Ирэх жил Улаанбаатар хотод Дэлхийн экспортыг дэмжих форум болно

Улс төр

Энэ өдрүүдэд Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн Гүйцэтгэх захирал Памела Коук-Хамилтон нар уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уг уулзалтаар цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбаатар хотноо 2023 онд хийхээр эцэслэн тохиролцов. Мөн ОУХТ-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил, экспортын чадавхыг дээшлүүлэх, үүнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтарсан арга хэмжээ зохион байгуулах саналыг тавив. ОУХТ-ийн Гүйцэтгэх захирал П.Коук-Хамилтон дээрх саналыг дэмжиж Дэлхийн экспортыг дэмжих форумын бэлтгэл ажлын хүрээнд ирэх есдүгээр сард Монгол Улсад айлчлахаа нотолж, цаашид Монгол Улстай хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээг өргөжүүлэх, эдийн засгийн хөгжлийн шинэ хуудас болоод буй ногоон эдийн засаг, цахим эдийн засгийг дэмжих, эдгээр салбарт бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж буйгаа илэрхийлэв.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 15 дугаар бага хурал Кот д’ Ивуар Улсын Абижан хотноо энэ сарын 9-20-ны өдрүүдэд боллоо. Бага хуралд 189 улсын 7000 орчим төлөөлөгч оролцож, конвенцын хэрэгжилтийн тайлан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн, бодлогын шийдвэрүүдийг батлав. Мөн Талуудын бага хурлын Бүгд хуралдаанаар 38 шийдвэрийн төсөл хэлэлцсэний дотор конвенцын Талуудын 16 дугаар бага хурлыг Саудын Араб Улсад, 17 дугаар бага хурлыг Монгол Улсад тус тус зохион байгуулах тухай шийдвэрийн төслийг гишүүн улсууд санал нэгтэй баталлаа. Конвенцод нэгдсэн улсуудын Засгийн газрын төлөөлөгчид цөлжилт, газрын доройтолтой тэмцэх чиглэлд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг сайшаан дэмжиж, байгаль орчны асуудлаар олон талт хамтын ажиллагааны хүрээнд санаачлагатай ажиллаж байгааг бага хурлын үеэр онцолжээ.