БНХАУ хүч хэрэглэвэл Тайвань өөрийгөө хамгаалахад бэлэн

Дэлхийн мэдээ

Бээжингийн зүгээс хүч хэрэглэсэн тохиолдолд Тайвань өөрийгөө хамгаалах боломжтой гэж Тайванийн ерөнхийлөгч Цай Инвэнь мягмар гарагт мэдэгдлээ. “Тайвань өөрийн улс орноо хамгаалахад бэлэн, шийдвэр төгс байгаа, бас өөрийгөө хамгаалах боломжтой гэдгийг бид эсрэг талынхандаа ойлгуулах ёстой. Тайваньд довтлох юм уу, Тайвань руу довтлохыг оролдох юм бол энэ нь маш үнэтэй тусч, олон улсын хамтын нийгэмлэгээс хатуу сануулга авах болно” гэж хатагтай Цай Инвэнь цэргийн албан хаагчдын  өмнө үг хэлэхдээ онцолсон байна.

Тэр бас ардчилал ямагт аюулын өмнө байсаар ирсэн, гадны аюул заналхийлэл хэзээ ч  тасрахгүй байна гэжээ.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси аралд айлчилсны дараанаас Тайванийн эргэн тойрны нөхцөл байдал хурцдаад байгаа юм. БНХАУ энэ арлыг өөрийн нэг муж  гэж үзэн Пелосийн айлчлал нь  АНУ-ын зүгээс тайванийн салан тусгаарлах үзлийг дэмжиж байгаагийн илэрхийлэл хэмээн буруушааж, цэргийн өргөн хэмжээний сургуулилт хийж эхлээд байгаа юм.

БНХАУ-ын төв засгийн газар, Тайванийн арлын харилцаа 1949 онд иргэний дайны дараа Чан Кайши тэргүүтэй гоминданы намынхан арал руу зугтан гарснаас хойш муудсан юм.