Хаврын тариалалт улсын хэмжээнд 73.4 хувьтай байна

Нийгэм, Эдийн засаг

ХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнгөрсөн амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллаж хаврын тариалалтын явцтай танилцсан байна.

Манай улс энэ онд 384.2 мянган га-д үр тариа, үүнээс 356.8 мянган га-д улаанбуудай, 38.2 мянган га-д малын тэжээл, 41.0 мянган га-д тосны ургамал, 14.9 мянган га-д төмс, 9.2 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 478.0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн. Гэвч цар тахлын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан хаврын тариалалтыг 15-20 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. 

Өнөөдрийн байдлаар хаврын тариалалт улсын хэмжээнд 73.4 хувьтай үргэлжилж байна.

Тодруулбал, үр тарианы тариалалт 83.6 хувь, үүнээс улаанбуудай 87.8 хувь, төмс 87.4 хувь, хүнсний ногоо 56.7 хувь, малын тэжээл 20.1 хувь, тосны ургамалын тариалалт 40 хувьтай байна. Ихэнхи нутагт улаанбуудайн тариалалт дуусч, малын тэжээл, тосны ургамлын тариалалт эрчимжсэн байна.

Дэлхий нийтийг хамарсан Covid-19 цар тахлын улмаас онцгой дэглэм тогтоосон энэ үед ХХААХҮЯ улаанбуудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн таримлын тариалалтыг нэмэгдүүлэх, газар тариалангийн салбарт ажлын байрыг хадгалах, газар тариалангийн гаралтай бараа бүтээгдэхүүний хангамж нөөцийг нэмэгдүүлж дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангахын тулд хаврын тариалалтыг нэмэгдүүлэхээр тариаланчид, ногоочидтой хамтран ажиллаж байгаа юм.

Төв аймгийн хувьд энэ жил үр тариа 87,7 мянган га-д, үүнээс улаанбуудай 78,5 мянган га-д, төмс 7,8 мянган га-д, хүнсний ногоо 1,6 мянган га-д, таримал тэжээлийн ургамал 11,5 мянган га-д, тосны ургамал 10,5 мянган га-д тариалахаар төлөвлөжээ. Аймгийн хэмжээнд хаврын чийг хаалтын ажлыг 26730 га талбайд, хийж, аймгийн хэмжээнд үр тарианы тариалалт 68,3 хувьтай, улаанбуудай 64,8 хувь, тосны ургамал 24,3 хувь, төмс 99,6 хувь, хүнсний ногоо 36,0 хувьтай үргэлжилж байгааг Төв аймгийн ХААГ-ын дарга Б.Жамбалдорж танилцуулав.