Өнөөдөр 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны ажиглалт руу шилжлээ

Нийгэм, Эдийн засаг

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 8-нд ХӨСҮТ-ийн лабораторид 20 шинжилгээ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 20 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Дорноговь аймагт тусгаарлагдсан дөрөв, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй.

Өнөөдөр сайн мэдээтэй. 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс 18-25 насны оюутнууд бөгөөд тав нь цэргийн сургуулийнх, тав нь Алтанбулаг боомтоор орж ирсэн хүүхдүүд байна. Тэдний дөрөв нь эмэгтэй, зургаа нь эрэгтэй.

Өчигдөр Сидней-Улаанбаатарын онгоцоор 262 зорчигч ирсэн. Үүнээс хоёр зорчигчийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Цэргийн төв эмнэлэгт 15 хүнийг тусгаарлаж, бусад хүмүүсийг тусгаарлах байруудад байрлууллаа. Эдгээр иргэдээс сорьц цуглуулах ажил өнөө өглөө эхэлсэн. Маргааш хариуг нь гаргаж танилцуулна.

Швейцарын ROCHE компанийн энэ оны тавдугаар сараас үйлдвэрлэж эхэлсэн 20 минутад эсрэг бие илрүүлдэг 400 оношлуурыг Сетунари компани манайд хандивлаж өглөө. Энэ оношлуурыг ашиглаад үр дүнг нь бусад оношлууртайгаа харьцуулан ажиллана" гэв.

Монгол Улсад коронавирусийн халдварын  батлагдсан тохиолдол 194 болсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 85 хүн эдгэрч, 109 хүн эмчлүүлж байна.