Ж.Мөнхсолонго: Мэс засалд орж, эмчилгээ хийлгэх явцдаа цэрэг амь эрсэдсэн

Эрэн сурвалжлах

Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Энэ талаар тус ангийн захирагч Ж.Мөнхсолонго "Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2022 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирж, цэргийн алба хааж байсан иргэн нас барсан эмгэнэлтэй үйл явдал боллоо. Сонгинохайрхан дүүргээс татагдан ирж, алба хааж байв. Энэ оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс цэргийн албаны анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулагдаж, 15-ны өдөр дуусаж, тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон. 

Тухайн өдрийн оройноос буюу 22:00 цагаас хойш биеийн байдалд өөрчлөлт орж, ангийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн. Анхан шатны тусламж үйлчилгээ авсны дараа биеийн байдал хэвийн байсан. Зургаадугаар сарын 16-ны өглөө дахин эмнэлэгт үзүүлэхэд амин үзүүлэлтүүд хэвийн ч тодорхой шинж тэмдэгтэй байсан тул эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг хүргэж байгаад, 22:45 цагийн орчимд артерийн даралт доголдсон тул түргэн тусламж дуудаж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн юм. Тус эмнэлэгт зургаадугаар сарын 17-ны 07:00 цаг хүртэл мэс засалд орж, эмчилгээ хийлгэх явцдаа амь эрсэдсэн.

Бид зургаадугаар сарын 17-ны өдрөөс ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. Монгол цэргийн дүрмийн дагуу оршуулах хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр 05:45 цагаас зохион байгуулж, сая дууслаа. Манай анги байгууллагад офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын дунд цэргийн дүрмийн бус харилцаа байгаагүйг батлан хэлье" гэв.