Мадагаскарт нээсэн шинэ зүйлийн аалзыг Грета хэмээн нэрлэжээ

Дэлхийн мэдээ

Байгаль орчны төлөө дуу хоолойгоо өргөгч Шведийн Грета Тунбергийн нэрийг хамгийн сүүлд шинээр нээсэн нэгэн зүйл, олзоо олохын тулд тор нэхдэггүй анчин аалзанд өгчээ. Германы ахмад арачнологич буюу аалз судлаач Петер Жагер дээрх нээлтийг хийн, өөрийн санаачлагаар Грета хэмээн нэрлэсэн аж. Грета Тунберг нэртэй шинэ зүйл аалз Мадагаскарт олдсон бөгөөд Жагерийн тайлбарласнаар Спарассид овогт харьялагддаг шинэ зүйл анчин аалз гэнэ.

Анчин аалзнууд бусад аалз шиг тор нэхэж, олз ирэхийг хүлээж суулгүй, өөрийн хүч, хурдаараа ан хийж, хооллодогоороо хамгийн онцлог аж. Ийнхүү шинээр нээсэн аалзаа Грета хэмээн нэрлэсэн нь байгаль орчны өөрчлөлт Мадагаскарын аалзнуудад хүндээр нөлөөлж байгаад олны анхаарлыг хандуулах давхар зорилготой гэнэ.

Грета аалз бол сүүлийн хорин жилд олж нээсэн хэд хэдэн зүйл аалзнуудын нэг юм. Үүнээс өмнө 2008 онд нээсэн нэгэн аалзыг нүүрнийх нь онцлогоос шалтгаалан Дэвид Боуи хэмээн нэрлэж байсан ажээ.

Эх сурвалж: RT.COM