Камчаткт есөн уулчин амь алджээ

Дэлхийн мэдээ

Оросын алс дорнодод Камчатк дахь Ключевийн Толгод галт ууланд авирч байсан есөн жуулчин осолдож амь алдлаа хэмээн Мөрдөн байцаах хороо  мэдээлсэн байна.

“Камчаткийн хязгаарын Усть-Камчаткийн район дахь Ключевийн толгод галт ууланд авирч байсан есөн жуулчин амь үрэгдсэн хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна” гэж Мөрдөн байцаах хорооны мэдээлэлд дурджээ.

Хоёр хөтөчтэй арван жуулчин  энэ аялалд наймдугаар сарын 30-нд гарсан юм байна. Есдүгээр сарын 3-нд тэдний ес нь  Ключевийн толгод ууланд авирч эхлэхэд  гурав нь 3300 метрийн өндөр дэх бааздаа үлджээ. Амь эрсэдсэн жуулчид оросын Алтай, Примор, Камчаткийн хязгаар, Владимир, Новосибирск муж, мөн Москвагийн иргэд байжээ.

Өмнөх долоо хоногийн бямба гарагт таван хүн өндрөөс унаж амь алдсан бол нэг уулчин ухаан алдаж, хөтөч нь хөлөө хугаллаа гэж аврагчдаас тусламж эрэн анхны дуудлага өгсөн юм байна. Хязгаарын засаг захиргаа ням гараг гэхэд зургаан хүн нас барлаа гэсэн мэдээлэл өгсөн бол даваа гараг гэхэд өөр бас хоёр хүн нас баржээ.

Ключевийн толгод нь 4750 метр өндөртэй, Евроази дахь хамгийн өндөр идэвхтэй галт уул юм.  Одоо тэнд цаг агаар тун таагүй шөнөдөө хасах 14 градус хүрч байгаа бол салхины хурд 15 метр/секунд болж өндөр газраа цас орж байгаа юм байна.