АУ-ны доктор Г.Чойжамц: Коронавирус хурдан мутацид орж буй нь вакцин бүтээх ажлыг хойшлуулж байна

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яамнаас баасан гараг бүр эрдэмтэн, судлаачдыг урьж коронавирустай холбоотой Монголд болоод дэлхийд өрнөж байгаа судалгааны ажлуудын талаар мэдээллийг хүргэж буй. Энэ удаагийн дугаарт АУ-ны доктор, профессор Г.Чойжамц оролцож, эмийн судалгааны талаар мэдээлэл өглөө.

Аливаа шинэ эмийг бүтээхэд маш их цаг хугацаа зарцуулдаг. Дэлхийн шинжлэх ухааны багцаалж буйгаар 500 орчим эрдэмтэд оролцож, 30 жил зарцуулж байж шинэ эм гардаг. COVID-19 халдварын эмчилгээнд хүчтэй үр нөлөө бүхий эмнүүдийг ашиглаж байна. БНХАУ болон Японд шинэ эм туршиж сайн үр дүн үзүүлж, нас барагсдын тоо буурсан үзүүлэлт байсан.

Коронавирусийн эсрэг вакцин гаргаж авахад дор хаяж хоёр жил шаардлагатай

 

COVID-19 цар тахлын судалгааны үр дүнгүүд нийтлэгдсээр байна. Үүнийг нээлттэй санд байршуулдаг.  Тиймээс хүссэн хүн бүр үүгээр дамжуулж мэдээлэл авч болно.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага COVID-19-ийн эсрэг эм, вакциныг түргэн гаргаж авахад анхаарлаа хандуулж ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан:

Тархвар зүй,

Урьдчилан сэргийлэх,

Эмнэлзүй,

Шинжлэх ухааны мэдээллүүдийг нэгтгэх зэрэг дөрвөн үндсэн чиглэлээр судалгаа хийж байна.

Коронавирусийн эсрэг хэрэглэж буй эм, вакцин хэр үр дүнтэй байна вэ?

Вирусийг устгах зориулалттай олон төрлийн эмийг үйлчилгээнд ашиглаж байгаа. Үр дүнг нь шууд тодорхойлох боломжгүй. Дэлхийн олон орны эрдэмтэд шинэ вакцин бүтээхийн тулд шаргуу ажиллаж байна. ДЭМБ ч энэ ажлыг дэмжиж байгаа. Коронавирусийн эсрэг вакцин гаргаж авахад дор хаяж хоёр жил шаардлагатай. Коронавирус хурдан мутацид орж байгаа нь вакцин бүтээх ажлыг хойшлуулж байна.