АНУ-аас маргааш 260 орчим иргэн ирнэ

Улс төр

Дэлхийн өнцөг булан бүрээс Монголдоо буцах хүсэлт гаргасан 11.600  гаруй иргэн байна. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж буй. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хилээ хааснаас хойш 10 мянга орчим иргэн эх орондоо ирснийг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн.  Цар тахлын улмаас улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоосон ч Засгийн газраас хилийн чанадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ шат дараатай татан авч байгаа юм. Тэднийг тусгай нислэг болон газраар татан авах ажлыг шат дараалан зохион байгуулсаар байна.

Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд  зургадугаар сарын 21-ны өдөр  Монгол Улсын Засгийн газраас АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгслийг хүргэх онгоц АНУ-г зорьсон. Уг онгоцоор тус улсаас эх орондоо ирэхээр хүсэлт гаргасан 250-260 иргэн ирэх бөгөөд тусгай үүргийн онгоц  маргааш /2020.06.24/ Улаанбаатарт газардах аж.

Дашрамд дурдахад, ирэх сард таван удаагийн тусгай үүргийн нислэг хийнэ. Үүнд: 

  • Долдугаар сарын 2-нд Сөүл,
  • Долдугаар сарын 5-нд Токио,
  • Долдугаар сарын 7-нд Сөүл,
  • Долдугаар сарын 9-нд Истанбул,
  • Долдугаар сарын 15-нд Сөүл /транзит/ хот руу нислэг үйлдэнэ.

Мөн БНХАУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 164 иргэнийг ойрын хугацаанд Дорноговь аймгийн  Замын-Үүд хилийн боомтоор татан авах юм.

Зургадугаар сард хийгдсэн тусгай үүргийн нислэгүүдээс дурдвал,

  • Зургадугаар сарын 6-7-нд шилжих шөнө Австрали улс руу анх удаа онгоц хөөргөж Сидней хотоос иргэдээ татан авчирсан. Уг нислэг замдаа Филиппин Улсын Сэбү хотод түр зогсон сумлах хугацаандаа тэнд гацаад буй 29 иргэнийг авсан бөгөөд нийт 262 иргэн эх орондоо ирсэн.
  • Зургадугаар сарын 10-нд Бүгд найрамдах Казахстан улсаас монгол иргэдээ авчрах тусгай үүргийн нислэгээр 184 хүн эх орондоо ирсэн.
  • Зургадугаар сарын 11-нд   Токио хотоос монгол иргэдээ авчрах тусгай үүргийн нислэгээр   258 иргэн эх орондоо ирсэн.
  • Зургадугаар сарын 13-нд Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 258 иргэн эх орондоо ирсэн.  Уг нислэгээр Энэтхэг улсын Лао  хотоос 229 ламхай, зургаан лам багш, зургаан иргэн багтсан бөгөөд тусгай үүргийн нисэх онгоц Лаос  улсад гацсан 10 иргэнээ татан авчирсан юм.
  • Зургадугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 257 иргэн эх орондоо ирсэн
  • Зургадугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн.
  • Зургадугаар сарын 20-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 256 иргэн эх орондоо ирсэн.
  • Зургадугаар сарын 21-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн транзит нислэг нислэгээр Зүүн өмнөд Азийн 8 орноос 265 иргэн эх орондоо ирсэн.