Японд “хөдөлгөөн бүртгэх” аппликейшныг ашиглаж эхэлнэ

Дэлхийн мэдээ

Япон Улсад “хөдөлгөөн бүртгэх” аппликейшныг зургаадугаар сарын 19-ний өдрөөс ашиглаж эхэлнэ. Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, шинэ төрлийн коронавирусний асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура өчигдөр хэвлэлийн бага хурал хийж шинэ төрлийн коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “19-ний өдрөөс Токио хотын эргэн тойрны Чиба, Сайтама, Канагава мужууд болоод Хоккайдо мужруу иргэдийн орж, гарах хөдөлгөөнийг чөлөөтэй болгож байгаатай холбогдуулан иргэд маань “хөдөлгөөн бүртгэх” ухаалаг утасны аппликейшн ашиглах боломжтой болно” гэжээ.

Ерөнхий сайд Ш.Абэ энэ талаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийж төлөвлөгөөний дагуу 19-ний өдрөөс онц байдлын зэргийг нэг шат бууруулж байгаагаа зарлав. Чингэснээр 19-ний өдрөөс эхлэн зарим томоохон арга хэмжээнээс бусад буюу 1000 хүртэл хүн цуглах үйл ажиллагааг зохион байгуулж болохоор болж байгаа бөгөөд орон нутаг хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалт цуцлагдаж байна. Мөн хөлбөмбөг, сагсан бөмбөг, бэйсбол зэрэг мэргэжлийн спортын лигийн тоглолтууд үзэгчгүй зохион байгуулагдаж эхлэх төлөвлөгөөтэй байна. Түүнээс гадна Ерөнхий сайд Ш.Абэ “Цаашид эдийн засгийн үйл ажиллагааг сэргээх үүднээс Вьетнам, Тайланд, Шинэ Зеланд, Австрали зэрэг гадаад улсаас ирэх болон зорчих хөдөлгөөнийг цаашид үе шаттайгаар нээх чиглэл баримталж байна” гэв.

Шинэ тохиолдлын тоо Токио хотод дахин 40-өөс дээш гарав. Япон Улсын “Эн-Эйч-Кэй” агентлагийн 18-ны өдрийн 17:00 цагийн мэдээллээр Токио хотод энэ өдөр шинэ төрлийн коронавирусын халдвар авсан нийт 41 хүн тогтоогдож, нийт тохиолдлын тоо 5674 болов.

Хоккайдо мужид зургаадугаар сарын 18-ны өдөр 5 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 1 бүртгэгджээ. Ингэснээр тус мужийн нийт тохиолдлын тоо 1189, нас барсан хүний тоо 93 болжээ. Канагава мужид 18-ны өдөр 6 шинэ тохиолдол бүртгэгдэв. 

Эх сурвалж: Токио дахь Монгол Улсын ЭСЯ