгаагийн дотор цэргийн ачааны хэд хэдэн машин эрчим хүчний нэг, хоёрдугаар блокийн нэгдүгээр давхарт байгааг харсан” гэж тайланд бичжээ.

МАГАТЭ юу зөвлөж байна

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн томилсон хараат бус шинжээчид  өнөөдөртөө Запорожийн атомын цахилгаан станцад цацраг идэвхит бодисын аюулгүй байдалд нөлөөлөх ноцтой гэмтэл алга гэж тогтоосон байна. Буудалцааны улмаас дизель генератор, цахилгаан дамжуулах шугам л гэмтсэн байна гэжээ.

Гэхдээ буудалцаан үргэлжлэх юм бол нөхцөл байдал ноцтой хэмжээнд хүрч мэдэх юм. “Буудалцаан үргэлжлэх юм бол станцын тоног төхөөрөмж, амин чухал систем гэмтэж ноцтой үр дагаварт хүрч хүрээлэн байгаа орчинд цацраг идэвхит материал тархаж мэдэх юм. Ийм учраас Запорожийн атомын цахилгаан станцын аюулгүй байалд нөлөөлж мэдэх ямар нэг буудлагаас зайлсхийх шаардлагатай” гэж  МАГАТЭ онцолжээ.

Эзлэгдсэн Атомын цахилгаан станц Чернобылийг давтах уу

“Аюулгүй байдлыг хангах үүднээс атомын цахилгаан станц руу болон, түүний ойрын газар нутаг, энэ станцтай холбоотой байгууламж руу буудахыг нэн даруй  зогсоож станцын бүрэн бүтэн байдлыг хангах, найдвартай ажиллагааг хэвийн байлгахыг МАГАТЭ зөвлөж байна. Үүнийг ажиллагаанд оролцож байгаа бүх талуудад шаардаж байна” гэж энд дурджээ.

Мөн цахилгаан станцыг хэвийн ажиллуулах ажилтнууд хүрэлцээгүй байгаа өнөөгийн нөхцөлд украины ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлд онцгой анхаарыг зөвлөсөн байна. “Өнөөгийн байгаа нөхцөл нь цөмийн аюулгүй байдалд нөлөөлөх хүний алдааны магадлалыг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй юм” гэжээ.

Сонирхогч бүх талыг өөртөө хариуцлага хүлээж станцын аюулгүй байдлыг хангахад өөрийн хувь нэмрээ оруулан, станцын генераторуудад  шаардлагатай дизель түлш, техникийг оруулах тээврийн хонгил байгуулах хэрэгтэй гэж МАГАТЭ анхааруулсан байна.

Атомын цахилгаан станцын ач холбогдол

Оросын эрх баригчид  дэлхий дахиныг цөмийн терроризмоор дарамтлахын зэрэгцээ  атомын цахилгаан станцыг “хулгайлж” өөрийн өмч болгон эрчим хүч үйлдвэрлэхийг хүсч байна гэдэгт  Украины засгийн газар итгэлтэй байна. Өөрөөр хэлбэл Запорожийн атомын цахилгаан станцыг оросын эрчим хүчний системд холбож, эндээсээ Крым рүү эрчим хүч нийлүүлэх гэж байгаа гэнэ.