ЭМЯ: Хоёр оюутан эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ

Нийгэм, Эдийн засаг

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.11/ мэдээлэл хийж байна. Тус яамны мэдээлснээр ажиглалтад 263 хүн шинээр орж 1638 хүн тусгаарлалтад байна.

Нурсултан УБ чиглэлийн нисэх онгоцоор 170 зорчигчдоос гурван хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. ЗӨСҮТ-ийн баг 3065 ачаа тээш, найман автобус, онгоцыг ариутгаж халдваргүйжүүлсэн. Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 4442 иргэнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

ЭМЯ-ны 24 цагийн  119 шуурхай утсанд иргэдээс 129  дуудлага иржээ. Гадаадын Индонез, Швед улсаас гурван  иргэн холбогдож коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө авсан байна.

ХӨСҮТ-д өчигдөр нийт 374 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэхүү шинжилгээнд ачаа тээврийн жолооч, тусгаарлалтад байгаа хүмүүсийн давтан шинжилгээ, тандалтын шинжилгээнүүд хамаарч байна. Өнөөдөр ХӨСҮТ-ээс хоёр оюутан эдгэрч, дараагийн хяналт руу шилжсэн байна.