Илүү, дутуу нэр дугуйлбал саналын хуудас хүчингүй

Улс төр

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль маргааш /2020.06.24/ болно. Тиймээс сонгуулийн бэлтгэл ажил болоод цаг үеийн асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны/СЕХ/ Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


 –Цар тахлын үед бид анх удаа УИХ-ын ээлжит  сонгууль  зохион байгуулах гэж байна. Сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдав?

УИХ-ын сонгуулийг “Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль, тавдугаар  сард Засгийн газраас гаргасан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавирусний халдвар /КОВИД-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх” журам, Улсын Онцгой комиссоос гаргасан зөвлөмжийн  хүрээнд зохион байгуулж байна.  Энэ жилийн УИХ-ын сонгууль цар тахлын үед зохион байгуулагдаж байна гэдгээрээ ихээхэн онцлог учраас төрийн бусад байгууллагуудын оролцоо их өндөр байна. Тухайлбал, Улсын онцгой комисс, Онцгой байдлын Ерөнхий газар /ОБЕГ/, Эрүүл мэндийн яамд сонгуулийн бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллаж байгаа.  Ялангуяа сонгогчийн санал авах байруудад хүн хоорондын зайг 1.5 метр байх дүрмийг баримтлахаар том байр сонгох, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, сонгогчийг нэг дор бөөгнөрүүлэхгүй байх тал дээр анхаарч байна. Тиймээс  иргэд өглөө, оройд нэг дор бөөгнөрөхгүйгээр өөрийн боломжтой цагаар аль болох эртхэн саналаа өгөх хэрэгтэй. Ерөнхийдөө  санал авах үйл  ажиллагааны бэлтгэл ажил  бүрэн хангагдсан. Өнөөдрөөс эхлэн /2020.06.23/ зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааа эхэлж байгаа.Үүнд:

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй,
  • Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа,
  • Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан,
  • Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон,
  • Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн саналын хайрцгаар саналаа өгнө.  

Өөрөөр хэлбэл, санал авах үйл ажиллагаа эхэллээ гэж ойлгож болно. СЕХ-оос 2070 хэсгүүд дээр санал тоолох төхөөрөмжүүд болон саналын хуудсыг бүрэн хүргүүлж дууссан. Бүх хэсгүүд дээр санал хураалтын дүнгээ дамжуулж чадаж байгаа эсэх, төхөөрөмж тээвэрлэлтээр очиж байгаа учраас тухайн тээвэрлэлтийн үед эвдрэл гэмтэл гарсан эсэхийг нягтлан шалгах турших ажиллагааг зургадугаар сарын 20-ны өдөр явуулсан. Бүх хэсгүүдээс дүн мэдээлэл ирж байна. Энэ удаагийн сонгуулийн санал хураалтын дүнг  өмнөх жилүүдийнх шигээ  шууд дамжуулах бөгөөд  бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гадна СЕХ-оос сонгуулийн дүнг шууд дамжуулна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр гурван өдөр дараалж дуу цахилгаантай бороо орно гэж мэдээлсэн. Өнгөрөгч амралтын өдөр гэхэд  Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд  үер бууж, үерийн улмаас айлууд болон авто зам усанд автаж, иргэд усанд боогдсон шүү дээ.  Тиймээс үер усанд боогдсон иргэдийн сонгуульд саналаа өгөх нөхцөл байдлыг яаж  хангах вэ?

Өмнөх УИХ-ын сонгуулиар ч мөн адил хөдөө орон нутагт иргэд  үер усанд боогдох, өвөл орон нутгийн сонгууль явагдаж байхад цаснаас болоод зам даваа хаагдах үед ОБЕГ-аас тодорхой арга хэмжээг авч ажилласаар ирсэн  ОБЕГ-аас усны түвшин өндөртэй газрууд дээр тусгай завьт эргүүлүүд гарч ажиллуулж байгаа бөгөөд үүнд орон нутгийн удирдлагууд  анхаарч ажиллаж байгаа гэдгийг  мэдэгдмээр  байна. Ер нь ганц энэ удаагийн сонгуулиар бороо устай байгаа юм биш шүү дээ. Сонгууль бүрээр ийм асуудал гардаг.

-Улс төрчдийн зүгээс “ Иргэдийн санал өгөх хугацаа хэтэрхий урт байна. Нэг сонгогч саналаа өгөхөд дунджаар 7-10 минут зарцуулахаар тооцоолол гараад байгаа учраас санал өгөх  сонгогч бүр саналаа өгч амжихгүй” гэж мэдээлж байсан. Ер нь нэг сонгогч саналаа өгөхөд хэдэн минут зарцуулахаар байна?

-Энэ жилийн сонгууль цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа учраас иргэдийн халууныг шалган, гарыг нь ариутгуулж, хүмүүс хоорондын зайг барьж ажиллана.  Улс төрчдийн зүгээс нийт сонгогчдын тоог нэг сонгогч санал өгөх минутаар шууд үржүүлж гаргаад байгаа юм. Угтаа бол  санал авах байранд иргэдийн санал өгөх процесс тасралтгүй үргэлжилнэ. Сонгогч төхөөрөмж дээр саналаа уншуулахад гурван секундийн л хугацаа шаардагддаг.

Сонгогч санал өгөх байранд орж халуунаа үзүүлээд, гараа ариутгаад  саналаа өгөөд гарах хүртэлх хугацаанд хэдэн минут шаардагдахаар байгааг бид урьдчилаад туршиж үзэхэд дунджаар таван минут байсан. Тиймээс ч УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дагаж мөрдөнө гэсэн зааварчилгааг бүх хэсгийн хороодод өгсөн.

СЕХ НЭГ Ч НЭР ДЭВШИГЧИЙГ БАРИВЧЛАХ ЦАГДАН ХОРИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГООГҮЙ

 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авсан зургаан нэр дэвшигч шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байна. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-ын 1-д зааснаар СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр тухайн нэр дэвшигчийг цагдан хорих, эрхийг нь хязгаарлахгүй гэх  зохицуулалтт бий. Харин шүүхээс СЕХ-нд ямар ч албан бичиг ирээгүй гэсэн үү?

-СЕХ-д ирсэн албан бичиг болон шаардлага бүрт  тухай бүрт нь хариуг нь өгөөд явдаг. УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авсан зургаан нэр дэвшигчийг саатуулан шалгахыг хүссэн нэг ч бичиг СЕХ-нд ирээгүй. Мөн дээрээс нь СЕХ нэг ч нэр дэвшигчийг баривчлах цагдан хорих зөвшөөрөл олгоогүй гэдгийг албан ёсоор хэлье.   Өчигдөр /2020.06.22/ 10.00 цагт СЕХ-ны байран дээр сонгуульд оролцож байгаа бүх нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ерөнхий менежерүүдтэй уулзалт хийсэн. Энэ уулзалтын үеэр ч  СЕХ өөрсдийн  байр сууриа илэрхийлсэн.

– Тэгэхээр хууль зөрчин дээрх  нэр дэвшигчдийг саатуулсан болж таарч байна уу?

-Шүүхийн байгууллагаас үүнийг тайлбарлахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь  сонгуультай холбоогүйгээр өмнө нь эхэлсэн учраас СЕХ-оос зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзсэн гэсэн   хариу тайлбарыг өгсөн. Монгол Улс УИХ-ын сонгууль  явуулж эхэлсэн цагаас хойш буюу 1992 оноос хойш 30 жилийн түүхэнд СЕХ нэр дэвшигчийг цагдан хорих зөвшөөрлийг аль ч байгууллагад олгож байсан түүх байхгүй.

-Сонгогчдод анхааруулах, сануулж хэлэх зүйл юу байна?

-Сүүлийн үед цагдаагийн байгууллагад  хүмүүсийн овог нэр, регистрийн дугаарыг цуглуулж  байна гэсэн мэдээлэл их ирж байна. Иргэний үнэмлэх дээрх иргэний мэдээллүүд хаалттай мэдээлэл буюу хувь хүний нууцад хамаарна.

Ямар нэгэн аргаар хувь хүний мэдээллийг олж авлаа гэхэд хэнд санал өгч байгааг нь мэднэ гэхчлэн  сонгогчдыг төөрөгдүүлж байна. Үүнийг сонгогчоос өөр хэн ч мэдэх боломжгүй.

Дээрх үйл ажиллагааг  сонгогчдын саналыг худалдаж авахад чиглэсэн хууль бус ажиллагаа буюу Эрүүгийн хуульд заасан сонгууль будлиантуулах гэмт хэрэг гэж үзэх хангалттай үндэслэл болно.   Үүнээс гадна санал тэмдэглэх заавартай холбоотой нэг зүйлийг анхааруулж хэлье. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд томсгосон тойрог олон мандаттай болж байгаа учраас таны оршин суугаа тойрог чинь  хоёр мандаттай бол хоёр нэр дэвшигчийг,  гурван мандаттай бол гурван нэр дэвшигчийг дугуйлна. Хэрэв мандатын тооноос нь илүү дугуйлах юм бол  саналын хуудас хүчингүй болж санал тоолох төхөөрөмж уншихгүй. Эсвэл дутуу дугуйлах юм бол санал тоолох төхөөрөмж уншихгүй буцаагаад гаргачихна. Энэ тохиолдолд сонгогч мандатын тоонд нь гүйцэт нэмж дугуйлаад дахиж уншуулах боломжтой.

Түүнээс биш аль нэг намын гурван  нэр дэвшигчийг бүхэлд  дугуйлж байж хүчинтэй болно гэсэн үг биш. Хүссэн хоёр, гурван нэр дэвшигчийг дугуйлна.